Өчигдөр өдрийн 16 цагийн үед өрнөж эхэлсэн “айдас”-т үйл явдал шөнийн 23.55 цагийн үед түр намжлаа. Тодруулбал, БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 айлын 12 давхар орон сууц хэзээ ч нурж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд орсон юм. Тус байрны ойр хавийн газрыг барилга угсралтын “БИ ЖИ БИ ЖИ” гэх компани ухахдаа үерийн даланг сэтэлж тус байрны суурийн хэсгийг хөндсөн учраас 16 дугаар байрны даацын хавтан цуурч барилгад ан цав үүсч эхэлжээ.
Байрны иргэд гомдол гаргасны мөрөөр холбогдох байгууллагууд уг зөрчилтэй газар дээр нь танилцан улмаар, 15 цагийн үед Нийслэлийн онцгой комисс хуралдан БГД-ийн 14-р хороо, 16-р байрны иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Үүний дагуу 22.00 цагаас эхлэн тус байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж дуусаад 22.55 цагийн үед тус байрны тог цахилгааныг таслан цагдаагийнханд хамгаалалтанд авлаа.
Тус байрны иргэдийн хэлж байгаагаар өнгөрсөн жил л энэ хавийн газрыг хашиж ухаж эхэлсэн. Өвөл түр зогсоод дулаарч эхэлснээс хойш дахин ухаж эхэлсэн нь ийм байдалд хүргэлээ гэсэн мэдээллийг өглөө. Мөн тус компанийн захирал нь “Барилгын суурийн хэсгийг ухахдаа үеийн хавтанг хөндөхгүй. Хөндсөн тохиолдолд манай үйл ажиллагааг зогсоож болно” гэсэн бичиг үйлдэн өөрийн утас, регистрийн дугаараар баталгаажуулсан боловч эцсийн дүнд байдал өөрөөр эргэж тус байрны 240 гаруй оршин суугч орох оронгүй боллоо, цаашид хаана амьдрахаа мэдэхгүй байна гэж байлаа. Мөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл олгосон байгууллага нь гомдол, хүсэлт гаргасаар байхад холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгохгүй байгаад харамсаж байна” гэсэн юм. Тус байрны оршин суугчдын зарим нь зуслангийн байрандаа очсон бол зарим нь хамаатан садан, ах дүүгийндээ очиж үлдсэн хэсэг нь зочид буудалд толгой хоргодож байна.
48 айлын 240 гаруй хүний амь насыг эрсдэлд оруулсан "БИ ЖИ БИ ЖИ” компанийн захирлыг У.Ганбат гэдэг аж. Дөнгөж 40 гарч яваа тэрбээр асуудалд дэндүү хэнэггүй хандаж “Арга хэмжээ авчихна, Та нар больчихооч дээ, яах гээд байгаан юм” хэмээн сэтгүүлчдээс зугатан уцаарлаж байв.
“БИ ЖИ БИ ЖИ” компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан байна. Харин тус зөвшөөрлөө 2014 онд сунгуулжээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрлийг нь сунгасан гэх. ТОДРУУЛБАЛ, Нийслэлийн Засаг даргын 201 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/155 дугаар захирамжаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгогдож Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба гэгч гарын үсэг зуран зөвшөөрсөн байна. Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь 2014.07.22-ноос 2015.07.22 хүртэл нэг жилийн хугацаатай юм байна.
Тус газрыг эзэмшүүлэхээр олгож байгаа нь ч, эзэмшин авч байгаа нь ч хариуцлагагүйн зуданд нирвэгджээ. Харсаар байтал үерийн далан барьж нурах аюулаас сэргийлсэн байтал түүнийг нь ухсаар 16 дугаар байрны сууринд тулгах нь ямар эрсдэл дагуулж болохыг насанд хүрсэн хүн эрх биш ойлгодог л баймаар. Ухаж байх явцад нь газрын хөрсний ихээр тунаж байгаа хэдий ч үл тоомсорлон малтсанаар гэсэж суларсан хөрс бөөн бөөнөөрөө нурж эхэлжээ. Улмаар байшингийн даацын хана суулт өгч хэзээ мөдгүй нурах аюул нүүрлэчихээд байхад “Арга хэмжээ авчихна, та нар яах гээд байгаа юм бэ” хэмээн хэгжүүрхсэн захиралд хуулийн дагуу арга хэмжээ авах л ёстой. 48 айл өрхийн 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд орууллаа шүү дээ. Цаашид эл байрны оршин суугчид байрандаа буцаж орох нь бүү хэл тэнд үлдээсэн эд хогшилоо ч авч чадахгүйд хүрсэн нөхцөл байдал ажиглагдаж байна. Хариуцлагагүйн зуд араасаа ямагт гамшиг дагуулдаг гэж энэ. Энэ талаар бид үргэлжүүлэн сурвалжилж мэдээлэх болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (18)