Хар өнгө бол хэзээ ч , хаана ч, юун дээр ч зохицдог хүн бүрийн сонголт сонгодог өнгө юм. Ганц өөлөх юм гэвэл угаах тусам амархан өнгөө алддаг нь харамсалтай. Хэдийгээр хар хувцсанд элдэв бохир харагдахгүй гэж хүмүүс боддог боловч хамгийн жижиг бохирдол (тос, хаг, гэрийн тэжээвэр амьтны үс, пудрын үлдэгдэл, хоолны толбо гэх мэт) хүртэл гялайгаад өнгө тодорч харагддаг шүү дээ. Тиймээс хүмүүс хар өнгөтэй хувцсыг олон угааж өөрийн хайртай цамц өмдөө амархан гандаах хандлагатай байдаг.
Гэхдээ та бидний санал болгож буй дараах аргыг хэрэгжүүлээд хар хувцсаа өнгө алдахаас сэргийлэх боломжтой. Эдгээр алхмуудыг тэгээд та хувцас угаах болгондоо хэрэгжүүлээрэй. Тэгвэл таны хувцас маш сайхнаараа, яг л дэлгүүрээс авахад ямар байсан тэр үеийнх шигээ удаан хугацаанд байх болно.
Хар хувцсыг угаах арга
1. Угаах бүрд ямар ч өнгийн хувцасны өнгө бүдгэрдэг учир ялангуяа хар өнгийн хувцсаа аль болох бага угаагаарай. (Гэхдээ хар өнгийн дотуур хувцас болон оймсыг нэг удаа өмссөний дараа угаах хэрэгтэй шүү)
2. Ижил хар өнгийн хувцастай хамт угаана.
3. ЗААВАЛ ДОТРЫГ НЬ ЭРГҮҮЛЖ УГААГААРАЙ. Дотор талаар нь эргүүлж угааснаар өнгө алдахаас сэргийлээд зогсохгүй материалын элэгдэл буюу нимгэрэлт багасах болно.
4. Хүйтэн усаар угаана. Хувцсыг халуун бүлээн усаар угаах нь хувцасны өнгө илүү хурдан арилж бүдгэрэхэд нөлөөлдөг. (Тиймээс усны температурын зохимжтой хэмжээ нь 15,6-26,7 градус)
5. Угаалгын машиныхаа цагийг хамгийн бага дээр тохируул. Хар хувцсыг хааяа л угаахтай адилаар угаах хугацааг ч аль болох бага богино байлгах хэрэгтэй.
6. Хар өнгийн хувцас угаах зориулалтын угаалгын нунтаг ашиглана. Мөн шингэн угаалгын бодис нь хүйтэн усанд илүү сайн задардаг. Угаалгын нунтаг дээрээ бага зэрэг нунтаг давс хийгээд угаагаад үзээрэй.
7. Хувцас хатаагчаас татгалзан агаарт өөрөөр нь хатаах нь маш зөв сонголт. Мөн хуурай газар хатаахдаа нарны хэт тусгалаас хол аль болох сүүдэрт хатаагаарай. Учир нь нарны гэрэл нь байгалийн цайруулагч л гэсэн үг юм.
Хар хувцасны өнгө сэргээх арга
Харин одоо нэгэнт хувцас тань өнгөө алдчихсан бол өнгийг сэргээх аргуудаас сонирхуулъя.
1. Буцалсан устай саванд нунтаг хар кофе нэмнэ. Энэхүү холимог нь маш хүчтэй кофе шиг амттай, өнгөтэй болох ёстой. Үүний дараагаар кофетой уусмал дээрээ өнгөө алдсан хар хувцсаа хийж 20-30 минут байлгаад дараа нь зөөлөн угаалгын нунтаг ашиглан гараар угаана. Энэ арга нь нэлээд үнэтэй боловч үнэхээр үр дүнтэй учраас өнгө алдсан хайртай хар хувцсан дээрээ заавал туршаад үзээрэй.
2. Хар өнгийг сэргээх, бэхжүүлэх амархан арга нь хар тушь бүхий усанд хувцсаа зайлах. Энэ нь зөвхөн гараар угаахад л тохирох арга юм. Хамгийн сүүлийн зайлах үедээ бага зэрэг хар тушь, 1-2 хоолны халбага уксус усан дээрээ нэмж зайлах хэрэгтэй.
3. Хамгийн энгийн бөгөөд залхуу арга бол та өнгийг нь сэргээхийг хүсэж буй хувцсаа хими цэвэрлэгээнд аваачиж өгөх. Зориулалтын хими цэвэрлэгээний газар танд туслах болно.
Л.Баяр
Сэтгэгдэл (7)