Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт их хэмжээний цас орж, зарим газраа цасны зузаан 80 см-т хүрсэн. Тог цахилгаангүй, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон, 1 хүн эндсэн нөхцөл байдалтай байгааг өчигдөр бид мэдээлсэн. Харин өнөөдрийн (2023.09.27) нөхцөл байдлын талаар дахин тус сумын Засаг дарга Л.Даваабаяраас тодрууллаа.
Тэрбээр "12:00 цагийн байдлаар Ханхад цас орсоор байна. Гурав дахь өдрөө тоггүй байна. Малаа бэлчээрт гаргах ямар ч боломжгүй. Маргааш тэнгэр онгойвол сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулна. Аймгийн онцгой руу нөхцөл байдлыг мэдээлсээр байгаа.
Нойтон цас болохоор тун хэцүү юм.
Жуулчны баазын гэр нурсан, хөдөө айлын байшингийн дээвэр нурсан гэх мэдээ байгаа. Одоогоор тоог гаргаагүй, үүрэг гүйцэтгэж мэдээллийг цуглуулан ажиллаж буй. Модны мөчир хүртэл цасаа даахгүй хугарч байна.
Үүний өмнө буюу наймдугаар сард хуй салхи дэгдэж, нэг уулын арын мод тэр чигээрээ унасан шүү дээ. Хойно Оросын тосгонд энэ цаснаар модод унаж байна гэсэн мэдээлэл ирсэн.
Цас дагширч, сууж орж байгаа мөртөө 45-80 см-т хүрээд байна шүү дээ. Гол, усны түвшин ч нэмэгдэж байна. Ахин ямар нэгэн эндэгдэл гараагүй" гэлээ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)