Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх гэрээг баталсан тухай олон улсын хэвлэлүүд онцолжээ. 30 жилийн гэрээг эцсийн байдлаар батласнаар байгалийн хийг Монголоор дамжуулж магадгүй гэсэн горьдлого үгүй боллоо.
Оросын Төрийн Дума өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-ны өдөр хоёр талын хэлэлцээрийг батлахыг дэмжсэн бөгөөд таван өдрийн дараа Холбооны зөвлөл буюу Дээд танхим уг гэрээг хийхийг зөвшөөрсөн юм. Энд үлдсэн ганц асуулт нь байгалийн хий нийлүүлэхдээ хаагуур дамжуулах вэ гэдэг байв.
Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д нийлүүлэх хийгээ Сибирийн хоолой буюу зүүн замаар дамжуулахаар гарын үсэг зуржээ. Тодруулбал, Оросын Благовещенск болон Хятадын Хэйхо хотын ойролцоо Амур мөрний дээгүүр хийн хоолой тавих асуудал яригдахаар болсон байна.
Ингэснээр ОХУ 2018-2048 он хүртэл жил бүр 38 тэрбум шоо метр байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэхээр боллоо.
Дэлхийн хоёр томоохон гүрэн олон жилийн турш яригдсан ч зөвшилцөлд хүрч чадахгүй байсан олон тэрбумын төслөө баталсныг барууныхан атаархангуй, таагүй хүлээн авч байна. Тухайлбал, “Форбес” сайт энэхүү үйл явдлыг Украины хямралтай холбогдуулан Европын холбоо, АНУ хориг тавьсны улмаас эдийн засгийн хямралд унасан Москва төрийн өмчит Газпромыг Хятадад түшиглүүлэх ээлжит шийдвэрээ баталлаа хэмээн онцолжээ.
Эрчим хүч нь Оросын эдийн засгийн хамгийн том сектор бөгөөд нийт экспортын гуравны хоёрыг эзэлдэг аж. Харин БНХАУ бол дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Тиймээс талуудын үзэглэсэн гэрээг Орос, Хятадын хэвлэлүүд төгс зохицол хэмээн тодорхойлжээ.
Газпром 2013 оноос хойш энэ асуудлаар БНХАУ-тай эрчимтэй хэлэлцсэн боловч байгалийн хийн үнэлгээнд санал нийлэхгүй байсан тул олон жил сунжирсан юм. Гэвч хоёр талын хоёрдагч хүрээллийн байгалийн хийн компаниуд арваад жилийн өмнөөс тодорхой төслүүд дээр хамтарч ажилласаар ирснийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Хятадын Үндэснийн нефьтийн корпораци Новатекийн гол төсөл Арктик ЭлЭнЖи-гийн 20 хувийг эзэмшдэг.
ОХУ, Хятадын хооронд тавихаар төлөвлөж байсан байгалийн хийн хоолойг Монгол улс өөрийн улсын нутаг дэвсгэрээр дайруулахыг хүсч байсан. Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан тавивал 1000 км-ээр товчлох тул манай нутгаар дамжуулах магадлалтай хэмээн найдаж байсан юм. Хэрвээ энэ мөрөөдөл бүтсэн бол Монголын эдийн засагт ихээхэн ашиг ирэх байсан.
Хоолой Монголоор дайрбал нүүрсний хэрэглээнээс болж агаарын бохирдол хамгийн аюултай хэмжээнд очсон Улаанбаатар хотыг хийн халаалттай болгох боломж нээгдэх тухай яригдаж байсан билээ.
Гэвч хоёр том хөрш маань биднийг тоосонгүй. Хятад улс хийн хоолойг хүн ам шигүү суурьшсан, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж буй зүүн хэсэг рүү тавихыг хүсч байгаа юм хэмээн олон улсын мэргэжилтнүүд дүгнэжээ. Тиймээс урд хөрш байгалийн хий жинхэнэ хэрэглэгчдэдээ очихын тулд урт зам туулах зардлыг, 1000 км хэмнэх ашгийг ч үл ойшоосон байна.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (47)