Өнөөдөр бол нил ягаан өдөр. Нил ягаан буюу Лаванда цэцгийн өнгө нь ганцаардал, ойлголт, дэмжлэгийн бэлгэддэг байна. Түүнчлэн "эпилепси"-тэй хүмүүс ялгаварлан гадуурхалт, буруу ойлголттой тулгардаг тул энэ өнгө нь тэдний мэдрэмжийг хуваалцаж, ойлгож байгааг илэрхийлдэг утгатай. Мөн нил ягаан өнгө нь ухаалаг байдал, хүч чадал, тэвчээр гэсэн утгатай байдаг учраас эпилепситэй хүмүүсийн амьдралын тэмцэл, хүч чадлыг бэлгэддэг аж.
Дэлхий даяар эпилепсийн талаар олон нийтийн анхан шатны ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Нил ягаан өдөр” хэмээх олон улсын арга хэмжээ зохион байгуулагддаг. 2008 онд Канадын Кассиди Меган эпилепсийн эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрийг оруулахаар Нил ягаан өдөр “Purple Day” тэмдэглэхийг санаачилж байжээ.
Жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдөр дэлхийн олон улс орны ард түмэн нил ягаан өнгийн хувцас өмсөн, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эпилепси өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах үзэгдэлтэй тэмцэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Эпилепси буюу унаж татах эмгэгтэй хүмүүс өөрсдийгөө тусгаарлах, нийгэм ч ийм өвчтэй хүмүүсээс зайгаа барих нь элбэг тохиолддог байна. Хүн амын дунд эпилепсийг хэрхэн эмчлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх, унаж татсан тохиолдолд авах арга хэмжээний талын ойлголт тун хомс байдаг. Эпилепси буюу унаж татах өвчтэй хүн хэзээ ч, хаана ч унасан байж болно. Тэдний таталт янз бүр, зарим нь богино хугацаанд таталт өгдөг бол зарим нь урт хугацааны таталт өгч, яаралтай тусламж хүргээгүйгээс болоод амиа алдах тохиолдол ч байдаг аж.
2015 оноос эхлэн манай оронд Монголын Неврологийн Нийгэмлэгийн (МНН) дэргэдэх Залуу Мэдрэл Судлаач Клуб болон Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо хамтран "Нил ягаан өдөр"-ийг тэмдэглэсээр иржээ.
Эпилепсийн тухай
Мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэг бол эпилепси юм. Дэлхийн хүн амын нэг орчим хувь нь эпилепси өвчинтэй байдгаас 50-60% нь хүүхэд насанд илэрдэг. Зохистой эмчилгээний үр дүнд 70 гаруй хувьд уналт таталтын шинж тэмдэг багасаж арилдаг.
Эпилепси хэмээх үг грек хэлнээс үүдэлтэй байна. “Баглагдсан”, “Эзлэгдсэн” гэсэн энэ утга нь болж буй зүйлийг өвчтөн өөрөө хянаж чаддаггүйг илэрхийлдэг аж. Хүмүүсийн 5 хувьд амьдрах явцад эпилепсийн уналт таталт тохиолддог байна. Жишээ нь, хэт ядрах үед, тархины гэмтэл, цочмог өвчний үед. Нэг удаагийн уналт таталтыг эпилепси өвчинтэй тэр бүр холбохгүй, харин сэдрээх хүчин зүйлгүй, 24 цагаас илүү зайтай 2-оос олон удаа илрэх уналт таталтыг эпилепси хэмээн тодорхойлно.