Сонгуульд бусдаасаа арай дөнгүүр санал авч, ялсан Ардчилсан нам 2012 онд Засгийн газраа байгуулж “Шинэчлэлийн” гэх том малгай өмсгөсөн. Энэ цаг үеэс эхлэн салбар бүрт бугшсан хуучны муу, муухай бүхнийг шинэчилж, ариусгахаа мэдэгдэж иргэдээс нэлээд дэмжлэг авсан түүхтэй.
Гэхдээ тэдний хийсэн шинэчлэл нэр шигээ сайхан байсангүй. Энэхүү шинэчлэлийн салхинд нэлээд “самруулсан” нь хууль зүйн салбар. Шинэчлэл гэгчийг хийхээр Х.Тэмүүжин сайд Хууль зүйн сайд болсон. Тэрбээр хууль хяналтын байгууллагыг дээд боловсрол олгох сургуулийн нэрээс нь авахуулаад бараг л үндсээр нь өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн үед Хууль зүйн яамны харьяа "Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг", Батлан хамгаалах яамны харьяа "Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь" хоёрыг нэгтгэн "Батлан хамгаалах хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг" болгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн Төрийн ордны баруун талд буюу хотын “А” зэрэглэлд байрладаг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн одоо баригдаж буй өргөтгөлийг Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор, иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг төв болгож, засч тохижуулахаар болсон юм. Тодруулбал, 2012 оны арваннэгдүгээр сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаас дээрх шийдвэр гарсан байдаг. Үүнийг нь олон арван эмч, сувилагч эсэргүүцэж эхэлсэн. Арга ядсан эмч нар өвлийн хүйтэнд жагсаал цуглаан хийж бухимдлаа илэрхийлсэн ч тусыг эс олсон билээ. Зөвхөн тэд ч гэлтгүй олон нийтийн зүгээс ч энэ шийдвэрийг багагүй эсэргүүцсэн.
1933 онд анх ашиглалтад орж байсан хуучин барилгыг буулгаад, өргөтгөлийг нь хийхэд тухайн үед улсын төсвөөс 10.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Харин ашиглалтад оруулах хугацаа нь өнгөрсөн оны хавар байлаа. Гэтэл тэрхүү барилгын ажил өнөөдрийг хүртэл сунжирсаар. Засгийн газрын буруутай шийдвэр, хэн нэгнийхээ бодлогыг үгүйсгэдэг зэргээс болж улс их хэмжээний хохирол амсах болов. Хууль зүйн хуучин сайд Х.Тэмүүжин энэ бүгдийн гол буруутан. Учир нь, анх үргэлжлүүлэн эмнэлгийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байсан барилгын дотоод заслыг оффис болгон өөрчлүүлсэн. Ингэхэд бас нэлээд их хэмжээний мөнгө зарцуулсан. Харин өнгөрсөн оны төгсгөлөөр байгуулагдсан Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өнөөх барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргачихсан. Тэр нь, нэгдсэн эмнэлгийн зориулалттай, 260-аас цөөнгүй ортой эмнэлэг болгох. Барилгыг менежментийн гэрээгээр шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг болгох тухай. Мөн эмнэлэг дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт төрөлжсөн бүх тасгийг нэг дор төвлөрүүлсэн бөгөөд төрийн тусгай албан хаагчдад эмчилгээ үйлчилгээг давхар үзүүлэж байхаар шийдвэрлэв. Ингээд л дуусашгүй завсар, өргөтгөл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбын хэлж буйгаар яг одоо тус барилгын дотоод заслыг өөрчлөхөд улсаас 20 тэрбум төгрөгийн санхүүжилт авах шаадлагатай байгаа аж. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ их мөнгийг хаанаас яаж гаргах юм бүү мэд.
Ер нь, Хууль зүйн сайдын буруутай шийдвэр үүгээр ч дуусахгүй өнгөрсөн жил тус барилгын доод давхрыг нууц шорон болгож, үүнд 12 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Нэгэнт буцаад эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан хойно уг шорон дахиж ашиглагдахгүй. Ямар өвчтнүүдийн дундуур хоригдол зөөгөөд байлтай биш. Дахиад л татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэх нь. Мөн хоёр жилийн өмнө оффис болгох шийдвэр гаргах үед манай оронд байхгүй 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй нарийн мэргэжлийн аппаратыг зөөх гэж байгаад хөргөгч системийг нь ажиллагаагүй болгосон. Үүнийг засч янзлуулахад 300 гаруй тэрбум хэрэгтэй гэсэн. Шүүхийн тогтолцоог ч мөн бусад орны жишигт хүргэнэ гэж тойргийн системд шилжүүлсэн. Шийдвэр гаргасан даруйд л учир мэдэх хүмүүс манай улсад тойргийн систем тохирохгүй хэмээж байсан. Сайд үүнийг бас л үл тоосон. Гэтэл долдугаар сарын нэгнээс тойргийн системийг арилгаж шүүх буцаад хуучин хэвэндээ орох гэж байна. Үүнд бас л тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах нь тодорхой.
Эцэст нь шинэчлэл хийх нэрээр ямар ч тооцоо судалгаагүйгээр татвар төлөгчдийн өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгийг хэн нэгэн сайд баруун, зүүнгүй салхинд хийсгээд байх хэрэг үү? Эсвэл шинэ сайд, шинэ Засгийн газар нь зөв зүйлийг үгүйсгээд байгаа юм уу? Хууль зүйн хуучин сайдын шийдвэрүүдийг буруу байсан гэдгийг Ерөнхийлөгч хүртэл хүлээн зөвшөөрсөн. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа Х.Тэмүүжингийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий. Харин энэ Засгаас эхэлж огцруулах сайд биш. Тэр алдаа дутагдлаа засч, сургамж авах чадвартай гэж итгэе” хэмээсэн. Ер нь, Х.Тэмүүжин хуулийн салбарыг олон улсын жишигт хүргэнэ гэж муйхарлаж байгаад “Галууг дуурайж, хэрээ хөлөө хөлдөөнө” гэгч болчихлоо шүү дээ.

Г.Дорж
Сэтгэгдэл (77)