Засгийн газрын хуралдаанаар хурдан морины өвөл, хаврын уралдааныг гуравдугаар сарын 1-ээс хойш зохион байгуулах эсэхийг орон нутгийн ИТХ шийдвэрлэнэ гэж шийдсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ. Улмаар тогтоол гарч, "Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон".
Засгийн газрын тогтоол албажихаас өмнө хэд, хэдэн аймгийн удирдлага тавдугаар сарын 1 хүртэл морины уралдаан зэргийг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Шийдвэр гаргагсдын тэргүүн эгнээнд Архангай аймаг багтана.
Гэвч Архангай аймгийн Хайрхан суманд 12 настай хүү моринд чирэгдэж нас барсан байж болзошгүй хэрэг гарсан байна. Одоогоор цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа юм.
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын албажуулан гарын үсэг зурсан шийдвэр төдий л хэрэгжээгүй нь харамсалтай. Аливаа шийдвэрийг гаргаад "мартах" бус хэрэгжилтийг хангаж, шат шатандаа гаргасан шийдвэрийнхээ араас тууштай явж, хариуцлагатай ханддаг байгаасай. Үгүй бол цаасан дээр дарсан тамганы ард хохирсоор байх нь хүүхдүүд гэдгийг сэтгэл шимшрэм үйл явдлууд гэрчилсээр байна шүү дээ.