Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Өнөөдрийн байдлаар манай аймагт 16 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр 16 иргэнтэй холбоотой ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах байранд байрлуулж байгаа. Тусгаарлах байранд ямар иргэд байх уу гэрийн хорионд ямар иргэд байх асуудлыг хэлэлцэж байгаа. Гэрээр тусгаарлагдсан дам хавьтлын 820 иргэн бий. Хөл хорио ямар үр дүнтэй гэдгийг бид бүгд мэдэж байна. Энэ сарын 16-нд анхны тохиолдол бүртгэгдэхэд түүний эхний хавьтал 68 хүн байсан бол түүний дараа хөл хорио тогтооход 19-нд бүртгэгдсэн 2 дахь тохиолдлын ойрын хавьтал багассан. Тусгаарлалтад буй иргэд бидний ажлыг ойлгож, хүндэтгэн үзэхийг хүсч байна. Хөл хорио үр дүнтэй гэдэг нь хавьталд илэрч буй иргэдийн тооноос харагдаж байгаа.
Цаашид Дархан сум, Шарын гол сум, Хонгор сумын төвүүдэд нэг иргэн нэг айл гэсэн зарчмаар бүх иргэдийг шинжилгээнд хамруулна. Эдгээр гурван суманд хатуу хөл хорио тогтооно. Аймгийн төвөөс иргэдийг тус сумдад руу нэвтрүүлэхгүй. Дархан хотод 0 зогсолт хийсэн хугацаанд иргэдэд хүнс, түлээ түлш хүргэлтийг тасралтгүй хүргэсэн. Хүнсний хүргэлтийн хамгийн чухал хэсэг нь мах хүргэлт байсан. Нийтдээ 36.5 тонн махыг өнгөрсөн гурван хоногийн хугацаанд хүргэсэн. 1000 төгрөгний худалдан авалтыг ч гэрээр хүргэж үйлчилж байна. Эхний ээлжинд хүнсний хангамж авсан иргэд одоо авахгүй. Аваагүй бусаддаа боломж олгоно. Аймгийн хэмжээнд 0 зогсолтыг зогсоосон ч 12 дугаар сарын 1 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжилнэ.
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл "Дарханчууддаа зөвлөж хэлэхэд тайвшрах болоогүй. Хоёр төрлийн кластераар дамжсан өвчлөл тархсан. Төмөр зам дагасан болон гурван хүнээс тархсан халдвар. Гурван хүнийг хамарсан энэ өвчлөлийн эх уурхай бүрэн тогтоогдоогүй. Иймээс зайлшгүй бус тохиолдолд гадаа гарахгүй байх хувийн ариун цэврээ сайтар сахихыг зөвлөж байна. Өнгөрсөн шөнө 90 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан" гэлээ.
Б.Баатар