Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа "шүд угаах арга болон нэмэл бүтээгдэхүүн" сэдвийн хүрээнд Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямаас тодрууллаа.
-Шүд угаах арга болон тэдгээрийн онцлогийн тухай дурдвал?
-Шүд угаахдаа хөрөөдөх, цагариг, шүүрдэх гэсэн гурван янзын хөдөлгөөн хийдэг. Нэгт, сойзоо буйл шүднийхээ тэнхлэгтэй 45 градус байрлуулаад шүүрдэж угаах арга. Хоёрт, мөн байрлалаас цагираг хөдөлгөөн хийж угаана. Буйл шүдний хооронд байх эрүүл хөндийг цэвэрлэх зорилготойгоор сойзыг 45 градус байрлуулж буй юм.
Миний хувьд үйлчлүүлэгчид цагариг хөдөлгөөн хийх аргыг илүүтэй зөвлөдөг. Энэ бол дэлхий нийтээр хэрэглэж байгаа хамгийн түгээмэл арга.
Харин шүдний таслах ирмэгийг хөрөөдөх хөдөлгөөнөөр угаана. Түүнчлэн дээд үүдэн шүдийг дээрээс доош чиглэлд, доод үүдэн шүүдийг доороос дээш чиглэлд шувтрах хөдөлгөөнөөр угаана. Ингэхдээ зөвхөн шүдийг угаагаагүй, буйл шүдний харилцаж буй хэсгийг цэвэрлэснээр нянгийн агууламж буурч, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Шүүрдэх арга нь буйлны үрэвсэл, шүд хоорондын зайтай хүмүүст тохиромжтой.
-Шүдээ сойзоор угаасны дараа шүдний утсыг хэрэглэх шаардлагатай юу?
-Шүдний утас бол шүд угаахад шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Энэ нь бариултай, бариулгүй, арааны, үүдэн шүдний гэх мэт иштэйгээ харилцах харилцаанаас шалтгаалан янз бүр байдаг.
Шүдний завсрын утас хоорондоо номероор ялгагдана. Үүдэн шүд, араа шүдний харицах зай өөр өөр байдаг учраас нэг хүнд 2-3 өөр хэмжээтэй завсрын сойз, утас хэрэг болдог гэсэн үг.
Хүмүүс ихэнхдээ урт нарийн утсыг хэрэглэхээс төвөгшөөдөг. тиймээс иштэй утсыг хэрэглэж болно. Тухайн утсыг хэрэглэхдээ шүдний тэнхлэгийг дагуулж оруулахгүй, эгц дээрээс нь дарснаар буйланд ачаалал өгдөг. Энэ нь буйлыг шамруулах эрсдэлтэй.
-Шүд угаах нэмэлт бүтээгдэхүүний тухайд?
-Нэмэлт бүтээгдэхүүнд завсрын чигчлүүр орно. Шүдний чигчлүүр, завсрын сойз нь шүдний бүрээс болон импланттай хүнд хамгийн тохиромжтой.
Буйланд массаж хийх, шүдний завсрыг цэвэрлэх зорилго бүхий waterpik буюу усаар цацах арга ч байдаг.
Зажилдаг оо, сойз гээд төрөл бүрийн нэмэлт бүтээгдэхүүн байгаа боловч би эдгээрийг хүмүүст зөвлөдөггүй. Харин хүүхдээ шүд угаахад идэвхжүүлэх зорилгоор хэрэглэж болно.
Шүдээ бүрэн угаасны дараа хэлээ цэвэрлэх ёстой. Хэл цэвэрлэгч байхгүй бол сойзныхоо ар талаар цэвэрлэж болдог. Маш олон бүтээгдэхүүн авах хэрэгтэй болмогц хүмүүс төвөгшөөж эхэлдэг. Тийм учраас хэл цэвэрлэгчтэй сойзыг сонгох хэрэгтэй эсвэл сойзныхоо ар талаар хойноос урагш чиглэлд хоёроос гурван удаа шувтрах хөдөлгөөн хийж цэвэрлэхийг зөвлөдөг.
Дараагийн нэг чухал зүйл нь ам зайлах бүтээгдэхүүн. Энэ нь бактерийн эсрэг, үнэр дарах, хэт мэдрэгшлийн эсрэг, фтортой гэх зэрэг төрөл бүр. Хэрвээ танд буйлны үрэвсэл, хэт мэдрэгшлийн асуудал байгаа бол эмчтэйгээ ярилцсны үр дүнд бүтээгдэхүүнээ сонгох боломж бий.
Ажлынхаа үеэр, хоол хүнс идсэнийхээ дараа угааж амжихгүй бол "усаар ам зайлах"-ыг зөвлөдөг. Ус бол салст болоод амны хөндийн бичил биетнийг бууруулдаггүй гар доорх бүтээгдэхүүн юм.
Эсвэл давс, содны нэг хувийн уусмал байж болно. Шүдний сойз завсрын бүтээгдэхүүн, хэл цэвэрлэх ам зайлах зэрэг нь таны амны хөндийг бүрэн цэвэрлэхэд зориулагдсан зүйлс.
Эмчилгээний зориулалттай зүйлсийг дур мэдэн худалдаж авахаас татгалзаарай. Энэ нь мөнгөний гарз болохоос гадна ямар нэгэн өвчлөл үүсэх шалтгаан болдог юм шүү.
М.Дэвээжаргал