Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-аар хэлэлцэгдэх болсноос хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрлөө. Аль болох хурдан батлуулна, эдийн засгийг хөдөлгөх хамгийн сайн гэрээ боллоо хэмээн яригдаж байсан Тавантолгойн гэрээ УИХ дээр очоод Ажлын хэсгийнхний гарт орсон.
Гэтэл багагүй хугацаанд таг чиг байсан ажлын хэсэг өнгөрсөн мягмар гэнэт хаалттай хуралдлаа. Энэ хурлын дараа Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Тавантолгойн гэрээг Засгийн газарт буцаах байх” гэсэн зүйл ярив. Тэгэхээр гэрээг УИХ-аар хэлэлцэхгүй гэдэг нь тодорхой боллоо.
Ажлын хэсгийнхэн гэрээний англи хувилбарыг өгөхгүй байгааг уг гэрээг буруутгаж буйн гол үндэслэл хэмээн үзэж буй. Англи хэл дээрх эх бол асуудал үүсч Арбитрийн шүүх дээрээ тулбал гол нотлох бичиг баримт болох учир харьцуулж харах нягтлах шаардлага байгаа нь тодорхой. Хэрэв Засгийн газар гэрээний англи эхийг өгчихвөл ажлын хэсгийнхэн 2-3 хоногт шийдвэрээ гаргах боломжтой гэж байна.
Ажлын хэсгийнхний бас нэгэн дүгнэлт бол хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн бие даасан мэргэжилтнүүдийн дүгнэлтийг ирүүлээгүй гэдгийг онцолжээ.
Түүнчлэн “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд Гашуун-Сухайт-Ухаа худаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замынхаа асуудлыг хөрөнгө оруулагчид хамтад нь шийдэх ёстой гэж үзэж байна. Үүний тулд Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг дахин зарлах гарц үлдлээ гэдгийг шууд бусаар хэллээ.
Тэд 2010 онд шалгарсан 6 компанидаа дахин хүсэлт гаргаж, төмөр замд хөрөнгө оруулалт хийх компаниа шалгаруулаад тэр компанидаа Тавантолгойн олборлолт хийх эрхийг өгье гэдэг дүгнэлт гаргахаар төлөвлөж байгаа аж.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын одоогийн гэрээг харлуулж буй 1072 ширхэг хувьцааны асуудлаар шийдэх гаргалгааг ажлын хэсгийнхэн санал болгосноо дуулгасан. Үүндээ Монгол Улсын Засгийн газар эзэмшиж буй хувьцаагаа хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийнх нь эрхийн асуудал учраас иргэдийн болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг цааш нь дамжуулан хэн нэгэнд ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрлийг нь авах ёстой. Эсвэл нөхөн төлбөрөө төлөх ёстой гэжээ. Тиймээс Засгийн газар энэ хувьцааг эзэмшигчдээс худалдаж аваад, дараа нь хэрэгжүүлэгч компаниудад өгч болох юм гэж харж байна.
Ажлын хэсгийнхний саналаар бол Эрдэнэс Тавантолгой компани 51 хувийг дангаараа эзэмших бус хөндлөн чиглэлийн төмөр замыг барих 3.1 тэрбум ам.доллар, урагшаа чиглэлийн 268 км төмөр замыг барих нэг тэрбум ам.доллар гээд нийтдээ 4.5 тэрбум ам.долларыг төмөр замд гаргаж чадах тэр компаниудад Тавантолгой нээлттэй байхаар зохицуулалт хийх бололтой.
Г.Үжин
Сэтгэгдэл (13)