Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 165.5 тэрбум төгрөгөөр нийтдээ 600 автобусыг урд хөрш БНХАУ-аас оруулж ирсэн. Гэвч хуучин, шинэ автобуснууд бүгд л хөдөлгөөнд оролцож байхад хүмүүс нь одоог хүртэл багталцахгүй байгааг хэн тайлбарлах бол. Хэл ам хийж, хэрүүл уруул хэлэлцэж, эгээтэй л нэгнийхээ аминд хүрчхэлгүй автобусаар зорчих бидний түүгээр зорчигч хэн бүхний өглөө, оройд туулдаг тавилан мэт...
Өөрийн биеэр өдөр бүр тулгардаг нэгэн айдсаа би уншигч танд хэлье л дээ. Би айдастай амьдарсаар, эцэст нь зүрхний өвчтэй болоод ч байх шиг гэж хэлбэл арай л дэвэрсэн бодол. Өглөө сэрүүлгийн чимээнээр год хайран босоод өнөөх автобусны чиглэлээ аппликейшнээр харчхаад яаран гарна. Ер нь нийслэлд өглөөний цайгаа уучхаад гэрээс гардаг хүн ховор гэж би боддог.
За тэгээд арайх гэж ирсэн автобусанд орох гэтэл дүүрэн хүн. Ажилдаа хоцрохгүйн төлөөнөө жолоочид зэмлүүлэн байж орно. "Голоороо хойшоо яваад өгөөч ээ" гэж яг л адгууслж буй мэт хахир хоолойгоор хангинуулахыг яана. Хаалгаар орж, автобус миний суусан буудлаас хөдөлсөн тэр л цагаас эхлэн буун буутал бусармаг үгс олныг дуулна. "Битгий шах, битгий түлх", "Хуц, солиор, п...." гэх мэтээр чих дүнгэнэтэл хэрэлдэх олны дундаас хурдхан буухыг хүсдэг.
Өглөөг ингэж угтсан хүн өдрийн туршид түгшүүр, бачуурал хоёроо үүрнэ дээ. Хүмүүс маргах нь тийм ч аймар, бас сэтгэлд сэв хийх зүйл биш. Учир нь бидний эндхийн амьдрал ийм л байдаг. Үргэлж...
Гэвч миний айдас бол автобусны албинтай харц тулах мөч. Тэр албингууд ар нуруунаас нударч, арай л толгой дээр гишгэхгүй зүтгүүрдэнэ. Бас тэр хэл ам нь хэрцгий, яг л гэмт хэрэгтэй кинон дээр гардаг шиг балмад байдаг. Хэлдэг үгс нь миний туршлагаар бол,
- Муу чацга
- Одоогийн залуучууд соёлгүй
- Ээж, аав шиг ээ хүний өөдөөс
- Үхэж байхдаа таарсан юмнууд
- П**** минь
- Лалар чинь
- Хүмүүжилгүй чацганууд
- Хүрз шороо ч хаяж үзээгүй юм байж
- Муусайн юмнууд
- Чиний насан дээр би
гэх мэтээр хэлэхэд нь гэдэргээ харвал намбатай байхаар насны эгч, ах нар харахын муухайгаар харж, хараахын муугаар хэлнэ. Дээрх үгс бол юу ч биш. Бичихэд тохиромжгүй үгс их бий. Уншигч та мэдэж л байгаа хойно дурдаад яах вэ гэж бодов. Тийм ээ, таны яг бодож буй тэр хүмүүсийг л би албин гээд байгаа юм. Үр хүүхдээ ч тэгж загнадаггүй байх гэж бодно. Үнэн сэтгэлээсээ гомдоно.
Миний бодлоор одоогийн залуус хүмүүжилтэй, ядаж л ёс зүйгээрээ тэдний үеэс илүү байгаа. Харин тэд хянуулж, цагдуулдаг байсан соц нийгмийн бүтээгдэхүүн атлаа яагаад тийм балмад болчихсон юм бол доо гэж гайхширна. Хэн чиг л элдвээр хэлүүлчхээд эелдэг харьцахгүй. Эргүүлээд үг хэлэхээр эрээн могой шиг хэл нь хүзүү боомилчих шиг айдас төрнө.
Тэдний үе нам шүтэж, номын дууг ганданд л сонсдог. Тийм атлаа хойч үе рүүгээ шүлсээ үсэргэн харааж, хүндлүүлж байх насандаа хүйтэн автобусанд адлуулж яваагаа ойлгохгүй явсаар үхнэ. Тэдэнд суудал тавьж өгөхөд эргүүлээд баярлалаа гэчихдэг нь ховор. Бүгдийг нь хэлсэнгүй, буян нь бялхсан зөвөөр ойлгуулж чаддаг хүмүүс олон байгааг мэднэ. Гэвч бүгдийнхээ нэрийг унагасан албин шиг хүмүүс олон байгаа учир энэхүү нийтлэлийг бичлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)