Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд 5500 тонн давс, 7000 тонн бодис хэрэглэсэн. Уг хэмжээнд тохируулан энэ оны давс, бодисын нөөцлөлтийг тооцож буй. Өнөөдрийн байдлаар 5500 тонн давс, 4000 тонн бодис нөөцөлсөн. Дараагийн шатны нөөцлөлт худалдан авалтын болон тээвэрлэлтийн шатдаа явж байна. Давсны нөөцлөлтийг дотоодоосоо бүрэн хангана. Мөн энэ онд бодисын нөөцлөлтийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс авах бөгөөд тухайн бодис нь экологид ээлтэй, зам талбай болон байгууламжид идэмхий чанар багатай байх шаардлага тавин, худалдан авалт хийж байна ” гэв.
Түүнчлэн УБЗАА-наас өнгөрсөн долоо хоногт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд нийт 37 байгууллагын 1000 гаруй зам талбайн үйлчлэгч оролцсон бөгөөд энэ үеэр 300 гаруй машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангажээ. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд машин техникийн бэлэн байдал 30-40 хувь нэмэгдсэн нь хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийсэнтэй холбоотой. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар тус салбарын ажилчдын цалинг 1000 ам.доллар хүртэлх хэмжээгээр нэмсэн нь тогтвор, суурьшилтай ажиллах хүний нөөцийг бүрдүүлж, машин техник нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг тоог нэмэгдүүлсэн гэдгийг тэрбээр онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (5)