Манай улсад захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулж ирсэн. Уг хуульд нийцсэн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн яам нэг бүрчлэн хянаж, улсын нэгдсэн санд бүртгэдэг. Гэвч энэхүү хуулийн “цоорхой”-г ашиглан хүний үндсэн эрхэд халдсан журмуудыг дур мэдэн гаргасаар ирсэн нь ихээхэн асуудал дагуулж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл өнөөдөр УИХ-ын Ажлын хэсэгт танилцууллаа. УИХ-ын даргын 2024 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны дүнг сонссон байна.
Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд 2802 шийдвэр бүртгэгджээ. ХЗДХЯ-наас 2023 онд хийсэн судалгаагаар манай улсад 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж, тэдгээрээс 315 хуулийн 2403 заалтаар УИХ захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагуудад шилжүүлсэн зохицуулалттай явж ирсэн нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, хууль хэт ерөнхий зохицуулалттай болох тусмаа тухай асуудлыг журмаар зохицуулах эрхийг эрх бүхий албан тушаалтнуудад олгосон нь хуулиас давсан журмуудийг “үйлдвэрлэх” нөхцлийг бүрдүүлж байна.
Энэ нь иргэдэд дарамт шахалт үзүүлж, эрх чөлөөг нь боомилох, тэгш байдлын зарчим, хууль дээдлэх ёс алдагдахад хүргэж буйг судлаачид хэлсээр байгаа юм. Улсын нэгдсэн санд 110 гаруй байгууллагын 2357 шийдвэр бүртгэлтэй ч 850 хуулийн заалт хэрэгжсэн эсэх нь тодорхой бус, цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэхээ больсон, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан, хууль тогтоомжтой давхардсан зэрэг асуудлыг дагуулсаар иржээ.
Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ярьж буй хууль хүний эрхийн зөрчилгүй, иж бүрэн зохицуулалттай, цаг үеийн шаардлагад нийцсэн байх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх ажлыг хийж эхэлж байна.
Сэтгэгдэл (1)