Монгол, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 33 сая еврогийн буцалтгүй тусламж, 22 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авахаар боллоо. Монголыг төлөөлж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс нар гарын үсэг зурсан юм.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Монгол ХБНГУ-тай 25 жил хамтран ажиллаж байна. Бид хоёр тутамд ээлжит хэлэлцээрээ шинэчилж хийдэг. Энэ жилийн хувьд ХБНГУ-аас 33 сая еврогийн буцалтгүй тусламжийг өгөх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн дүнд биологийн олон янзын хадгалах, эрчим хүч, уул уурхай боловсрол зэрэг чиглэлд тодорхойлж санхүүжилтийг зарцуулна. Амжилттай хэрэгжиж буй төслүүдээ хэрэгжүүлэхээс гадна үр ашигтай хийгдэж байгаа төслүүдээ үргэлжлүүлнэ” гэв.
ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс “33 сая еврогийн буцалтгүй тусламжийн амлалт өгсөндөө баяртай байна. Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад нэн тэргүүн шаардлагатай байгаа ач холбогдол бүхий төслүүдэд санхүүжилт олгохооор шийвэрлэсэн. Юун түрүүнд боловсролын салбарт мэргэжлийн боловсрол хөгжлийн сургалт хоёрдугаарт, Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургуульд технологи, санхүүгийн хөрөнгө оруулалт олгохоор шийдвэрлэсэн” гэлээ.
Мөн тэрбээр “Боловсролын салбарт найман сая гаруй еврогийн хөрөнгө олгохоор тохиролцлоо. Мөн биологийн олон янз байдлын салбарт бид хөрөнгө шийдвэрлэсэн юм. Энд Монгол улсын тусгай хамгаалалтай байгаль орчинг хамгаалах, тэнд амьдарч буй орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн. Энэ жил онцгойлон хийсэн амлалт нь санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатарын гэр хороолол дахь олон нийтийн байгууламж буюу сургууль, цэцэрлэгийн байгууламжийг дулаалахад хөрөнгө оруулахаар байгаа. Сургууль, цэцэрлэгийн доторх агаар сайжирсанаар хүүхдүүд дулаан, цэвэр орчинд сургууль цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. Ингэснээр гэр хорооллын агаарын бохирдлын эсрэг эерэг арга хэмжээ хийж байна гэж ойлгож болох юм. Бид хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 1990-ээд оноос буцалтгүй тусламж олгож эхэлсэн. Хоёр жил тутамд амлалт өгч хөрөнгө олгодог энэ хугацаанд 400 сая еврогийн хөрөнгийг олгоод байна. Үүний 150 сая гаруй еврог сүүлийн хугацаанд олгосон. Герман улсаас Монгол улсад олгож байгаа нэг хүнд ногдох хөрөнгийн хэмжээгээр бусад оронд олгож буй хөрөнгө оруулалтыг тэргүүлж байгаа. Энэ нь Герман Монголын хамтын ажиллагааны хэлэлцээр нягт сайн байгаагийн илэрхийлэл хэмээн гэж бодож байна” хэмээн онцолсон юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)