Сүүлийн 24 цагийн дотор улаанбурхан өвчний 21 тохиолдол шинээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан Өмнөговь, Дундговь аймгууд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цахимд шилжүүлээд байгаа юм. Энэ асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Сургууль хаа гэсэн ямар ч зөвлөмж гараагүй байхад Дундговь, Өмнөговийн Засаг дарга нар хичээлийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн явдал. Хичээл хэвийн үргэлжилна. Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг харна. Мэдээж УОК-той ярилцаж, цаашид ямар арга хэмжээ авахаа шийднэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг 2 тун вакцинд хамрагдсан, хамрагдалт сайн орон гэх дүгнэлт гаргасан.
Сурагчдын хичээлийг сүүлийн 10 гаруй жил ямар нэгэн шалтгаанаар хааж ирлээ. Янз бүрийн байдлаар цахим руу шилжүүлж ирлээ. Тиймээс энэ байдалд бид цэг тавих цаг болсон. Хичээл сургуулийг номер нэгт тавьдаг байдал руу орох ёстой.
Өмнөговь, Дундговь аймгууд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цахимд шилжүүлсэн тогтоол хууль бус учир хүчингүй" гэв.