Оном сангийн харьяа, Элэгний төв Америкийн Нэгдсэн Улсын Сейпхейд корпорацтай хамтран хөдөө орон нутагтаа дээж тээвэрлэхгүйгээр хепатитын вирусийн ачаалал тодорхойлох буюу РНХ/ДНХ тоолох тоон шинжилгээ хийдэг системийг Монгол улсад нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан “Оном” сангийн ТУЗ-ын дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.
-Энэ системээр оношилгоо, шинжилгээ хийх хэдэн лаборатори, хаана үйл ажиллагаагаа явуулах вэ?
-Монгол Улсын хэмжээнд 26 лаборатори үйл ажиллагаагаа явуулна. Энэ 26 лабораторийн хоёр нь хөдөө орон нутагт, үлдсэн нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулна.
-Хөдөө орон нутагт энэ төхөөрөмж цөөхөн байна л даа. Тэгвэл хөдөө орон нутгийн иргэд, нийслэл хотод ямар байдлаар шинжилгээнд хамрагдах боломж байгаа вэ?
-Тухайлбал Алтайн хязгаараас өвчтөн цусныхаа дээжийг явуулах хэрэгтэй. Үгүй бол өөрийн биеэр ирж шинжилгээ өгөх хэрэгтэй. Тэгэхээр хөдөө орон нутгийн ард иргэд маань ямар нэгэн байдлаар вирусээ тоолуулах нь л хамгийн чухал. Нэг миллилитр цусанд хэдэн вирус байна гэдгийг нарийвчлалтай тоолно гэсэн үг л дээ. Гэхдээ газар дээр нь цусыг нь аваад шинжилгээнд оруулбал хамгийн найдвартай хамгийн сайн үр дүн гарна. Учир нь цусыг аваад удах юм бол молекул нь задрах өндөр эрсдэлтэй байдаг.
-Энэ төхөөрөмжөөс хэдэн ширхгийг ямар өртөгтэй оруулж ирэх гэж байгаа вэ?
-Манай Оном сангийн зүгээс энэ асуудлыг шийдэх гээд сүүлийн хоёр жилийн турш судалгаа хийж ажилласан байгаа. Ингэж ажилласны үр дүнд бид 50 ширхэг аппаратыг АНУ-ын Сейпхейн корпорацтай хамтран нийт 2,8 тэрбум төгрөгийн өртгөөр оруулж ирж байна. Мөн манай Оном сангийн харьяа ашгийн бус Элэгний төв, хувийн хэвшлийн бусад лабораториудтайгаа хамтраад орон нутаг болгонд салбараа байгуулаад аймгийн төв болгонд нэг аппарат суурилуулна.
-Энэ төхөөрөмж өөр өвчний вирусуудыг тоолох боломжтой юу?
-Болно. Өөрөөр хэлбэл элэгний В, С вирусээ хоёуланг нь тоолж болно. Дээр нь нэмээд сүрьеэ, умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг вирус, олон эмэнд тэсвэртэй халдваруудыг тоолж болно. Тиймдээ ч энэ технологи Дэлхийн сүүлийн үеийн гайхалтай технологи байгаа юм. АНУ-ын Сейпхейд корпораци нь Дэлхийн молекул оношилгооны аппаратын тэргүүлэх газар юм.
- Энэ аппарат бусад хуучин төхөөрөмжүүдээс юугаараа ялгаатай вэ?
-Бусад хуучин аппаратууд нэг шинжилгээг 4-5 цаг ажиллаж байж байдаг гаргадаг байсан. Харин энэ аппарат маань ажлыг илүү хөнгөвчилж сумын эмнэлэг дээр гэхэд нэг шинжилгээг 90 минутын дотор бүрэн хийх боломжтой болох юм. Нэг төхөөрөмжид хамгийн ихдээ дөрвөн сорьц хийх боломжтой юм. Ингээд үзэхээр бусад төхөөрөмжүүдээс илүү түргэн шуурхай оношилгоо хийх боломж бүрдүүлнэ.
-Танай байгууллага судалгаа хэр хийдэг вэ. Элэгний вирусууд ямар замаар дамжиж байна вэ. Яаж урьдчилан сэргийлэх вэ?
Судалгаанд 12 аймаг хамрагдаад байгаа. 24 доош насны хүмүүсийн дундах В,С вирусийн тархалтын судалгааг хийж байгаа. Эндээс ямар үр дүн гарсан гэвэл ер нь 20 –оос дээш насныхан дахин халдвар авах магадлал өндөр байгаа. Яагаад гэвэл вакцин маань 10-15 жил хамгаалдаг. Учир нь эхээс төрөөд вакцин хийлгэдэг. Тэгээд 15 нас хүрээд бэлгийн идэвхитэй амьдралд шилждэг. Тиймээс сүүлийн үед бэлгийн замаар дамжих тохиолдол ихсээд байгаа. Мөн цусаар дамждаг учраас шүдний эмчийн багажаас их авдаг болсон.
Тиймээс хүн болгон дор бүрнээ шинжилгээгээ сайн хийлгэж, эрүүл ахуйн дэглэмээ сахих хэрэгтэй.
-Хөдөө орон нутаг, сумдын иргэдэд ойрхон ажиллах тал дээр ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Бүх аймгийн бүх сумуудаар машинтай явуулын байдлаар, групп гарган явна. Эхлээд бид тодорхой хуваарь гаргаад, Эрүүл мэндийн яамтайгаа хамтран координат гаргаж ажиллана. Аймгийн эмч, мэргэжилтнүүдийг эхний ээлжид сургана. Тэгээд аймгуудын бүх сумаар тойрон явж ажиллах учир хөдөө орон нутгийн ард иргэд маань сайн тал дээрээ өөрсдөө анхаарах хэрэгтэй.
-Иргэдийн үзүүлэхдээ мөнгө төлөх үү?
-Иргэд маань хамгийн гол нь даатгалдаа сайн хамрагдах хэрэгтэй. Эм авахдаа мөнгө төлөх шаардлагагүй, вирусээ тоолуулахдаа мөнгө төлөх шаардлагагүй байгаа. Сумынхаа эмнэлэг дээр элэгний биохимийн аппараттай бол бас мөнгө төлөх шаардлагагүй. Харин зарим тохиолдолд урвагч бодис нь байхгүй бол бага хэмжээний мөнгө төлөх шаардлага үүсэж магадгүй. Эрүүл мэндийн даатгалгүй бол мөнгө авна. Тиймээс иргэддээ эрүүл мэндийн даатгалдаа сайн хамрагдаарай л гэж захимаар байна.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)