“Цөвүүн цаг” УСК–ны залуу жүжигчин, СУИС-ийн гуравдугаар түвшиний оюутан Ү.Халиунтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Намайг Ү.Халиун гэдэг. Би СУИС-ийн гуравдугаар курст МУАЖ С.Сарантуяа багшийн удирдлаган дор суралцдаг. Арван жилээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдүгээр бүрэн дунд сургуульд суралцаж төгссөн. Би багаасаа бүжиглэдэг, урлагтай ойр өссөн болохоор их нээлттэй хүүхэд байсан.
-“Цөвүүн цаг” УСК-ны Хорлоогийн дүр анхны дүр нь байсан шүү дээ. Анх уг кинонд тоглох саналыг хэн тавьж байв?
-Тийм ээ. “Цөвүүн цаг” кино бол миний оролцон тоглосон анхны уран бүтээл. Анх ангийн багш С.Сарантуяа маань зун ийм кино хийнэ, зургаан хүүхэд авж явна гэхэд нь би нэрээ өгж байсан. Удалгүй багш маань чи Хорлоо гээд дүр дээр яваарай гээд санал болгосон.
-Кинонд тоглох санал ирэхэд яаж хүлээж авсан бэ? Сандарсан, догдолсон гэх мэт мэдрэмжүүд их байсан байх?
-Мэдээж, тэгэлгүй яах вэ. Маш их сандарсан, догдолсон. Яах бол, ийх бол гээд л тайван сууж чадахгүй байсан.
Анх зохиолоо уншаад л цөс хөөрнө гэдэг шиг л үнэхээр сонирхолтой санагдаж байсан. Тухайн үеийн ахуйн соёл, яаж аж төрж амьдардаг байсан гээд л .
-Кино зураг авалтын үеэрх хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжтай мөчөөсөө хуваалцаач?
-Кино зураг авалтын ихэнх сценийг говьд авсан. Говьд очоод хамгийн эхний зураг авалт нь миний оролцдог сцен байсан. Яг тэр үед наадам болоод бөх барилдаж байсан үе л дээ. Тэр өдөр нар жаргахыг хүлээгээд зураг авалтын багийнхан бүгдээрээ бөхөө үзээд сууж байсан тэр үе л огт мартагддагүй юм.
-Говийн халуунд ажиллах хэр байв?
-Кино багийнхантайгаа нэлээд дотносчихсон байж байгаад өөрийнхөө зураг авалтад орсон болохоор маш их тусалсан. Тийм дээ ч хэцүү зүйл огт байгаагүй.
-Анги удирдсан багштайгаа кинонд тоглоход ямар санагдсан бэ? Алдвал зэмлүүлэх болов уу гэж эмээх зүйл байсан уу?
-Багш маань яг л ээж шиг минь надад санаа тавьж, анхаарал хандуулж явсан. Багштайгаа хамт нэг кинонд орсондоо өөрийгөө маш их азтайд тооцдог доо.
-Анхны уран бүтээл гэдэг утгаараа багагүй туршлага хуримтлуулсан болов уу?
-Тийм ээ. Миний хувьд маш том туршлага болсон. Би дүр дээр ажиллахаас гадна кинондоо хувцасны нярав хийсэн. Тийм дээ ч маш их зүйл сурч авсан. Хүн жижиг зүйл дээр л хамгийн их алддаг юм байна лээ. Энэ үед туслах найруулагч маань намайг алдаа гаргах вий, юмаа дутаах вий гээд маш их тусалдаг байсан. Тэгээд л яваандаа сурдаг юм билээ.
-Жүжигчин мэргэжлээр суралцахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Би энэ мэргэжлийн анх сонголоо гэдгээ ээждээ амаараа хэлж чадахгүй мессеж бичээд үлдээж байсан.
Яагаад сонгосон гэхээр гэнэтхэн л энэ мэргэжлээр явахгүй бол болохгүй мэт санагдсан. Өдрийн бодол шөнийн зүүд болчихсон л явж байлаа. Унтахдаа хүртэл ээждээ яаж хэлэх талаараа л боддог байлаа.
-Кино зураг авалт өөрийн тань анх төсөөлж байснаас хэр өөр байсан бэ?
-Миний бодсоноос маш өөр байсан. Би бодохдоо бүгд дор дорноо ажлаа хийгээд л хоорондоо нэг их харьцахгүй ажлаа хийгээд л байж байдаг байх гэж бодсон. Гэвч яг эсэргээрээ. Бид нар маш халуун дотно найз нөхөд, ах дүү нар болцгоосон. Киноны сүүлийн сценийг аваад дуусахад ихэнх нь уйлсан шүү.
-Зураг авалтын үеэрх хамгийн хэцүү сцень юу байсан бэ?
-Миний хувьд бүх сцень хэцүү байсан. Хамтран тоглож байгаа мундаг жүжигчид, кино багийнхан байсан тулдаа давж гарж чадсан гэж боддог.
-"Цөвүүн цаг" УСК хоёр найруулагчтай ажилласан шүү дээ?
-Тийм ээ. О.Бат-Өлзий ах ерөнхийд нь ажиглаж байгаад л нэг л хэлнэ. Энэ дээрээ анхаараарай ингээд байна шүү гээд л. Б.Тамир ах дор дор нь л ингэ тэг гээд хэлээд явдаг.
-“Цөвүүн цаг” киног үзэх нэг шалтгаан гэвэл?
-Монгол хүн болж төрсний хувьд энэ киног үзээд хэзээ ч харамсхааргүй уран бүтээл болсон гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа