Энэ намрын хүлээлтийг эцэслэх хоёр жүжгийг танилцуулж байна.
"АМЬДРАХУЙ"-Н МӨН ЧАНАРТ ОЙРТОХ УЛИРАЛ
Орфей театрын ээлжит уран бүтээл болох "Амьдрахуй" драмын жүжиг аравдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөнд нээнэ.
Энгийн болоод жаргалтай амьдрал үргэлжид зөв үйлдлээр хязгаарлагддаг уу? Ерөөс хүний оршихуйн үр үндэс, гол мөн чанар нь юу вэ? Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэсэн санаа Үй Хуагийн “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрт агуулагддаг. Энэ бол хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг гэх санаа юм. Харин түүн дотроос бид өөрсдийн оршихуйн үнэт чанар, тулах цэгээ олж авах нь юу юунаас эрхэм болохыг Үй Хуа тус зохиолоор харуулжээ.
Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа 1960 онд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэсний хойно муждаа таван жил шүдний эмчээр ажиллаж байгаад Бээжин хотын Лү Шюнь утга зохиолын сургуульд элссэн байна. Харин уран бүтээлийнхээ гарааг 1983 оноос эхэлсэн бөгөөд монгол уншигчдын гарт өдгөө хүрээд буй “Амьдрахуй” туужаа 1992 онд хэвлүүлжээ. Тухайн үед хятадын коммунист намын үзэл суртлыг буруугаар сурталчилсан хэмээн тус тууж хориотой байсан ч дарамт шахалтыг даван гарав. Харин тууж “To Live” нэртэйгээр өрнөдийн улс орон руу орчуулагдсан цагаас эхлэн судлаачид коммунизмын үр нөлөөний талаар тус туужтай холбогдуулан нэлээдгүй шүүмж, эргэцүүлэл бичсэн байна.
Тэгвэл Орфей театрын хамт олон хүний амьдралын тухай олон эргэцүүлэлд хөтөлдөг намрын өдрүүдэд уг бүтээлээс сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг үзэгдэдээ хүргэхээр боллоо. Тус жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд, продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг ажиллах юм. Харин жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяр ажиллажээ. Тэрээр Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолуудыг монгол хэлнээ яруу сайхнаар хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ.
Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн:
Найруулагч М.Батболд
Продюсер Т.Ариунчимэг
"Жя Жэн"-ийн дүрд жүжигчин Д.Ганцэцэг
"Фуй Гүй"-ийн дүрд жүжигчин Д.Баттөмөр
"Хүү - Ёу Чин"-ийн дүрд жүжигчин Г.Отгонбат
"Охин - Фэн Шя"-ийн дүрд жүжигчин Б.Должинсүрэн
"Фуй гүйгийн хадам аав''-д жүжигчин Ц. Төмөрбаатар
"Фуй гүйгийн ээж''-д жүжигчин Б.Нармандах
"Фуй гүйгийн аав"-д жүжигчин Г.Мягмарнаран
"Лүн эр"-ийн дүрд жүжигчин Ө.Мөнгөнтулга
"Ван Ши"-гийн дүрд жүжигчин Д.Мөнхтөмөр
"Тоглоомын даамал буюу Банкир"-ын дүрд жүжигчин М.Мөнхбат
"Хотын захирагч Чун Шэн"-ийн дүрд жүжигчин Ц.Төгсбилэгт
"Сумангийн дарга"-ын дүрд жүжигчин Б.Оюунбаатар
"Эмч"-ийн дүрд жүжигчин Б.Одгэрэл
Оршихуйн мөн чанар нь “Хүлцэхүй”. Хүлцэнэ гэдэг тэвчих, уучлахын нэр. Уучлана гэдэг хайрлахтай агаар нэг.
Жүжгийн тасалбарыг Portal.mn -ээс дараах линкээр орж худалдан авах боломжтой.
"ТЭНГЭРИЙН ХҮҮ" ЖҮЖИГ 13 ЖИЛИЙН ДАРАА ЭРГЭН ИРНЭ
2011 онд УДЭТ-ийн тайзнаа анх амилсан "Тэнгэрийн хүү" жүжиг шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн, шинэтгэсэн найруулгаар 10 дугаар сарын 4-нд эргэн ирэх гэж байна.
Монголын язгуурын төрт улс болох "Хүннү" улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглогдож эхэлснээсээ хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.
Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо "Гэгээн Муза" олон улсын театрын наадмын шилдэг жүжгийн зохиолч, шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй жүжигчин тэргүүтэй зургаан номинацад шалгарч, гран при шагнал, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг "Мөнгөн мод" ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртсэн юм.
"Тэнгэрийн хүү" жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийгдсэн билээ. Үүнээс улбаалан Хүннүгийн түүхийн талаарх үзэгч олон нийтийн мэдлэг, ойлголт сайжран, шинэ үеийн үзэгчдэд энэ цаг үеийн тухай түүхэн бүтээлийг үзэн сонордох хэрэгцээ нэмэгдсээр буй нь жүжгийг сэргээн тавих гол шалтгаан болж байна. Жүжгийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар "Эх орон, газар шорооны тухай бүтээл болох "Тэнгэрийн хүү" жүжгээрээ дуугарах цаг нь болсон байна" хэмээн эл жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарласан юм.
Жүжгийн гол дүр Модун Шаньюйд жүжигчин Б.Шинэбаяр сонгогдсон бол Түмэн Шаньюйгийн дүрд жүжигчин М.Түвшинхүү, Могол хатны дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь зэрэг УДЭТ-ийн гурван үеийн уран бүтээлчид "Тэнгэрийн хүү" жүжигт оролцож байна.
Зохион байгуулагч: Улсын драмын эрдмийн театр
Зохиолч : МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэх
Найруулагч : Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар
Ерөнхий продюсер : УГЗ Д.Цэрэнсамбуу
Ерөнхий зураач : УГЗ Т.Ганхуяг
Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч : СТА Г.Ган-Очир
Жүжгийн дүрүүдэд :
• Модун Шаньюй – СТА Б.Шинэбаяр
• Түмэн Шаньюй – СТА М.Түвшинхүү
• Могол хатан – МУГЖ Ж.Оюундарь
• Лүүсүү Ван – СТА О.Гэрэлсүх
• Их зайран – СТА Ж.Пүрэвдорж
• Арваадай хун тайж – СТА Т.Сэргэлэн
• Шагэ гүнж – СТА Т.Хулан
• Шива хатан – залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ
• Аргун баатар – залуу жүжигчин И.Дашнамжил
• Бүни гүнж – залуу жүжигчин Ц.Цэлмэг
• Олны хэсэгт – залуу уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургуулийн оюутнууд