Таван минут. Энэ бол малчин Б.Эрдэнэчулууны сумын төв рүү эхнэр хүүхдээ хүргэж өгдөг хугацаа. 108 улаан халзан үхэртэй болох зорилго тавьсан түүний хувьд өвөлжөөгөө маш цэмцгэр тохижуулсан нь цахим орчинд олон хүний талархлыг хүлээж буй.
Фитнесст явж, уураг, хувцас хэрэглэлд мөнгөө зарцуулдаг байсан залуу одоо боломж л олдвол сайн үржлийн морь, үхэр, техник хэрэгсэл худалдаж авахыг эрмэлзэх болсон.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс холгүйхэн тариа тарьж, үхэр, адуу тэжээн, 108 улаан халзан цөм сүрэгтэй болох зорилго тавин зүтгэж буй малчин Б.Эрдэнэчулуунтай уулзаж, цөөн хором яриа дэлгэлээ.
Уул уурхайн механикч мэргэжилтэй, хотод өссөн залуу хөдөө амьдрахаар зориг шулуудан, монголын гурав дахь хүйтэн суманд эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна.
Ганцхан цагийн дотор л сумын төвийн бүх ажлаа амжуулдаг болохоор хотод яаж амьдарч байснаа гайхдаг гэсэн түүний яриа уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ.
-Малчдын хамгийн завгүй цаг үед бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа
-Энэ өвөл хаа сайгүй л зудтай, цас их орсон ажил ихтэй жил болж байна. Гэхдээ төрөлх нутагдаа ажиллаж амьдарч байгаа учраас сэтгэл арай тэнүүн байгаа.
-Хотод хэр удаан ажиллаж амьдарч байгаад нутагтаа ирэв?
-Өвөрхангай Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. 2000 оны эхээр манайх Улаанбаатар руу шилжээд, ерөнхий боловсролын сургуулиа хотод төгссөн. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийг уул уурхайн механикч мэргэжлээр суралцаж дүүргэсэн юм.
Миний хувьд мэргэжлээрээ ажиллаагүй. 2016-2022 онд тээвэр зуучийн компанид гаалийн мэргэжилтнээр ажилласан. Ингээд 2022 оны хоёрдугаар сард ажлаасаа гараад хөдөө амьдрахаар ирээд байна.
-Сүүлийн үед залуус хөдөө амьдрах сонголт хийх болсон. Таны хувьд яагаад Хархорин суманд нүүж ирж амьдрах болов?
-Багаасаа морь унаж, хонь хариулж, малд ойр, хайрлаж өссөн. Тиймээс хөдөө амьдрах сонголт хийхэд хэцүү байгаагүй ээ.
-Олон хүн хөдөө амьдрахыг зорьж хүсдэг ч тэр бүр шийдэж чаддаггүй шалтгаан нь ажлын байр. Өөрийн тань хувьд хөдөө ирээд хийх ажлаа яаж сонгосон бэ?
-Манай нагац ах, эгч хоёр газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийг үүсгэн байгуулсан. 10 жил болж буй “108 төгөл” ХХК юм. Өвөө маань ч энд ажиллаж амьдарч байсан. Хөдөө ирээд энэхүү аж ахуйг хариуцан ажиллуулж байна. Хотод стресс, түгжрэлд бухимдаж, утаанд гэр бүлээрээ хордож байхаар хөдөө амьдаръя гэж зорьсон. Газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхийн хажуугаар хагас эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна.
Тавдугаар сараас 11 дүгээр сар хүртэл газар тариалангийн ажлаа хийдэг. Энэ хугацаанд үхрээ хашаанаасаа бэлчээрт гаргадаг. Үхэр сүрэг маань олон төрлийн эмийн ургамалтай өвс ногоогоо иддэг. Улаанбуудай, тослог ургамал, малын 3-4 төрлийн тэжээл тарьдаг. 11 дүгээр сард талбай дахь ургамлаа хураасны дараа үхрээ хашаанд нь оруулдаг.
Нутгийн хувьд эрс тэс уур амьсгалтай учраас 12 дугаар сарын сүүлээр үхрээ тэжээж эхэлдэг.
-Өвөлжөө хэрхэн барьж тохижуулсан талаараа хуваалцахгүй юу? Эрчимжсэн мал аж ахуйг уламжлалттай хослуулахаар зорьж буй нь сонирхол татаж байна?
-Миний хувьд 108 шилмэл үхэртэй болох зорилготой. Ийм хэмжээний үхэр багтаахын тулд томоохон өвөлжөө хэрэгтэй. 2022 оны өвөл нэг өвөлжөө барьсан юм. Мал маллах туршлага бага учраас адууны хашаа шиг зүйл барьчихсан. Харин өнгөрсөн намар сэргээн засварлаад урагш нь сунгасан. Хана руу нь нар тусдаг байхаар шийдсэн юм. Одоо бол тохижуулж чадсан.
- 108 цөм сүрэгтэй болох зорилго биелэхэд хэр дөхөж байна даа?
-Анх монбилиард үүлдрийн таван охин тугал эрлийз үнээ нийлсэн 20 гаруй үхэр байсан юм. Манайх хотоос нүүж ирээд бүх үхрээ бордож тэжээгээд, үхрээ тугалуулж, нэмээд 20 гаруй үхэр авсан. Сайн үнээ, цэвэр цусны бух мөн худалдаж аваад байгаа.
Манайх одоогоор 60 гаруй үхэртэй. 20 орчим тугалтай байснаас ганц, хоёрыг нь зараад, бэлгэнд өгөхийг нь өгөөд одоо 15 орчим улаан халзан тугалтай үлдсэн.
Сэлэнгийн улаан халзан үүлдэр гэдэгтэй адил Хархорины 108 улаан халзан цөм сүргийг бий болгохоор зорьж байна.
-Санаж явахад бүтэх сайхан зорилго байна. Үхэр нь сүүний чиглэлийнх учраас цагаан идээгээр тасардаггүй байх?
-Зүүн аймгийнхан ихэвчлэн үхрээ саадаггүй. Манайх бэлчээрийн зургаан сард үхрээ тогтмол саадаг. Малтай мөртлөө цагаан идээгүй байна гэдэг муухай шүү дээ. Хамаатны хөгшин хүмүүс ч бас байдаг учраас аль болох сүү цагаан идээгээр таслахгүйг хичээдэг. Малын буян их учраас ашиг шимээ өгч л байна.
Мах сүүний хосолмол ашигтай учраас манай үхэр сүүний гарц сайтай. Цэвэр монбилиард үхэр энэ хавар тугална. Хавар торниун том тугал гарах төлөв ажиглагдаж байна.
Төв аймгийн суманд байгаа цэвэр монбилиард үхэрнээс нэг саахад 20 орчим литр сүү гардаг. Харин манай үхэр хагас эрчимжсэн учраас ийм хэмжээний сүү гарахгүй ч дор хаяж нэг удаа саахад 12 орчим литр гарах байх.
-Үхрээ эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн үү?
-Үхрийн аж ахуй эрхлэх ажил одоо л манай суманд эхэлж байгаа. Сэлэнгэ болон зүүн аймгийн чиглэлийн үхрийг хараад л өөрийнхөө үхрийн үнэ ханшийг тооцоолдог. Өмнөх жил нэг сая төгрөгөөр үхрээ борлуулсан. Идэшний үеэр 20 орчим үхэр худалдсан.
Малчид маань одоогоор эрчимжсэн мал аж ахуй эрхэлж эхлээгүй байна. Яваандаа нэвтрэх болов уу. Манай хувьд энэ оны гуравдугаар сараас тугалаа 3 сая төгрөгөөр зарна. Эр тугалууд эргэлтийн хөрөнгө болж байгаа. Таван тугал зараад 15 сая төгрөгтэй болсноор ажилчдынхаа цалинг өгч, урсгал зардлаа төлөх боломж бүрдэж байгаа юм.
-Эрчимжсэн мал аж ахуй эрхэлж эхэлснээс хойш ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна вэ?
-Хоёр жилийн хугацаанд 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Зундаа 7-8 үнээгээ нэг саахад 40 орчим литр сүү авдаг. Цагаан идээгээ ах дүү нартаа өгөөд бас худалддаг. Ер нь хөдөлмөрлөж л чадвал малын ашиг шимийг байнга хүртэх боломжтой. Өвөл хавартаа энэ хавьдаа ганц шинэ тараг, өрөмтэй, цагаан идээтэй айл нь манайх.
Хөрөнгө оруулалт гэснээс 20 гаруй настай байхдаа фитнесст их явж, хувцас авахад мөнгөө их зарцуулдаг байлаа.
-Өмнө нь фитнесст явж хувцас хэрэглэл авахад мөнгө их зарцуулдаг байсан гэлээ. Одоо тэгвэл?
-Хөдөө ирснээс хойш газар тариалангийн техникт их шунадаг болсон. Мөнгө л байвал сайн үржлийн мал авах сонирхолтой болсон доо /инээв/ Морь, үхэр, техник гуравт л мөнгөө зарцуулчих гээд байдаг. Үхрээс гадна 80 орчим адуутай. Хурдан морь уядаг.
- Хусуур түрүүлж, хөхөл, сүүл боож, морь уяна гэдэг хөдөлмөр их орох ажил шүү?
-Тэгэлгүй яах вэ. Өглөө эрт босох, морь болгонд таарсан маллагаа, өвс тэжээлийг тааруулж өгөхөөс эхлээд олон ажил бий. Энэ зун уралдуулах гээд 45 орчим адуу тэжээж байна. Үхэр, адуугаа тэжээгээд баасыг нь арилгаад завгүй л өдрүүд өнгөрдөг. Гэхдээ завгүй байх сайхан.
2009-2016 он хүртэл Булган аймагт морь уясан. Сумын болон аймгийн алдартын болзол хангасан байсан.
-Түгжрэлгүй газар амьдарч байгаа хүн хот орохоор бухимдаж байна уу?
-Саяхан хот ороод хоёр хоноод ирсэн. Түгжрэлд нь ажил бүтэхгүй, түлшинд дараалалд зогсоод таарсан. Хотод амьдарч чадахааргүй болсон байна.
Манай хүүхэд хотын үеийнхнээсээ хамаагүй том биетэй. Ханиад томуу тэр бүр хүрээд байдаггүй.
-Сумандаа сайхан амьдрах талаар сошиал орчинд бусдад их уриалдаг юм шиг санагдсан?
-Хүн юуг хүсэж байна, боломж байна гэж харж байгаа газар руугаа зориглоод зүтгэх л хэрэгтэй гэж бодож явдаг.
Хархорин сум 18,000 орчим хүн амтай. Томоохон хэмжээний сум учраас ямар ч бизнес эрхэлсэн ашигтай. Аялал жуулчлал сайн хөгжсөн учраас дагаад ямар ч төрлийн аж ахуй эрхэлж болно. Өөрөө зориглоод бизнес эрхэлбэл хөдөө боломж дүүрэн байна. Мал маллаад ч сайхан амьдарч болохоор байна.
-Өмнөх жил өөрийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэнд баяр хүргэе. Хархорины хөдөө аж ахуйн шилдэг залуугаар шалгарсан байна. Залуу хүний хувьд урам дүүрэн байна уу?
-Амьдарч байгаа газраа хамгийн сайн нь байхыг хичээдэг. Шартай ч гэх юм уу /инээв/ Миний маллаж байгаа үхэр сүрэг таваарлаг, хашаа хороо нь цэмцгэр, шим сайтай өвс тэжээл идэх ёстой гэж бодож, өдөр бүр хичээдэг.
Хотод хүмүүс өнгө үзэмжээрээ өрсөлддөг шиг хөдөө хүмүүс малынхаа тоо толгойгоор өрсөлдөх тал бий. Харин миний хувьд тоонд биш чанарт анхаарч байгаа. Тиймээс миний зүтгэлийг үнэлсэнд залуу хүний зүгээс урамшсан.
-Хийж байгаа ажилдаа хичээл зүтгэлээ шингээж, эргээд аз жаргалыг мэдэрнэ гэдэг сайхан л даа?
-Тийм шүү. Идэшний үхрийг хүртэл авч байгаа хүнд нь маш гоё цэвэрхэн эвдэж төхөөрч өгдөг. Миний хийж байгаа ажлаас хүн сэтгэл ханамж авч байвал болоо доо гэж боддог. Намар малчдад өвсөө зах зээлийн үнэ 12,000 төгрөг байхад 10,000 төгрөгөөр худалддаг.
Бид зөвхөн ашиг харж амьдарч болохгүй. Амьдралд өөр утга учиртай зүйл олон бий шүү дээ.
Т.Өлзийбаяр
Сэтгэгдэл (1)