“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэр
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ, тус компанийн ажилтан Б.Түмэндэлгэр, Г.Дэлгэрбаяр нар өчигдөр мэдээлэл хийсэн талаар бид мэдээлсэн.
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ээлжийн мастер Б.Түмэндэлгэртэй уулзаж байр суурийг нь сонслоо.
-Та бүхэн ямар учраас мэдээлэл хийх болов. Энэ асуудлыг компанийн ажилчид бүгд дэмжиж байгаа юу?
-Бид өнөөдөр компанийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг газар дээрээ байдал ямар байгаа зэрэг үнэн бодит мэдээллийг хүргэхээр хэвлэлийнхэнд хандсан. Үүнээс өөр сонголт бидэнд байгаагүй. Учир нь сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нийгэмд муу муухайгаар төсөөлүүлж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон мэтээр ташаа мэдээллийг цацаж, үүгээрээ халхавч хийж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувь тавиланг “Энержи Ресурс” компанид өгөхөөр шийдвэрлэснийг бид дуугүй хараад сууж чадахгүй болоод ийнхүү хэвлэлийнхэнд хандсан юм. Энэ байдлыг манай компанийн бүх ажилчид дэмжиж байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компани Чалкод өгөх ёстой 140 сая ам. долларын өр нэлээд удсан нь бас танайхыг ашиггүй ажиллаа гэх хардлагад оруулсан байх л даа. Энэ өрийг хэзээ барагдуулах боломжтой гэж үзэж байгаа вэ?
-Ямар ч компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ тэгээс буюу нэгээс эхлүүлдэг. Гэтэл манай компани улс төрийн 350 сая долларын өртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид компанийнхаа үйл ажиллагааны гаргасан зардалаас гадна тэр өрийг харьцангуйгаар төлж 140 орчим сая долларын өрийг үлдээсэн. Энэ нь уул уурхайн салбарт их хэмжээний өр биш л дээ.
Чалкогийн өрийг зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрснээс төлөх гэрээ хийгдсэн байдаг юм. Харин компани Баруун цанхийн уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр нэлээд ашигтай ажилласан. Тиймээс Чалкогийн өрийг бэлэн мөнгөөр болон өрөндөө тооцож нүүрсээ нийлүүлдэг байсан.
Энэ онд бол нүүрс, бэлэн мөнгө өгөөгүй. Гэхдээ үлдэгдэл өрийг дөрвөн сая тонн нүүрсээр дарах бүрэн боломжтой. Одоогоор компанийн агуулахад хоёр сая гаруй тонн нүүрс байгаа. Нэмж хоёр сая орчим тонн нүүрс олборлоход бэлэн болсон. Тэгэхээр энэ бол асуудал биш байгаа биз.
-Та бүхэн одоо ер нь нүүрсний борлуулалт хийж байгаа юм уу?
-Яг бол бүр зогсчихоогүй, бага хэмжээгээр борлуулалт хийж байгаа.
-Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байгаа гэх мэдээлэл гараад байсан?
-Манайхыг цалингаа тавьж чадахгүй, дампуурах гэж байгаа гэх мэдээлэл бүгд худлаа. Энэ бүх мэдээлэл бидний хэлээд хардаад байгаа “Энержи Ресурс” компанид манайхыг өгөх гэсэн далд явуулга л гэж ойлгоод байна. Ер нь манай уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Цалин ч цаг хугацаандаа тавигдаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н цалин хоногтоо харьцуулсан цалингаараа улсдаа нэгдүгээрт орно шүү.
-Нууц биш бол хэдэн төгрөгийн цалинтай вэ?
-Дийлэнх ажилчдын сарын үндсэн цалин нь нэг сая 200 мянга. Бусад хувьсах цалингаа нэмэхээр нэг сая зургаан зуун мянга орчим төгрөгийн цалин авдаг.
-Танай компани өнөөдрийн байдлаар хичнээн ажилтантай байгаа вэ. Үйлдвэрийн орчинд хөдөлмөрийн чадвар алдсан осол эндэгдэлгүй ажилласан гэж байсан. Үүнийг тодруулаач?
-“Эрдэнэс Тавантолгой” компани нь 600 гаруй ажилтантай. Туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудыг оруулбал 3000 гарна. Манай компани өнгөрсөн жил үйлдвэрлэлийн салбарт ч осол авааргүй ажиллаж чадсан. Ийм тодорхой үр дүнгүүд бусад уул уурхайн компанитай үлгэр жишээ болох учиртай биз дээ.
-Та бүхэн цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэдэг гарцыг яаж хараад байгаа юм бэ. Үнэхээр боломж байгаа юу?
-Бид боломжтой гэхээсээ илүүтэй олон тэрбум төгрөгийн өртэй байсан компанийн үйл ажиллагааг хэвийн явуулаад чадсаар ирсэн болохоор цаашид ч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Манай компани улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээгээрээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дараа буюу хоёрдугаарт жагсдаг.
Тухайлбал 2013 онд татварын санд 40 тэрбум төгрөг, 2014 онд 56 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Үүнээс гадна улсын татварын санд 107 тэрбум төгрөгийн илүү төлөлттэй явж байгаа.
Ийм компанийг хувьчлахгүйгээр цаашид үйл ажиллагааг нь төрөөс дэмжин явуулах бүрэн боломж байгаа. Гэтэл өрөндөө баригдсан “Энержи Ресурс” компанид хөрөнгө оруулагч нэрээр луйварын шинжтэйгээр манай компанийг үнэгүйдүүлж өгөх гэж байгаад үнэхээр харамсаж байна.
-“Энержи Ресурс” компани танай уурхайг зах зээлээс хасах төлөвлөөтэй ажиллаж байгаа талаарх яриа байдаг. Ер нь танай хоёр компани нэлээд өрсөлдөөнтэй ажилладаг юм шиг ээ?
-Манай компани нүүрсний үнэ буурсан ч гэсэн борлуулах нүүрснийхээ хэмжээг өсгөж, зах зээлд нийлүүлж байгаа. Энэ нь “Энержи Ресурс” компанийн өөрийнх нь зах зээл цохиолтонд ороход нөлөөсөн гэж бид ойлгож байгаа. Та бүхэн газар дээр нь очоод үзвэл бүхнийг ойлгох болно.
-Та бүхэн “Энержи Ресурс” компанийг яагаад сөргөөр хараад байгаа юм бэ?
-“Энержи Ресурс” компанийн өөрийн санхүүгийн тайлангаас харахад өөрийн хөрөнгийн үнэлгээ нь 400 орчим сая доллар байгаа юм. Гэтэл бондын төлбөрт 600 сая доллар, гадаад өр нь 570 сая доллар нийт нэг тэрбум 700 сая долларын өртэй байтал манай компанид хөрөнгө оруулагчаар орж ирж байгаа нь үнэхээр үндэслэлгүй хэрэг болоод байгаа юм шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байгаа биз дээ.
Грек улс өөрийн хөрөнгө болон гадаад өрийн харилцаа 170 хувьд хүрэхэд Европын холбоо Грек улсыг дампуурсан гэж үзсэн байдаг юм билээ. Гэтэл “Энержи Ресурс” компанийн өр болон өөрийн хөрөнгийн харьцаа 293 хувьд хүрч бараг дампуурсан гэж хэлж болохоор компанид Монголын ард түмнийг 100 жил тэжээх ордыг луйврын шинж чанартай үйл ажиллагаа явуулж, УИХ-ын хэсэг бүлэг гишүүдийг лоббидож авах гэж байгаад харамссан жирийн уурхайчин хүмүүсийн төлөөл болж л бид энд дуу хоолойгоо нэгтгэж байна.
-Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компани “Энержи Ресурс”-ийн мэдэлд очвол хамгийн наад зах нь ямар хүндрэл үүсэх бол?
-Манай компани ажилтнуудаа 14 хоног ажиллуулж, мөн хугацаанд амраадаг. Энэ гэр бүлийн тогтвортой байдал, үр хүүхэддээ анхаарал тавих гээд нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөөтэй учир ажилчид сэтгэл хангалуун байдаг.
Харин “Энержи Ресурс” компани ажилчидаа 20, 14 хоногоор ажиллуулдаг. Энэ нь ажилтнуудаа 168 цаг илүү ажиллуулдаг гэсэн үг юм. Энэ байдал ч гэсэн манайханд тохиолдоно гэж бодож байна.
-Та бүхний мэдээлэл хийж байгаа энэ асуудлыг удирлагууд чинь мэдэж байгаа юу. Тэд ер нь энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Удирдлагын зүгээс бол төсөв санхүүгийн тал дээр биш ч гэсэн бодлогын хувьд дэмжиж байгаа. Харин ажилчид бол компаниа авч үлдэхийн төлөө бүхий л талаар дэмжиж туслаж байгаа даа.
-Цаашид та бүхний шаардлагын хүлээж авахгүй, гэрээ хийгдчихвэл та бүхэн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?
-Бид лицензийн талбай руугаа оруулахгүй гэж бодож байгаа. Ер нь ард түмний өмч, өөрсдийн амьдралаа холбосон уурхайнхаа ирээдүйн төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэх болно.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Уурхайчид бид чадна гэсэн хөдөлгөөн байгуулж “Өрөөлийн тавьсан өрийг бид өөрсдийнхөө үр хүүхдүүдийн ирээдүйгээр төлөхгүй” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж, ард түмнийг биднийг дэмжиж байх гэдэгт итгэлтэй байгаа. Газрын тухай хуулийг татаж чадсан шигээ Тавантолгойн ордын луйврын гэрээг ч гэсэн эргүүлэн татаасай л гэж хүсч байна даа.
Сэтгэгдэл (23)