“Ээж ээ надад зөндөө их амттан авч өгөөч". "Миний охин хичээлээ л сайн хийгээрэй. Ээж нь мөнгөтэй болоод охиныхоо хүссэн бүрийг нь авч өгнө". "Ээж ээ манай ангийн охин гоё гуталтай болсон байна лээ. Надад түүнийх шиг гутал аваад өгөөч” гэж эрхэлж туньж, тоглож наадахаас өөрийг мэдэхгүй энэ л гэгээн үе түүнд ногдсонгүй. Харин эцсээ хүртэл “аав аа, миний буруу” л гэж "үглэсэн" байх. Даанч өршөөл энэрлийг ч мэдэхгүй харгис хойд аав нь хайр найргүй өвтгөнө.
Харгислалын шүүс болох бүртээ охин ээждээ гомдож, хорвоог зүхдэг байсан байх. Өөрийг нь ойлгох, анзаарах хэн ч үгүй болохоор тэр. Тийм ч учраас тэнгэр хүртэл хараад өрөө өвдтөл мэгшжээ. Зовлон юугаас нь салгаж, өөртөө авахыг л хүссэн байх.
“Өнөөдөр аав минь эрүүл ирээсэй. Ижийдээ эрхэлж, амар суух юмсан. Аавыг орхиод явж болдоггүй юм болов уу. Ижийд минь хэцүү байх юм болов уу” гэж боддог байсан болов уу. Ийн олон асуулт үлдээгээд чи минь хорвоогоос одож. Энэ л биеэрээ хайхрамжгүй томчууд биднийг сэрээгээд одож.
Хүүхэд нас. Амьдралыг гэгээн тунгалаг бүхнээр төсөөлөх гэгээн үе. Хар бараан бүхнээс ангид байх энэ л насанд нь хүүхэд бүрийн сэтгэлд хир буу суугаасай.
Есөн настай охинд тохиолдсон эмгэнэлт явдлаар эмэгтэй гишүүд зүүднээсээ "сэрэв"
Өчигдөр эмэгтэй гишүүдийн төлөөлөл есөн настай охины амь насыг бүрэлгэсэн хойд эцгийн жигшүүрт хэргээр хуулийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр охины хавирга өмнө нь ч хугарч бороолж байсан тухай сэртэсхийлгэм мэдээ дуулгах нь тэр. Миний, таны хүүхэд шиг л энэ бяцхан охин “ханатлаа тоглох юмсан” гэж биш “өнөөдөр зодуулахгүй л байх юмсан” гэж өдөр хоногийг өнгөрөөж байсан гэж бодохоор халаглалтай.
Эмэгтэй гишүүд “Цаашид өдөр бүр шахам ийм зүрх зүсэм мэдээ сонсохгүйн тулд Монголын төр хууль эрх зүйн орчноо сайжруулах, хуулийн хэрэгжилтийг чангатгах, хүүхэд хамгааллын бодлогоо сайжруулахад анхаарах цаг нэгэнт болжээ. Нялх үрсээ хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэ асуудлаар эмэгтэй гишүүд бид нухацтай бас хурдтай ажиллана гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм.
Тэд ийн зүүднээсээ сэржээ. Есөн настай охины эмгэнэлт явдлыг нийгмээрээ жигшин зэвүүцэж байж дуу оров. Уг нь эмэгтэйчүүдээс бодлого хүсдэггүй шүү дээ.
Зөвхөн нийгмийн эмзэг хэсэгт хүрч ажиллаач ээ л гэж гуйдаг.
Хүүхдүүд амь насаараа хүн нэрт бохир араатнуудын золиос болсоор байгаад дуу хоолойгоо хүргэх, хамтдаа тэмцэхийг л хүсдэг. Хүчирхийлэлд байгаа ээжүүдийн төлөө, хүүхдүүдийн төлөө анхаарч ажиллаасай л гэж хүсдэг. Яагаад гэвэл эх хүн болохоор нь тэр.
Дүү минь, хонгор алаг үр минь. Айдсыг чинь үргээх гэж энэ дэлхий чамайг минь биеэрээ хучсан байх.
Нэг ч бяцхан зүрх хатуу, харгис сэтгэлтнүүдийн гарын шүүс, золиос болох учиргүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)