Хайртай дотны найзаа алдсан хэсэг залуус түүнийхээ араас ихэд гашуудаж байна. Гэхдээ тэд ихэнхийн адил баар, ресторанд цуглаж гуньхарсан сэтгэлээ хатуу дарсаар даруулсангүй. Харин найзыгаа хүндэтгэн буян үйлдэхээр шийджээ. Ингэхдээ үдэш бүр залбирч ч юм уу, талбай дээр цугларч гэрэлт зул өргөхийг илүүд үзсэнгүй. Оронд нь хайр халамжаар дутаж яваа өнчин хүүхдүүдэд халуун дулаан сэтгэл ямар сайхныг мэдрүүлэхээр шийдсэн байна.
Ц.Бямбацогт нэртэй Фэйсбүүк найз минь сайн үйлсийн аянд нь ном бэлэглэсэн нэгэн хүнд талархал илэрхийлж бичсэнээр би энэ залуусын ажлыг сонирхоход хүрсэн юм. Интернэтийн үл таних найз минь хүүхдүүдийг баярлуулахаар ном, хувцас гэх мэт хандив цуглуулж байгаа бололтой. Бичсэнийг нь уншвал хүний жаахан үрсийг баярлуулна гэхээс үнэхээр их хөөртэй яваа нь илт байв. Тиймээс түүний нөхдийн өрнүүлж буй ажлыг Монголын гэрэл гэгээтэй мэдээллийг түгээдэг “Эерэг 24” буландаа онцоллоо.
Шийдэл: Залбирч биш тусалж буян үйлдэе
Ямар үйл ажиллагаа зохион байгуулж буй болон мэдээлэл өгөх боломжтой эсэхийг асуухад Ц.Бямбацогт ихэд таатай хариу өгч, намайг өөрсдийн “ажлын оффис”-тоо нэмэв. Ингээд би хүүхдүүдэд туслах аяны фэйсбүүк группт гишүүнээр орж тэднийг юу хийж, юу хүсч буйг дотроос нь мэдэрлээ.
Хийж бүтээх ид залуухан насандаа бурхан болсон дотны анд Ч.Тогтохцэрэнгийн дурсгалд зориулан найзууд нь “Бид үүрдийн сайн найзууд” групп нээжээ. Энэ группдээ залуус найзынхаа араас буян хийх сайхан ажлаа ярилцана. Нэлээд хэлэлцсэний эцэст “эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх” нь найзынхаа дурсгалыг хүндэтгэх хамгийн зөв шийдэл гэж санал нэгдсэн байна.
Энэ ажлаа хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн газруудыг судалсны үндсэн дээр гадны ямар нэгэн хөрөнгө оруулалтгүй, голчлон бүтэн өнчин хүүхдүүдийг хүмүүжүүлдэг, байр түрээслэн суудаг “Манай гэр” хүүхэд асрах газрыг сонгож туслахаар болжээ.
Монголын хамгийн эвтэй 76 гишүүн
“Бид үүрдийн сайн найзууд” групп 76 гишүүнтэй. Тэд бүгд зорьсон ажлаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө чадах ядахаараа хичээнэ. Гэр бүл, бусад найз нөхөд, ажлын боломжоо ч үүндээ дайчилна. Харин надад энд нэг зүйлийг асуумаар санагдсан юм. Хааяа миний хэдхэн найз нийлээд нэг юм хийе гэхэд санал нийлэхгүй үе зөндөө байдаг. Тэгвэл зарим нь одоо хүртэл уулзаж амжаагүй яваа эдгээр залуус хэрхэн нэгдэж чадав? гэдэг асуулт сонирхол татаж байлаа.
Талийгч Ч.Тогтохцэрэнгийн найзууд кибер ертөнцөд цугларсан бөгөөд сураг сонссон нэгнээ нэмсээр үе үеийн найзууд нэгдэж чаджээ. Группт шинээр элссэн гишүүд сайн үйлсийн аяны тухай саналаа хуваалцахаас гадна тэднийг нэгтгэсэн нөхрийнхөө тухай сайхан дурсамжаа бичнэ.
Тухайлбал, Г.Энхцэцэг “Анх талийгчтай наймдугаар ангиа төгсөөд хоёулаа МУИС-ийн лицей сургуульд элсэж, математикийн ангид хамт сурч байлаа. Лицейдээ 2 жил, МУИС-ийн эдийн засгийн сургуульд 4 жил хамт сурсан. Арван жилд байхын л математик, геометрийн хичээлд дуртай, хичээл зүтгэлтэй, уйгагүй хүүхэд байсан. Ийм ч эрдэм шинжилгээний хурал, тийм ч уралдаан тэмцээнд оръё гээд намайг ятгах боловч би хайнгадуу залхуу нэгэн байлаа. 2008 оны төрсөн өдрөөр минь “Real Estate Principles” гээд том ном өгөөд заавал уншаарай гэж захиж билээ” хэмээн дурсжээ.
Харин Г.Уянга гэдэг бүсгүй “Хамгийн анх Япон Монгол төвийн номын санг заалгаж танилцаж билээ. Ерөнхийдөө их олон зүйл дээр хамт байсан. Цуг анги сольж, Голомтийн тэтгэлэг, Ерөнхий сайдын тэтгэлэг, Бадараа агсны тэтгэлэг авч сургуулиа төгсөөд Хаан банкинд нэг хэсэг хамт ажиллаж байсан. Ийм сайхан үйл хэрэгт ялангуяа найзынхаа дурсгалд зориулсан хэрэгт оролцохдоо баяртай” байна хэмээн бичжээ.
Бас нэг нь “Нэг сургууль, нэг курс учраас эчнээ мэддэг байсан ч толгой сайтайгийн хажуугаар хамт олонч, нийтэч хүн гэдгийг нь нэг ангид суртлаа мэдээгүй явжээ. Тогтохоогийн хэлж байсан нэг зүйлийг би одоо ч гэсэн сайн санадаг. Өглөө ажилдаа, орой гэрлүүгээ яардаг хүн хамгийн жаргалтай” гэж хэлдэг байсан. Бас “Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй, харин аз жаргалтай хором мөчүүд гэж байдаг. Тэр хором мөч олон байх тусам хүний амьдрал жаргалтай байдаг” гэж нэгэн удаа хэлж байсан. Ер нь их олон зүйлийн талаар эргэцүүлж боддог, тэрийгээ бусадтай хуваалцах дуртай байжээ” хэмээн дурссан байлаа.
Тэд үнэхээр талийгчийн үүрдийн сайн найзууд байсан нь ингэж нэгтгэж чадсан байх гэсэн бодол төрлөө. Нөгөө талаас хүүхдүүдэд туслах буянтай ажил тэднийг үр дүнтэй ажиллахад нөлөөлсөн байж болох юм. Энэ үед манай УИХ-ын 76 гишүүн Монголын хүүхдүүдийг хөгжүүлэхийн төлөө эдэн шиг нэгдэж чаддаг болоосой хэмээн бодогдож байсныг нуух юун.
Бусдад буян үйлдэх нь сэтгэлийн их цэнгэл болдог
Залуус сар гаруйн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн өнгөрсөн ням гарагт “Манай гэр”-ийн хүүхдүүддээ хандивын эд зүйлсээ гардуулж өгсөн юм. Тодруулбал, 1.305.000 төгрөг цуглуулж үүгээрээ асрамжийн газрын хүүхдүүдийн хөгжилд хэрэгтэй, авах шаардлагатай олон зүйлийг худалдан авчээ.
“Баян” залуус ганц удаа шоудахдаа үрэх мөнгөөр сайн найзуудын сүлжээ:
- Хүүхдийн шилмэл уран зохиолын шилмэл ном -88ш
- Бичгийн хэрэгсэл -24ш
- Хүүхдийн хувцас -23ш
- Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх тоглоом
- Ор хөнждлийн давуу- 3ш
- Гутал, оймс -3ш
- Хүүхэд бүрт гарын бэлэг- 20ш
- Гэрэл зургин цуглуулга -3ш
- Цэвэрлэгээний хэрэгсэл
- Витамин зэрэг зүйлсийг хүүхдүүдэд бэлэглэжээ.
Тэд үүнээс өмнө хэд хэдэн удаа асрамжийн газрын хүүхдүүдтэй хамт гадуур зугаалж, зөвлөгөө мэдээлэл өгч тусалсан юм. Тухайлбал,
- Хүүхдүүдэд зөвлөгөө өгөх
- Англи хэл заах
- Хүсэл мөрөөдлийн тухай шүлэг, гар зургийн уралдаан зохион байгуулах
- Эмч найз нь хүүхдүүдийг үнэгүй үзлэг шинжилгээнд хамруулах
- Зусланд амраах
- “Genius” сургалтын төвд англи хэлний үнэгүй сургалтад хамруулах
- Номын тавиур хийлгэх
- "Хөх дэвтэр" хэвлэлийн газрынхан хүүхдийн номнууддаа 30-35 хувь хямдруулж худалдахаар болсон зэрэг тэдний төлөөх хандивын бус олон ажлыг зохион байгуулсан байна.
Үүрдийн сайн найзууд сайн үйлсийн аянаа цаашид үргэлжлүүлэх бөгөөд “Миний гэр”-ийнхэнтэй холбоотой байж хийхийг төлөвлөсөн олон ажлаа дуусгана хэмээн амлаж байгаа юм.
Залуус аяныхаа тухай “Бид тусалсан гэхээсээ илүүтэйгээр тэдгээр хүүхдүүд бидэнд маш их зүйлийг ойлгуулсныг онцлох хэрэгтэй болов уу. Хариу нэхээгүй тус эзэндээ ямар их сэтгэлийн цэнгэл авчирдаг болохыг, хүүхдийн нүдэнд баяр баясгаланг гэрэлтүүлэх нь өөрөө юутай ч харьцуулашгүй ариун үйл гэдгийг мэдэрлээ” хэмээн ярьж байна.
Нөхдийнхөө хайрыг хүлээсэн Ч.Тогтохцэрэн
Анх аяны тухай лавлахад Ц.Бямбацогт найзынхаа тухай ингэж ярьсан юм. “Бид хүний хайлан болсон 22-хон настай, ид хийж бүтээхийн хүслээр гялалзаж явсан найзыгаа дөрвөн жилийн өмнө зуурдаар алдаад их харамсацгаасан юм аа. Тухайн үед найзынхаа дурсгалд зориулан номын сан байгуулах юмсан гэж ярилцаж байсан ч зарим нь шинэ ажилтан, зарим нь оюутан байсан тул хэрэгжүүлж амжаагүй. Гэхдээ тэр үед ярилцсан зүйлсээ марталгүй явсаар сарын өмнөөс аян болгоё гэж шийдсэн. Найзыгаа магтаж байна гэж битгий бодоорой, яг үнэндээ 100 мянган хүнд нэг төрөх ухаантай, маш хөдөлмөрч хүн байсан юм. Олон бэрхшээлийг туулж 22 насандаа олон ч амжилт нэр алдарт хүрсэн дээ” хэмээв.
Нээрээ ч Ч.Тогтохцэрэн үнэхээр хичээнгүй, манлайлагч нэгэн байсныг түүний тухай нөхдийнх нь дурсамжаас харж байлаа. Олон арван олимпиад тэмцээнд амжилттай оролцож, тэтгэлэгүүдээр мялаалгаж явсан тэрээр нөгөө талаас хүний сайн анд нөхөр байжээ.
Эерэгээр холбоотой байя 24tsag.mn
Д.Идэр
Сэтгэгдэл (15)