Монголын хүүхдийн спортын өвлийн наадамд анх удаа оролцож буй Баян-Өлгий аймгийн биеийн тамир спортын газрын дарга Х.Хайнартай ярилцлаа.
-Сайн байна уу? Баян-Өлгий аймаг өвлийн хүүхдийн спортын наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ? Энэ жил ямар төрлөөр оролцож байгаа вэ?
-Манай аймгийн хувьд анх удаа хүүхдийн спортын наадамд оролцож байна. Цасны гуталтай гүйлтийн төрөлд хоёр, тэшүүрийн төрөлд хоёр тамирчин оролцож байгаа.
-Анх удаа оролцож байгаа юм байна. Наадмын талаарх сэтгэгдэл хэр байна вэ?
-Хүүхдийн спортын өвлийн наадам их өргөн цар хүрээтэй сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна. Мөн шударга явагдана гэж найдаж байна.
-Баян-Өлгий аймгийн хувьд өвлийн спортыг хөгжүүлэх чиглэлд хэрхэн дэмждэг вэ?
-Бидэнд өмнө нь тэшүүрийн талбай байгуулах боломж хараахан байгаагүй.
Харин энэ жилээс аймгийн шинэ удирдлагууд аймгийн төвийн цэнгэлдэх хүрээлэнг өвөл зунгүй ашиглахаар хөрөнгө оруулалт хийж ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ нь маш том дэмжлэг болно гэж бодож байна.
-Энэ жилийн тэмцээнд ямар амжилт үзүүлэхээр зорьж байна вэ?
-Заавал амжилт гаргаж медаль авахдаа биш оролцохдоо ач холбогдол өгж байгаа. Биеийн тамир спортын газрын зүгээс болон аймгийн удирдлагуудын зүгээс өвлийн спортыг хөгжүүлэх, спортын төрлүүдээ нэмэх бодлогоор ажиллаж байна.
-Зуны спортын төрлүүдэд Баян-Өлгийн хүүхэд, багачууд ямар амжилттай оролцож байв?
-Баянхонгорт болсон зуны наадамд спортын 12 төрлөөр зургаан медаль хүртсэн амжилттай.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа