Утааны улирал эхэллээ. Иргэдийн дийлэнх хувь гэр хороололд оршин суудаг манай улсад жил жилийн өдийд түлээ, нүүрсний асуудал хөндөгддөг билээ. Энэ жил ч мөн ялгаагүй намрын сар дундаа орж хүйтний ам наашилсан учраас зам дагуу шуудайтай нүүрс, мод эгнүүлэн өрөөд зарж буй хүмүүс эрхгүй нүдэнд тусна. Нийслэлд түлээ, нүүрс барилгын материалын төрөлжсөн хоёр зах байдаг. Үүний нэг нь СХД-т байрлах “Хангай” зах юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тус захыг зорьж, түлээ нүүрсний үнэ ямар ханштай байгаа талаар сонирхов.
“Хангай” зах дотор портероор нүүрс зарж байгаа худалдаач нар тус захыг зорих хүмүүсийг угтан гүйх аж. Хоорондоо ам уралдан “За ямар нүүрс сонирхож байна. Нүүрс авах уу” гэж асуух нь худалдан авалт тааруу байгааг илтгэх мэт. Энэ жил Налайхын нүүрс портер нь 170-180 мянган төгрөгийн ханштай байна. Харин Багануурын нүүр 130 мянган төгрөгийн ханштай худалдаалагдаж буй.
Иргэдийн хувьд хямд учраас Багануурын нүүрс авах нь их байгааг нүүрсний худалдаачид хэлж байв. Тус зах дотор Багануурын нүүрс зарж буй нэгэн иргэнээс хэдэн зүйл тодруулав.
Тэрбээр нэрээ нууцлахыг хүсээд “Өдийд чинь өдөртөө зургаан портер нүүрс зарчихсан завгүй байх ёстой. Гэтэл өдөртөө гурван портер нүүрс зарвал их юм болно. Өдрийн турш нэг л портер нүүрс зарагдаж байна шүү дээ. Нэг портер нүүрс 40 мянган төгрөгийн ашигтай.
Түүнээсээ сард түрээс 62 мянган төгрөгийг төлнө. Идэж уухгүй байлтай биш. Өдрийн хоол, тамхиа авна. Үлдсэнээр нь хоногийн хоолоо л аргацаан олж байна даа. Өнгөрсөн жил худалдан авалт сайн байсан. Хүмүүсийн хувьд хямд болхоор нь Багануурын нүүрс авч байгаа” гэв.
Нэг портер нүүрсэнд 60 том шуудай багтдаг бол жижигээр 170 шуудай ордог гэнэ. Үүний хажуугаар нүүрс шуудайлан зарж байв. Иргэдийн хувьд шуудайгаар нүүрс авахаас илүүтэй портероор нь авах сонирхолтой байгаа гэнэ.
Нүүрсний үнийн супер мөчлөг нэгэнт дуусгавар болж, үнэ нь “газарт унасан” тул маш олон тооны уурхайнуудын хувьд олборлолтоо цаашид үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болжээ.
Шуудай нүүрсний үнэ налайх 4500 төгрөг бол багануур 3500 төгрөг аж. Портероор нь нүүрс авах боломжгүй иргэдийн тухайд өдөртөө 2-3 шуудай нүүрс авдаг гэнэ. Харин шуудай мод нарс 3500 төгрөг бол хар мод 4000 төгрөгийн ханштай байна.
Нүүрсний үнийн супер мөчлөг нэгэнт дуусгавар болж, үнэ нь “газарт унасан” тул маш олон тооны уурхайнуудын хувьд олборлолтоо цаашид үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болжээ.
Иймээс ч Налайхын нүүрсний уурхайн амууд хаагдаж, хувиараа нүүрс олборлох иргэд байхгүй болсон нь Налайхын нүүрс нэмэгдсэнтэй шууд холбоотой.
Тус дүүрэгт оршин суугч иргэн Каламкас “Налайхын амууд ихэнх нь хаагдсан. Манай тэнд налайхын нүүрс бараг олдохгүй байгаа. Олдлоо ч шуудай нь 5000 төгрөгийн үнээр зарагддаг” гэв. Өнгөрсөн жил Налайхын нүүрс портер нь 180-200 мянган төгрөгийн ханштай байсан бол Багануурын нүүр 130-150 мянган төгрөгийн үнэтэй байжээ.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (6)