Монголдоо тэргүүлэх зэргийн эмийн үйлдвэрт тооцогддог “Монос” группийн охин компани болох “Монос Хүнс” компани хэдхэн хоногийн өмнө хувьцаагаа нээлттэй арилжсан билээ. Ингэснээр эмийн үйлдвэрлэлээр Монголдоо монополь гэдгээ бататгасан юм. Тиймдээ ч монголчуудын олонх нь “Монос”-ын бүтээгдэхүүнд итгэж, найдан, тус компанийн эмийн сангаар үйлчлүүлэх нь олон. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Монос” эмийн үйлдвэрт гарсан хордлогыг шалгахад нян тээгч ажиллаж байсан талаар өчигдөр мэдэгдэв.
Энэ мэдээллийг сонссон иргэд айж, цочсон нь лавтай.
Учир нь эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангаж ажилладаг, үйлдвэрлэсэн эм, эмэн бүтээгдэхүүн нь зовж шаналсан нэгнийг илааршуулах увидастай гэж итгэж найдаж байтал ийм мэдээлэл цацагдахтай зэрэгцэн “МОНОСТ ИТГЭЖ БОЛОХ УУ” гэж асуухад эрхгүй хүрэв.
Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдснээр 2014-2018 оны эхний есөн сарын байдлаар хоол, хүнснээс шалтгаалсан хордлого, халдварын дэгдэлт нийт 53 удаа гаржээ. Үүнээс 19 нь хүүхдийн байгууллага бөгөөд үүнд нь 1257 хүүхэд өртсөн байх юм. Хамгийн сүүлд энэ оны эхээр “Таван богд групп”-ийн мэдлийн “KFC” түргэн хоолны газраас хооллосон иргэд “Shigella spp” нянгаар халдварласан болох нь тогтоогдсон билээ. Түүгээр зогсохгүй тус хоолны газрын ажилчид цусан суулга өвчин үүсгэгч нян тээж байсан нь шинжилгээгээр тогтоогдсон юм.
Тэгвэл үүнээс өмнө нь “Монос” эмийн үйлдвэрт мөн хордлого, халдвар гарсан болж таарав.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр шүү дээ. Халдварын голомтод хяналт, шалгалт хийхэд тухайн ажлын байранд нян тээгч ажиллаж байсан нь тогтоогдсон байна.
Гэтэл энэ талаарх мэдээллийг олон нийтээс нууж, тэрүүхэн тэндээ нууцалсан бололтой. Угтаа бол эмийн үйлдвэрлэл бол ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг. Энэ ч үүднээс эм үйлдвэрлэлийн технологи, үйлвдвэрийн ахуй орчиноос эхлээд ажилчдад тавигдах шаардлага өндөр байдаг. Гэсэн атал Монголдоо номер нэг төдийгүй, дэлхийн олон улсад бүтээгдэхүүнээ импортлодог уг компаниас халдвартай нян илэрнэ гэдэг бол байж боломжгүй зүйл.
Үүнийг ч хяналт шалгалт хийдэг байгууллагаас нь хүлээн зөвшөөрч, тус компанийн хариуцлагагүй үйлдлээс болсон гэдгийг хэлсэн.
Иргэдийн хувьд “Монос”-ын эм, эмэн бүтээгдэхүүнээс гадна эрүүл мэндийн төрөл бүрийн цай, хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатрын дүр бүхий “Аами”, “Тами” нэрсний шүүс, чацарганы шүүс зэргийг бараг л өдөр тутамдаа хэрэглэдэг. Эдгээрийг зөвхөн Монголдоо гэлтгүй Япон, Солонгос зэрэг Азийн улсад экспортлодог. Гэтэл “Монос”-оос илэрсэн нян эдгээр бүтээгдэхүүнд тээгдэж, иргэд үүнээс халдварласан бол яах вэ. Дээр хэлсэнчлэн сүүлийн дөрөвхөн жилийн дотор 1257 хүүхэд ямар нэгэн байдлаар хордлого, халдварын дэгдэлтэд өртсөн гэсэн.
Энэ мэтчилэн Монголын тэргүүлэх группийн мэдлийн компаниудад нянгаар бэлэг барьж эхэллээ. Өнөөдөр агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, эрүүл, аюулгүй, баталгаат хүнсний хомсдол үүсээд буй. Түүгээр зогсохгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэ өвчин дэгдсэн гээд асуудал шил шилээ даган гарсан энэ цаг үед хөгжлийг түүчээлэгч “Монос” групп нянгаар бэлэг барьдаг дараагийн компаниар тодорлоо.
Энэ ариун явдал гэж үү.
Б.Лхам
Сэтгэгдэл (18)