Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нүүдэлчин агро ферм” ХХК, “Харумафүжи сүүний ферм”-д ажиллалаа.
“Нүүдэлчин агро ферм” ХХК 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан байна.
Нэг кластерт арван өрхийг хамруулан, өөрийн гэсэн газартай, өдөр бүр орлого олж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Тухайлбал, Б.Оргилынх 2024 оноос фермерийн аж ахуй эрхэлж байна. Энэ өрх 18 үнээтэй, өдөрт дунджаар 18 литр сүү сааж, борлуулж байна. Мөн төрийн бодлогоор сүүний урамшуулал олгож байгаа нь фермерийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болж байгааг энэ үеэр хэллээ.
Одоогоор гурван фермийн 30 өрхийн 100 орчим иргэн байнгын ажлын байртай болж, дотоодын сүүний үйлдвэрүүдийг есөн сая литр сүүгээр хангаад байна.
Сүүний зах зээлийг тэлэх, малчдыг дэмжих үүднээс үйлдвэрийн аргаар боловсруулсан литр сүү тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. Энэ урамшууллыг бүтэн жилийн турш олговол үйл ажиллагаагаа өргөжүүлэх, малчид хорших томоохон хөшүүрэг болохыг “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн захирал Ж.Баттөгс ярилаа.
Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, татварын бодлогоор дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
Мөн кластерын фермийг хөгжүүлэхэд шаардлагатай 1,000 толгой сүү, махны хосолмол цэвэр үүлдрийн үнээг импортоор оруулж ирэхэд дэмжлэг үзүүлбэл 2030 он гэхэд цөм сүрэгтэй болох боломжтойг танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.
Анх хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судаан дарш тариалан, 2023 онд сүүний үйлдвэрээ барьж эхэлсэн тухай “Цуна Монгол Дай” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбадорж, гүйцэтгэх захирал Н.Болдбаатар нар танилцууллаа.
Ферм эхний ээлжинд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагчдыг, цаашид үйлдвэрлэлээ үе шаттай нэмснээр бусад сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангахыг зорьж байна.
Тус сургуульд суралцагч 1,800 хүүхдэд өдөрт тус бүр 200 гр цэвэр сүү нийлүүлэхээс гадна бүтээгдэхүүнээ “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрээр борлуулж байна.
“Харүмафүжи сүүний ферм” нь Францын Монбельярд үүлдрийн 100 гаруй үнээтэй, нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү авдаг, хог хаягдал гаргадаггүй, эко эрчимжсэн мал аж ахуй юм.
Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур, сүүг вакум орчинд, агаартай урвалд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт, чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг “Пастерийн арга” нэвтрүүлсэн байна.
Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, 77 цех, хөргөлтийн төвд 1,700 орчим хүн ажиллаж байна.
Шингэн сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа бөгөөд сүүн бүтээгдэхүүний 51 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 49 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна.
Сүүн бүтээгдэхүүний зах зээлээ бүрэн хангаж, гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж энэ салбарынхан үзэж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдсэн, цаашид кластераар нь дэмжих шаардлагатайг хэлж байлаа.
Салбарын яамны мэдээллээс үзвэл жил бүр сүүний урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, аймаг, орон нутгийн сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгджээ.
Тухайлбал, 2020-2021 онд 4 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул)-ийн 8 үйлдвэр, 2021-2022 онд 5 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон)-ийн 12 үйлдвэр, 2022-2023 онд 7 аймгийн 15 үйлдвэр, 2023-2024 онд 11 аймгийн 24 үйлдвэр, цехэд түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерүүд сүү нийлүүлж, урамшуулалд хамрагджээ.
Үүний үр дүнд 2020 онд 6.8 сая.литр байсан түүхий сүүний нийлүүлэлт жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая.литр болж нэмэгджээ.
2024-2025 онд 14 аймгийн 32 үйлдвэр, цех сүүний урамшуулалд хамрагдахаар шалгараад байна.
Сэтгэгдэл (2)