“Specilal 25” хувцас загварын салоны хаалгаар ороход өнгө алагласан тансаг цэцэгс тал дүүрэн ургасан юм шиг сайхан мэдрэмж төрүүлнэ. Өнгө загварын өргөн сонголттой дахин давтагдашгүй загварлаг хүүхдийн даашинз болон монгол загварын цамц, дээлийг эгнээ бүрд эмх цэгцтэй байршуулжээ. Оёдлын сургалтын нэг булангаас хоёрхон машинтай ажлынхаа гарааг эхэлсэн Ч.Ууганбаяр бүсгүй өдгөө үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж, өндөр зэрэглэлийн салоныг амжилттай удирдаж явна. Мэргэжил нэгт сэтгүүлч бүсгүй хувцас загварын салбарт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ “тамгалж” чадсан нь түүний өдөр шөнийг үл ажран хөлс хүчээ дуслуулж, хөдөлмөрлөсний үнэ цэнэ гэлтэй.
Эх орондоо брэнд бий болгож, үндэсний үйлдвэрлэл эрхэлж буй “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа “Specilal 25” салоныг үүсгэн байгуулагч Ч.Ууганбаярыг онцоллоо.
Хүний мөрөөдөл хязгааргүй, хийж бүтээх үйлс арвин. Түүний амьдралын замнал, ажил мэргэжлийн ололт хэмжээлшгүй их гэдэг нь нийтлэлээс тодрон харагдах болов уу.
Арван жилийн сургуулийн сурагч охин эвлэгхэн зурдаг байсан нь өнөөдөр энэ их бүтээлийг туурвих замналын эхлэл нь байжээ. “Би Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод төрж, өссөн. Арван жилийн сурагч байхдаа зохион бичлэг бичдэг. Илтгэх урлагийн тэмцээн, зүүн бүсийн олимпиадад идэвхтэй оролцдог байсан нь сэтгүүлч болох сэдлийг өгсөн байх. Радио телевизийн сургуульд 700 гаруй хүүхэд шалгалт өгснөөс 12-т жагсаж, элсэн суралцах эрхтэй болсон. Сургуулиа төгсөөд телевиз, сэтгүүлд редактораар гурван жил ажилласан. Сэтгүүлч бол нийгмийн эмч, сайхан мэргэжил. Гэхдээ цаг наргүй ажилладаг цалин хангамж төдийлөн сайн биш. Тиймээс ажлынхаа хажуугаар бизнес хийж эхэлсэн” гэв.
ӨРГӨЖИН ТЭЛЖ, ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГСӨН ДЭВШИЛТЭТ ОН ЖИЛҮҮД
Түүний эхлүүлсэн бичил бизнес өнөөдөр үр өгөөжөө өгч, үндэс мөчир нь салаалжээ. “Алтжин бөмбөгөрт” лангуу түрээсэлж, урд хөршөөс хувцас импортолж, зарж эхэлсэн гэнэ. Гэвч Ч.Ууганбаярын сонирхсон загварын хувцасны олдоц төдийлөн сайн байгаагүй. Тиймээс хувцас загварын салбар руу орсон байна. Энэ талаар Ч.Ууганбаяр “Одоогоос есөн жилийн өмнө охидод зориулсан загварлаг хувцас ховор байж. Цагаан сараар дээл худалдаж авахаар худалдааны төвүүдээр явахад загвар хийц дажгүй хос дээл 600-1.2 сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Эртнээс монгол эмэгтэйчүүд урлаж, шаглахдаа гаргууд, ер нь дээл, хувцас худалдаж авалгүй гэр бүлийнхнийхээ өмсөх хувцсыг оёод л хэрэглээгээ хангадаг байсан. Бүр үүнийгээ эмэгтэй хүний есөн эрдэмд багтаагаад “Үйлэнд уран” байх ёстой гээд заачихсан байх жишээтэй. Тиймээс ядаж “Сайхан монгол дээл”-ээ оёж, эсгээд сурчихъя гээд л сургалт судалж эхэлсэн.
Ханьдаа дээл оёж өгье гээд оёдол эсгүүрийн сарын сургалтад бүртгүүлсэн. Хүний биеэс хэрхэн хэмжээ авахаас эхлүүлээд хувцасны эсгүүр гаргахыг сурч эхэлсэн дээ.
Сурч эхэлж байхдаа урдаас авчирч лангуун дээрээ зардаг байсан кроп топ, боди зэргийг өөрөө оёж, зарах боломжтой санагдсан. Бөс барааны дэлгүүрүүдээр ч сунадаг материалууд олон өнгөний сонголттой зардаг. Өөрт таалагдсан материалаа худалдаж аваад, оёсон хувцсаа лангуун дээрээ тавихад Хятадаас оруулж ирсэн барааг бодвол хурдан зарагдаж эхэлсэн. Тэр үед л өөрөө хийгээд зарах нь илүү ашигтай санагдаж, сургалтынхаа хажуу буланг түрээсэлж, шулуун болон хэрээсний машин худалдаж аваад оёдлын ажилдаа анхаарал хандуулсан. Найман сарын турш багшийнхаа хажууд байрлаж, өөрийгөө чадваржуулж ажилласан” хэмээн инээмсэглэн ярилаа.
Багшийнхаа дэргэд байрлаж ажилласнаар хувцасны эсгүүр гаргах, оёдлын технологи, загварын чиг хандлагыг судлах зэрэг олон зүйлийг сурахаас гадна шинээр суралцаж буй хүмүүст сурсан мэдлэгээ хуваалцаж, тэднээс дахин суралцах боломжийг олгосон найман сар нүд ирмэхийн зуур л өнгөрчээ. Гэхдээ мэдлэгээ тэлэх, хийж бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн өдөр хоног үргэлжлэх нь тэр. “Тухайн үед нэг метр сунадаг материалыг 4000-6000 төгрөгөөр худалдаж авдаг байв. Нэг метр гаран материалаар хоёр боди цамц хийнэ. Өөрөө эсгүүрээ гаргаад оёдог болохоор материалынхаа зардлаар тооцоход 5000 орчим төгрөгөөр нэг боди цамц бүтнэ. Түүнийгээ гадуур зардаг ижил төстэй загваруудаас арай хямд борлуулахад хангалттай ашиг олж байлаа. Харин Хятадаас авчирсан бараа бүтээгдэхүүний үнэлгээ өндөр, замын зардлаа тооцохоор өртөг нь илүү нэмэгддэг байсан. Тиймээс өөрөө оёсон өдөр тутмын хувцсаа зарах нь илүү ашигтай сонголт болж хувирсан. Сургалтынхаа хажуу буланг түрээсэлж, ажиллаж байх явцдаа бие давхар болсон. Тиймээс тэнд сууж ажиллах боломжгүй. Тэр үеэс гэртээ оёдлын машинаа байрлуулж, нэг оёдолчин ажилд авсан. Манай гэрийн нэг өрөө хувцасны материалаар дүүрэн. Жирэмсэн байсан ч шантрахгүй ажилласаар таван лангуутай болсон” гэв. Ажил хийвэл ам тосдоно гэдэг үгийн утга чухам энэ юм.
ХАНЬТАЙГАА ХӨТЛӨЛЦӨӨД ЦЕХ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛСЭН НЬ ӨДГӨӨ SPECIAL25 ҮНДСЭНИЙ БРЭНД БОЛТОЛ ӨРГӨЖИН ТЭЛЖЭЭ
Урласан хувцсаа борлуулж, урмын үгээр тэтгэгдсэн бүсгүй урагшлах зам нь дардан санагдсан учир цех түрээсэлж, ажиллаж эхэлжээ. Лангуундаа өдөрт нэлээд хэдэн ширхэгийг нийлүүлдэг болохоор оёх хувцасны нормоо олон тоогоор тогтоох шаардлага тулгарсан гэнэ. Тиймээс хоёр оёдолчин ажилд авч, хүн хүчээ зузаатгасан байна. Энэ нь түүний хийсэн хамгийн зөв шийдэл, шийдвэр. Нэг лангуу ажиллуулж эхлээд хэдэн сарын дотор тав болтлоо өргөжсөн нь түүний хичээл зүтгэл, оёдлын машинтай цаг наргүй “найзалж” утас зүү эмэрсний гавьяа юм.
“Ханьтайгаа хамт анх ажлаа эхлүүлж байлаа. Манай хүн намайг үргэлж дэмжиж, хүсэл мөрөөдлийг минь хөглөж, урам зориг харамгүй хайрладаг, сайн зөвлөгч, ажил амьдралын минь тулгуур. Тухайн үед нэг компанид овоо цалинтай, алба хариуцсан менежер хийдэг байсан. Гэсэн хэдий ч миний зорьсон зорилго, хүссэн мөрөөдлийг биелүүлэхэд дэм болохоор халагдах өргөдлөө өгөөд л надтай хамт эхэлсэн. Гэхдээ одоо өөрийнхөө сонирхлоор автын чиглэлээр бизнесээ эхлүүлээд амжилттай яваа. Ер нь залуу хүмүүсийн хувьд дуртай ажлаа хийгээд амьдрах л хамгийн сайхан.
Хүслээрээ хийж байгаа бүхэн чинь цаанаасаа л эрч хүч, шантрах шалтгаан өгөхгүй урагш түлхсээр амжилтыг авчирдаг юм шиг санагддаг.
Бизнес эхэлж байгаа залуустаа эхлээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ олоод түүн дээрээ төвлөрч ажиллах ёстой. Мөнгө, ашиг битгий бод. Ур чадварын болоод мөнгө, хөрөнгийн ашиг явцдаа өөрөө бий болдог.
Хань маань гарын ур дүйтэй. Юмхнаар юм хийчихдэг, сэргэлэн сүүхэйтэй. Эсгүүр, индүүний ширээ болон материал тавьдаг том сеткан хана, компьютерын ширээ гээд салонаа анх нээхэд хэрэглэх бүх зүйлийг хийж өгсөн. Харин би хувцасны загвар, оёдол эсгүүр, ханын зураг, тохижилт чимэглэл, бүр лангуун дээр хэрэглэдэг байсан хувцасны өлгүүрүүдээ хүртэл хамбаар бүрээд, шигтгээ нааж байлаа. Бараг 200 өлгүүр тэгж янзалсан санагдаж байна. Их гоё салон нээнэ гээд зорьсон хүн чинь өлгүүрээ хүртэл анхаарч янзлахгүй бол болохгүй шүү дээ.
Хоёулхнаа цехээ тохижуулж байсан нь одоо бодоход сайхан дурсамж болж, сэтгэлд хоногшин үлдсэн дээ.
Түрээсийн байр учир маролийн элэгдэлд орчихсон. Хана нь гэхэд өнгө үзэмжгүй байхаар нь дөрвөн хоногийн турш нойргүй хоёулахнаа дотор бүх засварыг хийсэн. Хамгийн сонин нь тэр үед ерөөсөө нойр хүрч ядрахгүй байсан санагдаж байна.
Ханыг нь зөөлөн ягаан өнгөөр будаад л найзаасаа проктор гуйгаад, ханан дээрээ зурагны сүүдэр тусгаад, моделиуд зурж байлаа.
Гэрийнхээ буйданг авч ирээд, өөр өнгөөр бүрээд тавьсан. Дэр бас хийгээд том том шигтгээ наасан” гэлээ.
Ийн гэр бүлийн хос хамтарч өөрсдийнхөө бүхий л боломж бололцоог ашиглан 2014 онд оёдлын цехээ нээж, амьдралдаа чухал хөрөнгө оруулалтыг өөрсдийнхөө гараар бүтээжээ. Хэрвээ хүн хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тууштай хөдөлмөрлөж чадвал хэдхэн сарын дотор өсөж өндийж, амжилтын зүг алхам алхмаар ойртож болдгийг Ч.Ууганбаяр үеийнхэндээ үлгэрлэж явна.
Залуухан хос хайр сэтгэлдээ хөтлөгдөн гар гараасаа хөтлөлцөж бүхнийг тэгээс эхэлж, жаргал зовлон ээлжлэн эргэлддэг хүмүүний орчлонд бие биеийнхээ түших багана болсны хүч юм. “Бид хоёрт брэнд бий болгоход сүртэй хөрөнгө мөнгө байгаагүй. Бие биенээ дэмжих сэтгэл, том зорилго, мөрөөдөл л байсан. Анх эхэлж байж л дэлхийд гарна гэж бодож, мөрөөддөг байлаа. Бараг таван жил болж байж одоо л мөрөөдөлдөө ойртож ирээд байна. Ер нь хөрөнгө оруулалт, мөнгөгүйгээс хүсч явдаг бизнесээ эхлүүлж чадахгүй байгаа юм шиг зарим залуус боддог. Тэр бол өрөөсгөл, маш буруу ойлголт. Зүгээр л багаас эхэлж хийх хэрэгтэй. Нэг л өдөр үр дүн нь өмнөөс чинь ярьж, бас харуулж эхэлнэ.
“Тухайн үед цаг үеэ дагаад хийх хувцасныхаа өнгө загвар болон төрөлд анхаарал хандуулж ажилласан нь ололт байсан байх. Нэг загвараас нэлээд олон ширхэгийг оёж, таван лангуундаа хуваарилна. Массаар үйлдвэрлэж эхэлсэн. Өдөрт 40-50 ширхэгийг оёно. Тухайн үед ашигтай ажиллаж, бизнесээ хөл дээр нь тогтоож чадсан гэж боддог. Хичээнгүй шаргуу ажиллаж байгаа хүнд шагнал ирдэг гэдэг шиг надад азтай тохиол таарсан ч гэх юм уу боломж нээгдэв. Их хэмжээний материалыг боломжийн үнээр худалдаж авсан” гэлээ.
АШИГ ХАРАХААС ГАДНА АЛДАГДЛАА ТООЦООЛОХ ЁСТОЙ
Таван лангуу ажиллуулах таатай ч алдагдалд орох, санхүүгийн хямралд өртөж болзошгүйг Ч.Ууганбаяр анзаарч чаджээ. “Бүх лангуунд түрээс болон худалдагч нараа цалинжуулна. Боломжийн үнэтэй материал байнга олдохгүй. Нэг загварын хувцас хийвэл худалдан авалт буурна.
Тиймээс хувцсаа төрөлжүүлж эхэлсэн. Улирлынхаа өнгө аяс, загварын чиг хандлагад уялдуулах шаардлага тулгардаг. Тэгж л брэнд болон бизнесээ өнөөг хүртэл хөгжүүлж явна. “Оёсон хувцас бүхэн зарагддаггүй. Их хэмжээгээр бараа үлдэх, зарим загвараас нэг ширхэг ч зарагдахгүй тохиолдол байдаг. Худалдагч нь гэнэт ажлынхаа байрыг орхиод алга болно. Бараа дутаана. Гэнэт ажлаасаа гарах зэрэг асуудал ар араасаа хөвөрдөг. Тиймээс урьдчилсан захиалга авч салоны чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь алдагдалгүй санагдсан. Тэгээд л албан салоны нээж, ажиллуулж эхлэхээр шийдсэн” гэв.
Зургаан жилийн хугацаанд түүний хийсэн бүтээлийг тоолоод баршгүй. Гэхдээ хэрэглэгчид чанартай, чамин, загварлаг хувцас урлаж өгөхийг зорьдог аж. Ажил хийж, амжилтын зүг алхаж яваа түүнд шүүмжлүүлж, үйлчлүүлэгчдээ загнуулж, оёсон хувцсаа нүүр рүүгээ шидүүлж явсан үе бишгүйдээ бий. Гэхдээ бусдын шүүмжлэлийг зөвөөр хүлээж авч, алдаагаа засаж, урлаж буй хувцсандаа ур ухаанаа шингээж ажилладаг байсан нь “Special 25” салон Монголын загварын ертөнцөд оршин тогтнох суурь болсон биз ээ. Өдгөө тус салонд худалдаалж байгаа хувцаснууд 100-2.5 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй. Учир нь, зарим хувцсыг найман хүн хоёр долоо хоногоос их хугацаанд оёдог гар ажиллагаа, гоёл чимэглэл ихтэй загварууд ч байдаг байна. Дөрвөн улирал болон Цагаан сар, шинэ жилд зориулсан коллекц гаргадаг гэнэ. Энэ талаар тэрбээр “Үйлдвэрлэгч орон биш учраас түүхий эд, материалын асуудал их тулгарна. Чанар сайтай даавууны олдоц төдийлөн хангалттай биш. Гоёлын, тэмдэглэлт баярт зориулсан хувцсыг зонхилон урладаг. Мөн цор ганц загварт, гоёл чимэглэлийг шигтгэж өгдгөөрөө онцлогтой. Жилдээ үйлчлүүлэгчдэдээ зориулаад хоёроос гурван удаагийн хямдрал зарладаг” гэв. Нэг үеэ бодоход манай улсад үндэсний үйлдвэрлэл хөгжиж, иргэд ч эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, тодорхой хэмжээгээр мөнгөний урсгал дотооддоо шингэх болсон.
ОХИН ҮРДЭЭ ЗОРИУЛЖ, ДЭГЖИН ДААШИНЗ УРЛАЖ ЭХЭЛЖЭЭ
“Special 25” салоны охидын даашинзыг өнгө загварын өргөн сонголттой урладаг нь ээжүүдээс эерэг үнэлгээ авдаг. Учир нь, чанартай загварлаг даашинзны олдоц төдийлөн их биш. Олдлоо гэхэд хэт өндөр үнэтэйгээс гадна чанарын шаардлага төдийлөн хангадаггүй. Бас яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд манайд төдийлөн их биш учраас сүүлийн нэг жилээс эхлэн Ч.Ууганбаяр охинтой, ээж хүний хувьд бяцхан үрсэд зориулж, хувцас үйлдвэрлэж эхэлсэн гэнэ.
“Монголын загварын ертөнцөд ахиц дэвшил их гарч байна. Олон брэнд бий болж, томоохон салонууд ч нэмэгдэж байгаа. Гэхдээ би тэднийг өрсөлдөгч гэж хардаггүй. Хийж буй бүтээл, чиглэлээрээ харилцан адилгүй өөр өөр байдаг. Бид дотооддоо өрсөлдөх шаардлагагүй. Харин олон улсад брэндээ таниулж, экспортолж ажиллах том зорилт тавьж, ажилладаг. Дэлхий дахинд онлайн зах зээл ноёрхож байна. Тиймээс тэр талыг барьж ажиллах нэг жил 6 сарын төлөвлөөгөө боловсруулан хамт олноороо ажиллаж байна. Цар тахал гараагүй байхад Хятадын том том даавууны үйлдвэрүүдээр явж судалгаа хйисэн. Одоохондоо Өвөрмонгол, Тува, Халимаг руу бараа бүтээгдэхүүнээ гаргаж, нэлээдгүй олон харилцагчтай болсон. Үүнийгээ улам өргөжүүлж, олон улсын зах зээл рүү нэвтэрч, бараа бүтээгдэхүүнээ гаргах талд төвлөрч ажиллаж байна. Энэ сард л гэхэд урд хөршид брэндийн патентаа авах ажил төлөвлөсөн байх жишээтэй... Алхам алхмаар, шат шатаар урагшилж л байна даа.
Бага байхдаа барбиндаа ч хувцас оёж үзээгүй охин өнөөдөр өөрийгөө төдийгүй өрөөл бусдын сэтгэлд нийцсэн бүтээл урлаж яваа нь эмээгээс нь өвлөгдөж ирсэн авьяас. Арван жилийн сурагч байхдаа Ч.Ууганбаяр зургийн хичээлдээ сонирхолтой, сайн зурдаг хүүхдийн нэг байжээ. Зураг зурах бол хувцасны дизайн гаргах суурь болдог. Тухайн үед бяцхан охин ирээдүйд энэ их үйлсийг хийж, бүтээнэ гэдгээ төсөөлөөгүй явсан биз.
Аливаа ажлыг хийж байгаа хүн салбараа судлах нь зүйн хэрэг. Тиймээс хувцас үүссэн түүхээс эхлээд загварын чиг хандлагын талаар ном, сэтгүүл их уншиж, судалгааны ажлыг хийж, ажлынхаа өрөөнд хавтас бүрд нэг нэгэнгүй нямбай гэгч нь хийжээ. “Таван жилийн хугацаанд тасралтгүй өөрийгөө хөгжүүлсэн. Их сургуулиас эхлээд оёдлын олон сургалтад суусан. Одоо ч олон улсад брэнд бүтээгдэхүүнээ хэрхэн нэвтрүүлэх, дэлхийн пайшин зах зээлийн талаар “Мэдрэмж, хувцас загварын академи”-д мэргэжил дээшлүүлэн суралцаж байгаа.
Ном, сэтгүүл их уншдаг. Зохион бүтээлт сайн гаргадаг хүмүүстэй болж л өгвөл туршлага солилцож, уулзаж, ярилцдаг. Тиймээс одоо салон дээрээ өөрийнхөө туршлагаас бий болгосон тусгай технологиор эсгүүрүүдээ гаргаж явдаг. Шинэ эсгүүрчин ажилд авсан ч энэ аргаараа эсгүүрээ бэлдүүлдэг.
Учир нь, хүн бүрийн эсгүүр гаргах өөр өөр арга барилтай. Тэр ч бүү хэл нэг салонд ажиллаж байгаа хоёр эсгүүрчний арга барил, эсгүүрийн зохион бүтээлтийн бодолт өөр байдаг. Эсгүүр гаргахын тулд тоо бодохоос эхэлнэ шүү дээ..” гэлээ.
35 МЯНГАН ТӨГРӨГИЙН СУРГАЛТАД 6 САРЫН ДОТОР 1000 ГАРУЙ ЭМЭГТЭЙГ ХАМРУУЛЖ ЧАДЖЭЭ
Ч.Ууганбаяр өөрийгөө хөгжүүлэхээс гадна өрөөл бусдад оёж, шаглах үйлсийг зааж сургаж яваа “багш”. Учир нь, гэртээ хүүхдээ хардаг ээжүүдээр зогсохгүй өөртөө хувцас урлахыг хүсдэг хүн бүхэнд онлайнаар сургалт явуулдаг.
Орчин үед 35 мянган төгрөгийн төлбөртэй зургаан сарын хугацаанд үргэлжлэх сургалт хорвоогийн хаана ч байхгүй биз.
Сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, нэг ч гэсэн эмэгтэйг гэр бүлийнхээ хүмүүсийн хувцсыг өөрөө урладаг болчихоосой гэж бодсоноор сургалтаа явуулж эхэлсэн байна. Шавиа амжилттай явахыг харах багш хүний жаргал гэдэг. Тэгвэл түүний шавь нар брэнд үүсгэж, салбартаа хэдийнэ танигдсан бүтээгчид болж чаджээ. “Би өөрөө эсгүүрийн технологийн талаар маш их сонирхон судалж, салон дээрээ туршилт хийдэг. Тиймээс сурсан мэдлэгээ бусдад хуваалцаж, нэг ч гэсэн ээж хүүхдэдээ хувцсыг нь оёод өгчихөөсэй, эсвэл сурсан мэдлэгээрээ бизнес эхлүүлж, амьдралаа өөрчлөөсэй гэж боддог. Анх танхимын сургалт явуулдаг байсан. Танхимын сургалтдаа тусдаа багш нараар хичээл заалгадаг байсан ч өөрөө оёдол, эсгүүрийн мэдлэгтэй нэмж, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүмүүст тусад нь V.I.P сургалт хийдэг байсан.
“КОВИД 19” ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛЖ СУРГАЛТ МААНЬ ОНЛАЙН ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН
Хүн ер нь сурч мэдсэнээ хуваалцсанаараа дундарч, доошилдоггүй. Харин ч ахиж, дэвшиж байдаг. Ч.Ууганбаяр мэдлэгээ бусдад түгээж, алдаа оноогоо дэнсэлж, үргэлж шинийг сурахын төлөө өөрийгөө дайчилдаг нь хэлсэн үгс бүрээс нь мэдрэгддэг. Би “Хувцас, загвар-оёдол эсгүүр”–гэсэн нэртэй групп ажиллуулдаг. Группээрээ дамжуулж нэг болон тавдахь өдөр үнэгүй хичээл заадаг. Харин онлайн сургалтаа хаалттай групп үүсгээд хамгийн хямдаар буюу 35 мянган төгрөгөөр сарын сургалтаа заадаг. Хичээлээ устгахгүй зургаан сарын турш групптээ байршуулдаг. Дээр нь бүх сурагчдадаа салон дээрээ хэрэглэдэг гол эсгүүрүүдээсээ хувилж авах эрх бэлэглэдэг. Бас бүтэн жилийн хугацаанд утсаар, чатаар, эсвэл биеэр ирээд заавар зөвлөгөө авч, гэрийн даалгавраа шалгуулах боломж өгнө.
Онлайн сургалт ч гэсэн гэрийн даалгавар өгөөд шалгадаг, шалгах явцдаа сурагчдынхаа нийтлэг юуг ойлгохгүй байгааг тодруулан давтлага өгөөд явдаг.
Ер нь сурагчдадаа сурах хүсэлтэй хүн бүрд манай сургалтын үүд хаалга нээлттэй. Зарим хүн Ууганаа яагаад ийм буяны юм хийгээд байгаа юм. 35 мянган төгрөгийн сургалт байж хүн бүртэй ингэж тулж ажиллах ямар шаардлага байна. Их ачаалал өөртөө үүсгээд гэж хэлдэг. Үгүй шүү дээ. Ашгийг зөвхөн мөнгөөр хэмжиж болохгүй. Би хүмүүст сурснаа хуваалцахад өөрөө эргээд маш их хөгждөг. Тэдэнд заахын тулд шинэ шинэ зүйл туршиж, илүү их хичээж, өөрийгөө дайчилна. Сурагчдынхаа талархал, сайхан үгтэй мессежийг уншаад эрч хүчээр цэнэглэгдэж, урам зоригтойгоор урагшилдаг. Тиймээс залуу хүний хувьд энэ ажил маань нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг байх”гэлээ.
Онлайн сургалтынхаа нэг ангид 150 сурагч бүртгэдэг бол одоогоор 1000 гаруй шавьтай болжээ. Сургалтын давуу тал хэн ч хаанаас холбогдож, суралцах боломжтой гэсэн үг.
Онлайн оффисоосоо олон хүний оёж, урлах үйлсэд уруу татаж, оюунлаг ажлыг эрчимтэйгээр хийсээр байна. “Хэн ч хаанаас холбогдож суралцах боломжийг бүрдүүлсэн. Онлайн сургалт учраас гадаадаас, хөдөө орон нутгаас гээд сургалт хэрэгтэй байгаа бүх бүсгүйчүүд, ээжүүдээ хамруулж чадаж байгаа нь сайхан” гэлээ. Танхимын болон онлайн сургалт явуулахад мэргэжлийн түвшинд хөтөлбөр боловсруулах ёстой гэнэ.
БИДНИЙ ОЛОЛТ, АМЖИЛТ
Өнгөрсөн хугацаанд SPECIAL 25 брэнд нь дөрвөн улирал тутамд гаргадаг коллекциуд, нэрийн загваруудаасаа гадна маш олон төсөл дээр амжилттай ажиллаж яваа атгасан гар шиг хамт олон. Тэдний заримаас дурьвал, “Яг түүн шиг” шоуны дөрвөн улирал, NEXT TOP MODEL, Оддын академи, Бонго, Можуухын коментууд, Бурханы авралаар чи ирлээ шоу..олон төслийг шат дараатай хийсэн байна. Тэр ч бүү хэл бяцхан үрсэд зориулсан ПЕТЕР ПЕН хүүхдийн бүрэн хэмжээний дуулалт жүжиг дээр хамтран ажиллажээ.
Үүнээс гадна олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог охидын үзүүлбэрийн гол хувцсыг хийдэг байна. Турк, Дубай, Солонгос, Итали гээд олон тэмцээнд одооогоор 50 гаруй загварыг амжилттай гаргасан байна. Нэг бүтээл гаргахад нэлээд хэд хоногт 8-10 хүн ажиллаж, өндөр зэрэглэлийн хувцсыг ур ухаанаа уралдуулан урладаг байна. Их хөдөлмөр шингээж урласан бүтээлүүд нь тэдэнд олон улсын тэмцээнүүдээс “Шилдэг Үндэсний хувцас” гэсэн цом, өргөмжлөлийг авч байжээ. Энэ нь тэдний нөр их хөдөлмөрийн үнэлэмж юм. Түүнчлэн хүүхдийн хувцас оёж эхэлснээс хойш загварын хэд хэдэн шоуны агентлагтай хамтарч ажилласнаас гадна Дэлхийн Монгол туургатан эх үрсийн нийгэмлэгээс жил бүр зохион явуулдаг Монгол туургатны хүүхдийн хувцасны их наадам “ Өхөөрдөм гоёо” наадмаас 80 гаруй хувцасны долоон коллекцоор оролцож, “Гран при” хүртсэн байна.
Сурсан мэдлэгээ бусдад түгээж, хийж бүтээхийн хүсэл эрмэлзлэлээр дүүрэн яваа Ч.Ууганбаярын салонд зочлоход эерэг, энерги эрч хүчээр өөрийгөө цэнэглэж чадсан юм.
С.Ичинхорлоо
Сошиал суваг: https://www.facebook.com/Special25shop/
ЗУРГИЙН ЦОМОГ:
Сэтгэгдэл (5)