Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай үргэлжилж байгаа талаар төслийн удирдагч Б.Ану-Үжингээс тодрууллаа.
Тэрбээр “Дөрөвдүгээр сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул зургаадугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендерийг зарлана” хэмээлээ.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тодруулбал, трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай байх бөгөөд Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 буудалтай байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ