Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлт ирэх гуравдугаар сарын 21-нд "тохионо". "Тохионо" хэмээн тодотгосны учир нь манай улсын эдийн засаг доройтож дээрх долларын өрийг данснаасаа шууд шилжүүлчих боломжгүй байгаа төдийгүй өдгөө ганц нэг хүн хандив цуглуулан нэмэрлэх гэсэн ядмаг шийдэлтэйгээр өдөр хоногийг өнгөрүүлж байгаад хамаг учир байгаа юм. Тиймээс Монголчуудын хувьд гуравдугаар сарын 21 чухал өдөр болж түүхэнд тэмдэглэгдэх нь.
Төр засаг эргэн төлөлтийн асуудлыг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээс хамаарч шийднэ гэж байгаа. Энэ асуудлаар ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад гурав хуваагдан ирж байгаа аж. Тухайлбап, эхнийх нь өчигдөр Монголд газардсан бол дараагийнх нь өнөөдөр ирнэ Харин үлдсэн хүмүүс ням гаригт ирэх юм гэсэн.
Нэг, хоёр гүүр давсан нэгжгээд болон хосгүй баячууд энэ аянд идэвхтэй нэгдэх аваас 580 сая ам.доллар ч асуудал биш байх.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлж байгаагаар бол 580 сая ам.долларыг төлөх 2-3 хувилбар яригдаж байгаа аж. Мөн ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн хүрээнд ч асуудлыг ярьж байгаа бөгөөд эдгээр гурван хувилбарын аль нэгээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг хугацаанд нь төлнө гэнэ.
Гэхдээ одоогоор Сангийн сайдын хэлсэн 2-3 хувилбар нь иргэдэд тодорхой биш, албан хүрээнд л яригдаж байгаа учраас баттай төлөгдөх эсэх нь эргэлзээтэй.
Харин Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын эхлүүлсэн хандивын аянд эх орноо гэсэн иргэдийн хэн нь ч нэгдэх боломжтой. Гэхдээ сөхөрсөн эдийн засагтай манай улсын хүн амын дийлэнх нь өөрсдийгөө яая гэж байгаа нь нууц биш. Зүйрлэн хэлбэл 1990-ээд онд монголчуудыг хуйлруулж, гудамжинд ганц ч хүнгүй болтол нь цуглуулж байсан "Халтар царайт" кинон дээр гардаг баян хоосны ялгаа манайд жинхэнэ утгаараа бүрэлдсэн. Дээдсийн хүрээлэн саарал ордныг тойроод Зайсан руу чиглэнэ. Тийм биш гэж мэтгэвэл Толгойт, Баянхошуу, Дэнжийн 1000, Их бага нарангаас баячуудыг олоод ир л дээ.
Ямар сайндаа л "нэг гүүр давбал нэжгээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян болжээ" гэх хоржоонтой үг гарч байхав дээ. Тиймээс нэг, хоёр гүүр давсан нэгжгээд болон хосгүй баячууд энэ аянд идэвхтэй нэгдэх аваас 580 сая ам.доллар ч асуудал биш байх. Дийлэнх нь оффшортонгууд. С.Баярцогт дансандаа мартсан 1 сая ам.доллар мартаж байна гэхээр бусад нь хэдийг мартаж, хэдийг дарсан байх вэ.
Уржигдар 10 сая төгрөг, алтан бөгж, 10 адуутай эхэлсэн энэ аянд УИХ-ын 2 гишүүн нэгдлээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 саяыг хандивлахаа албан ёсоор мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь одоохондоо хэдэн төгрөг хандивлахаа мэдэхгүй байгаа. Учир нь нөхрөөсөө асууна гэсэн юм билээ.
Мөн Моннис 100 сая, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 30 сая төгрөг тус тус хандивлаж байгаа юм гэсэн. Гэхдээ улсдаа өгч дансанд нь орсон хойно өглөө гэхгүй бол бас л барьцгүй л дээ. Яагаад гэвэл их дуулианы мөрөөр "ПОП"-рох дуртай одууд манайд олон бий.
Асуудлын эхэнд ард түмнийхээ талд зогсдог Ж.Батзандан, О.Баасанхүү, О.Магнай, Г.Уянга нар сураг байдаггүй
Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын эхлүүлсэн энэ аянд тэр даруй манай эх оронч нөхдүүдийн цуваа үл тасрах жим болж өргөжинө гэж бодож байсан маань талаар боллоо. Асуудлын эхэнд ард түмнийхээ талд зогсдог Ж.Батзандан, О.Баасанхүү, О.Магнай, Г.Уянга нар сураг байдаггүй. Уг нь ард түмнийхээ талд баттай зогсож, эх орноо элэг зүрхэндээ цуг авч явдаг, ачааны хүндийг үүрсэн гол хүмүүс юмсан.
Мөн УИХ-ын гишүүн Б.Наранхүүд төр засаг маань ичиж зовж, нэрэлхэлгүйгээр хэлэх л хэрэгтэй. "Наранхүү, нааш нь хэдэн сая доллар шидчихээрэй" гэж. Б.Наранхүү гишүүн өөрийн халааснаас аймгийнхандаа орон сууц, машин, мотоцикль, гурил, будаа за тэгээд өгч болохоор юу л байна өгсөөр байгаад бэлэнчлэх сэтгэлгээнд сургачихсан юм байх. Үүнээс нь болоод түүнийг нутагтаа очихоор захын нэг эмгэн л “Эмээдээ нэг машин шидчих” гээд амар заяаг нь үзүүлдэггүй талаар мань хүн өөрөө хэлсэн шүү дээ. Тэгэхээр Б.Наранхүү гишүүн төр засагдаа нэг биш нэгжгээд сая доллар шидчих байх гэж найдлага байна.
За тэгээд сүүлдээ цайгаад ирэхээр нэг нэгдэхгүй, хоёр хоёрдохгүй, гурав гуравдахгүй, дөрөв дөрөвдөхгүй, тав тавдахгүй гээд өсөн нэмэгдэж үржин тэлсэн хандивын аяндаа идэвхтэй оролцоорой, Монголчууд Солонгосчуудаас дутах юу байхав.
Улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд 300 кг алтыг олон нийтийн дунд өрнүүлсэн аяны хүрээнд цуглуулжээ.
1997 онд болсон Азийн Санхүүгийн хямрал Өмнөд Солонгос улсад хүнд цохилт болж, харин тэд хямралыг хурдан даван туулах боломжийг зоригтой эрэлхийлсэн нь амжилтанд хүргэсэн түүхтэй.
Тухайн үед улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд 300 кг алтыг олон нийтийн дунд өрнүүлсэн аяны хүрээнд цуглуулжээ. Улс орон даяар өрнөсөн энэхүү аяныг “Даевүү”, “Самсунг”, “Хьюндай” зэрэг томоохон бизнесийн группууд эхлүүлсэн байна. Мөн жирийн ард иргэд өөрсдийн алтан эдлэлүүдээ хандивлаж, олон улсын зах зээлд гаргаж, худалдахаар хайлуулж байсан юм.
Гэрийн эзэгтэй нар хуримын бөгжөө өгч, тамирчид алтан медаль, цом, 60 насны төрсөн өдөр, эсвэл шинэ бизнес эхлүүлэхэд бэлэг болгон өгдөг уламжлал бүхий азын алтан түлхүүрүүдээ хүртэл өгч байсан гэдэг юм.
Тухайн үед Сөүл хотод айлчилсан ОУВС-гийн захирал Мишель Камдессю тус улсад өрнөж байсан үйл явдлыг “үнэхээр гайхамшигтай” хэмээн дуу алдаж байсан гэдэг юм билээ.
Солонгосчууд, тэдний ирээдүй ОУВС эсвэл олон улсын хөрөнгө оруулагчдын гарт байгааг мэдэрч байсан хэрэг. Тэд хямрал тус улсыг живүүлэх аюулыг мэдэрч байсан учраас, магадгүй өв уламжилж ирсэн, үнэт эдлэлүүдээ хүртэл өгч, өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахыг хүссэн байх. Монгол улс ч өдгөө үүнтэй яг адилхан нөхцөл байдалд ороод байна. Монголчуудын ирээдүй ОУВС эсвэл олон улсын хөрөнгө оруулагчдын гарт байна.
Анхандаа алт цуглуулах аян хэр үр дүнгээ өгөх талаар ямар ч төсөөлөл байгаагүй юм. Харин зохион байгуулагчдын хэлснээр Солонгосчууд хувьдаа бараг 20 тэрбум долларын өртөг бүхий алтыг хадгалж, эзэмшиж байжээ. Энэ нь ОУВС-аас авах тусламжийн зээлийнх нь гуравны нэг нь Солонгосчуудад байсан гэсэн үг юм. Далайд дусал нэмэр гэж энэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)