Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсны Их хурлаар батлуулсан. Уг хуульд хотын Захирагчийг Засгийн газраас томилохоор тусгасны дагуу Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Лувсангийн Халтарыг Хархорум хотын Захирагчаар томилсон билээ.
Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Ойн газар"-аас тендер зарлажээ. Тодруулбал, Шинэ Хархорум хотын ногоон бүсийг ойжуулах, арчлах, хамгаалах нэртэй 20 тэрбум төгрөгийн тендер зарласан байна. Улсын төсвөөс санхүүжинэ.
Тус тендер нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
Багц 1. Навчит болон шилмүүст модны суулгац нийлүүлэх, тарих, арчлах ажил 7,605,000,000.00 /долоон тэрбум зургаан зуун таван сая/ төгрөг
Багц 2. Шинэ Хархорум хотын ногоон бүс хагаа, хамгаалалт байгуулах ажил 7,121,400,000.00 /долоон тэрбум нэг зуун хорин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөг
Багц 3. Ногоон бүсэд усалгааны систем суурилуулах ажил 5,119,600,000.00 /таван тэрбум зуун арван есөн сая зургаан зуун мянган/ төгрөг
Багц 4. Шинэ Хархорум хотын ногоон бүс байгуулах ажилд шаардлагатай хөрс, бодоо худалдан авах 154,000,000.00 /зуун тавин дөрвөн сая/
Тендерийг ирэх сарын 4-ны өдөр нээхээр товложээ. Гэхдээ тус газраас өөрчлөлтийн хүсэлт гаргасан байна.