Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ярихдаа “Одоогийн байдлаар Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байна. Харин Вьетнамд ял эдэлж буй Монгол иргэн байхгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол иргэд Вьетнам улсыг зорих нь нэмэгдэж байгаа тул ирээдүйд үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор дээрх хэлэлцээрийг байгуулж байгаа юм. Монгол Улс энэ төрлийн гэрээ, хэлэлцээрийг аль болох олон оронтой байгуулах шаардлагатай байна. Учир нь Монгол Улсын иргэд гадаадад хууль зөрчих, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна” хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Монголчууд гадны иргэдтэй гэр бүл болох тохиолдол олон. Ингэхдээ тухайн орныхоо хууль, ёс заншлыг мэдэхгүйн улмаас гэмт хэрэгт холбогдох тохиолдол бий. Тиймээс гадны иргэдтэй гэр бүл болсон иргэдийг эрхийг хамгаалахад мөн анхаарах хэрэгтэй” гэв.
Монгол Улс Ялтан шилжүүлэх гэрээ, хэлэлцээрийг нийт есөн оронтой байгуулсан байна. Ойрын хугацаанд Макао, БНКазУ, Беларусь улстай гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Р.Хишигжаргал