Маргааш 16:00 цагт зарлан мэдүүлэх дуут дохиогоор ажиллах талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр газар хөдлөлтийн үед юунд анхаарах талаар дараах мэдээллийг өглөө.
Аймаг, нийслэлд байршуулсан газар хөдлөлтийн үед цугларах талбайг тэмдэглэсэн хаягийг сэргээж, арчлан тайлбарлан таниулж байхыг хүсэв. Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн үед цугларах 242 цэг талбай байдаг агаад мэдээллийн дуут түгшүүрийн дохио гурван удаа дуугарна.
Тэрбээр, "Эхний удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед аюулгүйн цэгт буюу бат бөх ширээ, даацын хананы дэргэд суу, нуугд, хүлээ зарчмыг дагана.
Хүчтэй газар хөдөлж, байшин барилга ганхаж байхад гүйж болохгүй. Барилгын нэг давхарт болон хаалгатай ойр байгаа тохиолдолд гүйж болно.
Аюулгүйн цэг нь дээрээс унаж байгаа зүйлийг доороос нь тулж, тэгнэн амьд үлдэх боломжтой болгож буй орон зай юм. Энэ нь даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэрэг байж болно. Иймд гэр, албан байгууллагынхаа аюулгүйн цэгийг мэддэг байх хэрэгтэй.
Хоёр дахь удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед байгаа газраасаа гараад баруун гар талаа бариад ханаа дагаж, цувж алхан аюулгүйн цугларах цэг талбай дээрээ очоорой.
Аюулгүйн цэг талбай руу очихдоо гүйхгүй, ярихгүй, буцахгүй, түлхэхгүй гэсэн дөрвөн зарчмыг баримтлах хэрэгтэй. Хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж ганцаараа сөрөх биш хамтдаа байх зарчмыг дагах хэрэгтэй.
Аюулгүйн цэг талбай гэдэг нь задгай талбай юм. Гадагш гарахдаа дээрээс нурах зүйл, гэрлийн шон зэргээс зайтай байх хэрэгтэй" гэв.
Өрхийн болон хувийн бэлтгэл гэж юу вэ?
Газар хөдлөлтийн үед юунд анхаарах талаар нэгдсэн мэдээллийг belenbai.mn цахим хуудаснаас авч боломжтой.