Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Түүний хийсэн мэдээлэл болон өршөөлийн тухай хуулийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлын талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. "Монгол Улсын Их Хурал 1991 оноос эхлэн өршөөлийг хууль тогтоох замаар үзүүлж ирсэн бөгөөд1991, 1996, 2000, 2006, 2009 онд Өршөөл үзүүлэх тухай, 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргаж байсан бөгөөд нийт зургаан удаа өршөөлийн тухай хууль гаргаж байсан байна.
2. Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
3. Улсын Их Хурал уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн хаалттай хуралдаж баталсан.
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлав.
5. Энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.
6. Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулжээ. Үүнд: зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх, зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
7. Дээрх гэмт хэргээс нийт 29 гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй аж. Өршөөлд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял шийтгүүлэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд хамрагдахгүй юм.
8. Үүнээс гадна дараах гэмт хэргийг үйлдсэн этгээд мөн хамрагдахгүй байхаар хаалт хийж хязгаарласан байна. 1/Эх орноосоо урвах, 2/Тагнуул хийх, 3/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, 4/Зэвсэгт үймээн дэгдээх, 5/Хорлон сүйтгэх, 6/Хорлон саатуулах, 7/Хүнийг санаатай алах, 8/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, 9/Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 10/Хүн хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 11/Хүнийг барьцаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 12/Хүн худалдаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 13/Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 14/Хүчиндэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 15/Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, 16/Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 17/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 18/Зандалчлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 19/Терроризм, 20/Терроризмыг санхүүжүүлэх, 21/Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 22/Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах, 23/Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 24/Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 25/Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах, 26/Агаарын хөлөг авч зугтаах, 27/Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 28/Эрүү шүүлт тулгах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 29/Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол хамрагдахгүй.
9. Мөн дараах 5 зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг нь хасаж байгаа. 1/Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 2/Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 3/Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 4/Бусдын эд хөрөнгийг булаах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 5/Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг.
10. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх аж.
11. Мөн хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлнэ.
12. Өршөөлийн тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
13. Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдав. Комиссын бүрэлдэхүүнд Комиссын даргаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч даргаар Хууль зүйн дэд сайд, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл орсон байна.
14. Өршөөлийн тухай хууль батлагдаж, Н.Энхбаяр ирэв. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цолмон, Л.Оюунбаатар, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар Чингис хаан олон улсын онгоцны нисэх буудалд тоссон юм.
15. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байгаа. Эдгээр хэргийн улмаас улсад учирсан хохирлын нийт хэмжээ 12 тэрбум 243 сая төгрөг гэдгийг АТГ-аас мэдээлсэн.
16. Хууль зүйн яам болоод УИХ-ын ажлын хэсгийн гаргасан урьдчилсан судалгаагаар нийт хоригдлын 1/3 орчим хувь нь суллагдана гэсэн тоо гарсан.
17. УИХ-ын Өршөөлийн тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл бараг 75 хувь өөрчлөгдөн тэс өөр болж гарсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин онцолсон.
18. Авлигачдыг өршөөсөн хуулийг хэрэгжүүлэх комисст МАН-ын гишүүд оролцохгүй хэмээн мэдэгдэв
19. Ж.Мөнхбат: Ээлжит бус чуулган авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа хэмээн олон нийтэд мэдээлэв.
20. Өршөөлийн хуулийн дагуу, Эмэгтэйчүүдийн хорих ангийн ялтны тоо эрс буурна.Хөдөлмөрийн Үндэсний намын дарга
21. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ. Тэрбээр Прокурорын байгууллагын ойд оролцож, Өршөөлийн тухай хуульд хориг тавихаа албан ёсоор мэдэгдсэн юм.
22. Нийслэлийн Засаг Даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст ажиллахаас татгалзав. "АТГ-ын мөрдөн байцаалт явуулах гэмт хэрэгт өршөөл үзүүлж байгаа нь хуулийн засаглал, болон төрийн байгууллагуудад итгэх итгэлийг эвдсэн, өргөсөн тангаргаа зөрчсөн гэмтнүүдийг өөгшүүлсэн хариуцлагагүй үйлдэл юм. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа тул ажлын хэсэгт орж ажиллахаас татгалгаж байна" гэв.
23. Хөдөлмөрийн Үндэсний нам УИХ-аар батлагдсан Өршөөлийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэд УИХ-д суудалтай намуудад шаардлага хүргүүлж, Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл гаргаж байгаагаа мэдэгдсэн.
24. Гишүүдийн мэдээлж буйгаар өршөөлийн тухай хуульд албан тушаал, авлигын хэргээр ял эдэлж байгаа хүмүүсээс 10 хүрэхгүй цөөн тооны хүмүүсийг өршөөлд багтаахаар танилцуулагдсан гэдгийг онцолсон ч АТГ-аас тус газарт шалгагдаж буй эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байгааг мэдээлсэн.
24tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (10)