2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Харин гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу нийт дөрвөн өдөр санал авахаар тогтоожээ. Иймд гадаад улсад суугаа иргэд хэрхэн сонгуульд оролцох тухай дараах мэдээллийг хүргэж байна.
Нэг. Хэзээнээс гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг нь авч эхэлсэн бэ?
Манай улс гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг хамгийн анх Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулиар хувь тэнцүүлсэн хэсэгт сонгогч нам, эвслийг дэмжиж саналаа өгөх боломжтойгоор зохион байгуулжээ. Үүнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017, 2021 оны ээлжит сонгууль гээд нийт дөрвөн удаагийн сонгуульд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулсан аж.
Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 45 салбар комисст 7400 шахам сонгогч бүртгүүлснээс 75.3 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн тоон баримт бий.
Хоёр. Санал авах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг вэ?
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулж ажилладаг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан байдаг. Мөн гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комисс 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө байгуулагдах журамтай. Салбар комиссыг хоёр, эсвэл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах юм.
Гурав. Хэрхэн бүртгүүлэх вэ?
Гадаад улсад байгаа иргэн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны 6 дугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газар (манай улсын Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар)-т мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.
Дөрөв. Гадаад улсад суугаа иргэдийн санал өгөх процесс Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай юу?
Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс бага зэргийн ялгаатай.
Нэгдүгээрт, Урьдчилан бүртгүүлнэ. Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Саналын хуудсаа дугтуйлж битүүмжилнэ. Сонгогч зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэгэнд тухайн Улсынхаа цагаар 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгнө.
Тав. Санал хураалтын өдөр хэрхэн саналаа өгөх вэ?
Санал авах байранд сонгогчийн иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж саналын хуудас, дугтуйн хамт өгдөг байна. Сонгогч санал тэмдэглэх бүхээгт орж саналын хуудас дээрх зааврын дагуу саналаа тэмдэглэж дугтуйд битүүмжлээд саналын хайрцагт хийж саналаа өгнө.
Д.Батчулуун