Энэтхэгийн Уттар Парадеш мужид 14, 15 настай эгч дүү хоёрыг цагдаа нар бүлэглэн хүчиндэж, хоолойг нь багалзуурдаж хөнөөгөөд цогцсыг нь модонд өлгөсөн аймшигтай хэрэг гарчээ. Энэ аймшигт хэрэг 22 минутын дотор болж өнгөрсөн аж. Хохирогчдын цогцсыг маргааш нь олжээ. Энэ хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Цагдаа нар хохирогч охидыг хайхад дорвитой алхам хийхгүй байсан хэдий ч эцэст нь өөрсдөө үйлдсэн болох нь тогтоогджээ. Эрх баригчид харгис цагдаа нарын хоёрыг нь баривчилсан бол энэ хэрэгт гурван хүн оролцсон гэж үзэж байна. Тэднийг хүний амь насыг хэрцгийгээр хөнөөснөөс гадна хэргийг нуун дарагдуулах гэж бүлэглэн хуйвалдсан хэмээн ял оноохоор болжээ. Насанд хүрээгүй охидыг тамлан зовоосон хэргийг Уттар Парадешийн иргэдээс гадна Энэтхэг даяар жигшин зэвүүцэж эсэргүүцлээ илэрхийлээд байна. 2012 онд Дели хотод автобусанд хүчиндүүлж, амиа алдсан 23 настай бүсгүйн хэрэг нийгмийг цочирдуулж, үймээн дэгдээж байсан. Энэтхэгт хүчингийн хэрэг тогтмол гардаг ч ар гэрийнхэн нь нуун дарагдуулсанаар харгис этгээдүүдийг улам өөгшүүлдэг байна. 1,2 тэрбум хүн амтай Энэтхэгт хүчингийн хэрэгтнүүдийг цаазаар авах хуулийг өнгөрсөн онд батласан ч хэргийг таслан зогсоож чадсангүй.
Сэтгэгдэл (4)