Манай улсад өнөөдөр "Эх хэлний өдөр" тохиож байна. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд зарлиг буулгаж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон юм. Энэ жилийн хувьд “Бүх нийтээрээ хос бичигтэн болцгооё” гэсэн уриан дор тэмдэглэж байна.
Нийт ард иргэд, айл өрх, төрийн болон ТББ, ААН, бүх шатны сургалтын байгууллага “Эх хэлний өдрийн жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэхдээ бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан хэрэг бичиг хөтлөлтийг Монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах талаар зарлигт заасан байдаг.
Энэхүү өдрийг тохиолдуулан монгол хэл, эх хэлний тухай алдартай 8 шүлгээс толилуулж байна.
1. Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон. Д.Нацагдорж "Миний нутаг" найраглалаас
2. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу би... Б.Ринчен “Монгол хэл” шүлгээс
3. Хэл бол
Эвдрэх бүтэх хоёр,
Салах нийлэх хоёр,
Тархах хурах хоёр,
Тасрах үргэлжлэх хоёр,
Хөдлөх зогсох хоёр,
Эсрэг тэсрэг талын нэгдэл юм. Академич Ш.Лувсанвандан
4. Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!... Д.Урианхай "Мөнхийн шалтгаан" шүлгээс
5. Түүхээ өмөөрөх зөн совингийн
Түйрэн болсон хэдэн хүн минь
Түймрийн өмнө нь ухаан нь хүчгүй
Түүдэг болсон хэдэн ном минь
Үсэг болгон эрдэнийн шинжтэй
Үе болгон эрдмийн шимтэй
Соёл мандлын буурал тэргүүн
Соёмбын өвөг таныгаа яах вэ? С.Дулам "Хүмүүн бичиг" шүлгээс
6. Хурдны морьдын туурайгаар шидэгдсэн чулуу
Хуурын хоёр жавхдасаар амилсан дуу
Зууч болж өвгөдтэй минь уулзуулсан эх хэл
Зуун дамнасан алтан гүүр- эх хэл минь
Хайраа илчилсэн ятга минь эх хэл
Хар нүдэнгээсээ сонссон шидэт эгшиг-эх хэл минь
Хаана ч, хэзээ ч амин сүнс минь - эх хэл
Ханашгүй яруу ардын дуу минь - эх хэл... О.Дашбалбар “Эх хэл минь” шүлгээс
7. Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад,
Арслан Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ. Д.Галсансүх Англи хэлтэнд итгэж зориулав шүлгээс
8. Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа... Д.Болдхуяг “Монгол хэл” шүлгээс /Энэхүү шүлэг нь “Болор цом – 2011” наадмын тэргүүн шүлэг юм/
Б.Хишиг
Сэтгэгдэл (2)