Баримт 1.
2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсны дараа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Болд гишүүн Боловсролын сайд асан П.Цагаанд нэг санал тавьжээ. Ингэхдээ “Англиас томоохон хөрөнгө оруулагчид ирлээ. Чи завтай байгаа юм чинь энэ хөрөнгө оруулагч нарт зөвлөгөө өг” гэжээ. Тэдгээр хүн нь “Central Asian metals” гэдэг англи компанийн хүмүүс байсан байна. Тэдний хувьд Монголд ирээд алт, зэс, молибдений хайгуул хийж эхэлжээ.
Баримт 2.
Энэ тухай П.Цагаан “Миний санаж байгаагаар тэр хүмүүс Монголд молибдений дэлхийд томд тооцогдох орд нээсэн. Тэд нарын өөр нэг сонирхож байсан төсөл бол Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй ядуу агуулгатай, балансаас хасагдсан хүдрийн овоолгоос гидрометаллургийн аргаар катодын зэс ялгаж авах төсөл байлаа. Тэр нь миний сонирхлыг маш их татсан. Яагаад гэвэл би 1990-ээд онд Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга байсан хүн. 1978 оноос хойш асар их овоолго үүсчихсэн, түүнийгээ ашигладаггүй. Салхинд хийсэж, ногоон ус шүүрдэг. Тэр нь газарт шингээд ургамал, амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байсан. Тиймээс ихээхэн сонирхож судалж эхэлсэн. Гэтэл 2007 онд миний бие гүн хямарч, жил гаруйн хугацаанд гадагшаа явж эмчлүүлсэн. Ингээд 2008 онд буцаад ирэхэд “Central Asian metals” компанийнхны зан нэг л өөр болчихсон байв. Монголоос залхсан шинжтэй. Удалгүй тэд 2009 он гараад лицензүүдээ бусдад шилжүүлж, зараад Казахстан руу явчихсан” гэжээ.
Баримт 3.
ЗХУ-ын үед Казахстанд 30 орчим зэсийн үйлдвэр байсан гэдэг. Түүний нэг, Балхаш нуурын эрэг дээр 1938 оноос хойш үйл ажиллагаа явуулаад нөөц нь дуусаад өөр тийш явсан зэсийн үйлдвэрийн маш том овоолго хаягдчихсаныг “Central Asian metals” компани ашиглаж үйлдвэр барьсан гэдэг. Тэр нь Төв Азид баригдсан анхны гидрометаллургийн үйлдвэр болсон байна. Үйлдвэрийн нээлтэнд Н.Назарбаев Ерөнхийлөгч оролцож баяр хүргэж байсан байдаг.
Баримт 4.
“Central Asian metals” компани Монголоос гарахад П.Цагаан цаг хугацаа, эдийн засгийн хувьд багагүй хохирчээ. Анхны саналын хүрээнд төслийг хамтарч хэрэгжүүлэхээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн байжээ. Тиймээс тухайн үед “Эрдэнэт”-ийн удирдлагуудад хандаж “Би энэ төслийг хэрэгжүүлье” гэжээ. Хариуд нь “Энэ овоолгыг чинь Америк, Солонгосын компани, бид өөрсдөө ч судлаад эдийн засгийн хувьд үр ашиггүй гээд тогтоочихсон. Хэрэв ашигтай бол бид нар өөрсдөө ийм үйлдвэр байгуулна. Ийшээ орж шатаж яах гээд байгаа юм бэ” гэсэн байна.
Баримт 5.
П.Цагаан даргын хувьд технологийг нь судалчихсан, англичуудтай ажиллахдаа хаанаас юу авах, барих гээд бүх тооцооллыг нь хийчихсэн байж. Тиймээс тухайн үеийн “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригийг шалсаар байгаад “Англичууд танайд 15 хувийг өгье гэж байсан. Тэгвэл бид танайд 34 хувийг өгье. Танайхаас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт авахгүй. Санхүүжилтээ 100 хувь хариуцъя” гэсэн аж.
Баримт 6.
Тухайн үед Монголын уул уурхайн салбарт 34 хувь гэдэг моод гарч байсан үе. Тэгэхэд Ч.Ганзориг “Та шатаж өрөнд ороод насан туршдаа надад гомдохгүй биз” гэсэн ам өчиг авч, гэрээнд гарын үсэг зуржээ. Эндээс “Ачит Ихт” компанийн төсөл эхэлсэн байна. Гэрээ байгуулсны дараа “Голомт” банкнаас зээл авсан ч зогсчээ. Жил гаруй хугацааны дараа компанийн удирдлагууд олон улсын худалдааны “Нобель” компаниас 24 сая ам.долларын зээл авч төслөө хэрэгжүүлж эхэлжээ.
Баримт 7.
Ийнхүү “Ачит Ихт” компани 2011 оноос төслөө хэрэгжүүлж, 2014 оны аравдугаар сард дуусгаж, үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. “Энэ хугацаанд жинхэнэ зовлон дундуур туулсан. Гэхдээ би биш, манай эхнэр энэ бүхнийг туулсан. Төсөл дээр анх ажиллаж байсан хүмүүс буруу зөрүү юм хийх, хөрөнгөөс нь хумслах, мөнгө ийшээ тийшээ зувчуулах, бүр бидний эсрэг бослого хүртэл гаргах гэж оролдож байсан удаатай” гэдгийг П.Цагаан тодотгож байжээ.
Баримт 8.
Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрээс Ажлын хэсэг гарч төслийг судалж үзээд үйл ажиллагаа болон санхүүгийн эрсдэлтэй гэж үзэж байжээ. Тиймээс үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах, технологи сонгоход оролцоогүй аж. Шалтгаан нь үйл ажиллагааны туршлага байхгүй учир эрсдэлтэй гэж үзсэн байна. Улмаар “Бид үүнд орохгүй. Бүтээгдэхүүн гарвал түүнээс чинь роялти авъя. Бүтээгдэхүүн хуваах гэрээ маягаар явъя” гэжээ. “Эрдэнэт”-ээс татгалзсан хариу авсан даруйдаа П.Цагаан тэргүүтэй төсөл хэрэгжүүлэгчид үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирал Ройтой уулзжээ. Энэ үеэр орлогч захирал Рой “Цагаан аа, энэ II овоолго манай үйлдвэрийн балансаас хасагдчихсан, манай өмч ч биш” гэсэн хариу өгчээ.
Баримт 9.
Улмаар “Бид энэ овоолгыг зөөсөн, олон жил хадгалсан, манай эзэмшлийн газар дээр байгаа учраас үүнийг ашиглах юм бол та нар манайд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ хувь өг. Бид нар ямар ч үйл ажиллагаанд чинь оролцохгүй, мөнгө өгөхгүй, ямар нэгэн эрсдэл хүлээхгүй. Манай хамтарсан компаниуд ашиг өгөх биш алдагдалд оруулдаг. Бид нар молибден ялгаж авах үйлдвэр Оросын компанитай хамтраад байгуулсан чинь манайд баахан хохирол учруулчихсан. Тэгэхээр бид нар танай төсөл амжилттай яваасай гэж хүсэж байна. Бурхан өршөөгөөд танайх амжилттай явбал бид нарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг ашиг, алдагдлаас үл хамаараад үнэгүй өгч бай” гэжээ.
Баримт 10.
“Чин үнэнээ хэлэхэд бид Эрдэнэттэй хамтарсан компанитай баймаар байна. Харин ч эсрэгээрээ. Би ганц юм хэлье. Ц.Даваацэрэн, Рой захирал, тэнд ажиллаж байсан хүмүүс нэг ч төгрөгийн авлига өгөөгүй, аваагүй. Тэр хүмүүс “Энэ төсөл саадгүй яваасай” л гэж залбирч байсан. Бүр сонин зүйл болж байсан гээч. Бид тухайн үед “Central Asian metals” компанид ажиллаж байсан хүнийг урьж авчраад захирлаараа тавьчихсан, дээр нь Австралиас сарын 25 мянган ам.долларын цалинтай мэргэжилтэн авчихсан ажиллаж байтал нэг удаа үйлдвэрийн усны баланс нэмэгдээд аюул болох дөхсөн. Манай үйлдвэр усаа буцааж эргэлдүүлдэг. Гэтэл бороо ороод усны баланс нэмэгдээд үйлдвэрийн насосоор шахаад дийлдэггүй. Нэг, хоёр, гурав, дөрвийг ч тавиад дийлдээгүй. Сандралдаад Оюутолгой руу утасдлаа, тэдэнд байхгүй гэнэ. Хамгийн сүүлд Эрдэнэтийн ногоон усаа шахдаг зөөврийн хүчин чадалтай том насосыг авчраад шахаж байтал борооны ус татраад аврагдаж байсан. Усны далан халивал маш хүнд байдалд орно. Далан халихад бараг нэг төө л дутуу байсан байх. Энэ үед ОБЕГ-тай холбогдоод бэлэн байдалд оруулсан байсан гээд бод доо. Энэ бүгдийг Эрдэнэт үйлдвэрийнхэн харж байсан учраас манай төсөлд итгээгүй байх. Бид нээлттэй, уян хатан, Эрдэнэтийн өмнө хүлээсэн үүргээ яс биелүүлж ирсэн” гэдгийг П.Цагаан ярьж байсан удаатай.
Баримт 11.
Мөн “Манай үйлдвэрийг харлуулдаг хоёр хүн л байдаг. Тухайн үед үйлдвэр ашиглалтад оруулж байхад баяр хүргэж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, мөнгө өг, эсвэл хувьцаа өг гэж шантаажилдаг түүний дүү хоёр. Үлгэр домогт гардаг муу талын ах дүү баатар одоо ч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаад мөнгөө зараад харлуулаад түүнээсээ кайф авдаг хүмүүс юм шиг байна. Тэднийг сэтгэцийн гажигтай хүмүүс болов уу гэж би боддог. За даа, Эрдэнэтийн мэргэжлийн удирдлагын багийн мэдлэг чадамж, чадвар Алтанхуягийнхаас арай илүү байлгүй дээ” гэсэн байдаг.
Баримт 12.
“Ачит Ихт” компани өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт 10 тэрбум төгрөгийн роялти төлжээ. Цаашид жилд 2-3 тэрбумаас буухгүй гэсэн тайлбарыг компанийн зүгээс өгч байгаа юм. Мөн тус компани өнгөрсөн хугацаанд улсад 170-аад тэрбум төгрөгийн татвар, хураамж төлжээ.
Баримт 13.
Төрийн эзэмшлийн овоолгыг “Ачих Ихт” компанийнхан ашигладаг тухай шүүмжлэл бий. Энэ талаар үүсгэн байгуулагч П.Цагаан “Хувийн газар шороо, ашигт малтмал гэж байхгүй биз дээ. Татвар төлөх нь хамгийн чухал биз дээ. Олон хүүхэдтэй эхчүүдэд өгч байгаа нэг жилийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг бид улсын сан хөмрөгт оруулаад байгаа. Үүнээс илүү эх оронч үйл хэрэг байна уу? Бүх юмыг төрийнх гэвэл “Бороо гоулд” зэрэг уурхайг яах вэ. Би дээр үед Австриудтай нийлээд Цагаан давааны хог дээр мини цахилгаан станц бариад хогийг устгах төсөл эхлүүлэх гэтэл тухайн үеийн Хотын удирдлага дэмжээгүй. Хэрэв тэр үйлдвэр баригдсан бол “Би бааж шээж, бохирын цаас их үйлдвэрлэдэг. Миний юмыг ашиглалаа, энэ бол хотын хог. Надад үнэгүй цахилгаан өг” гэж хэлэх байсан уу” хэмээн эгдүүцэж байсан удаатай.
Баримт 14.
Тэрбээр “Үйлдвэр байгуулна гэдэг маш хэцүү. Нэмээд барь гэсэн ч би “Үгүй” гэнэ. Казахстанд зэсийн үйлдвэр барьсан “Central Asian metals” компани одоо Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж байна. Жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэдэг байснаа одоо 15 мянган тонн болж өслөө. Одоо тэнд найм дахь үйлдвэр ашиглалтад орж байна. Тийм байж л улс орон хөгждөг юм байна. Казахстанд гэхэд төр нь хувийн хэвшлээ “Хурдан барь” гэж шаарддаг. Гурван жилийн дотор барь гэдэг. Барихгүй бол шууд буцаагаад өөр компанид өгдөг. Үнэхээр хүмүүсийн шунал хөдөлж байгаа, атаархаж байгаа. Гэхдээ Ерөнхий сайд байсан хүн чихээрээ нүд хийж, огт үндэслэлгүй юм яриад өөрийн ч, өрөөлийн ч үнэтэй цаг бараад байгаад харамсаж байна” гэсэн байна.
Баримт 15.
“Ачит Ихт” компанийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбон тайлбарлах нь бий. Харин “Монгол Улсын Ерөнхийлөгч хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныхаа эхнэр, хүүхдүүдтэй нийлээд үйлдвэрийн хаягдлаас металл ялгаж авах солиотой гэж хэлж болох төсөл дээр хамтарч явах уу. Арай өөр, бодитой, орд руу явна байлгүй. Хүмүүс л тэгж хардаад байгаа юм. Тэр хүмүүст хэлэхэд, хүн эвдэрснийхээ хэмжээгээр сэтгэдэг гэдэг Орос ардын зүйр үг бий. Тийм л хүмүүсийн хардлага сэрдлэг. Тэр хүний нөлөөлөл байсан эсэхийг хуулийнхан шалгаад тогтооно, амархан. Үнэхээр гайхаж байна” хэмээн үүсгэн байгуулагч П.Цагаан үгүйсгэсэн удаатай.
Баримт 16.
Түүний хэлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг энэ асуудалтай холбогдуулж өрөөндөө дуудсан байна. Улмаар “Чи юу хийгээд байгаа юм” гэжээ. Хариуд нь П.Цагаан “Би ажлаа хийж байна” хэмээн хэгжүүрэхэд “Чи тэр Эрдэнэтэд юу хийгээд байгаа юм” гэж уурлажээ. Тэгэхээр нь “Тэр танд хамаагүй. Манай эхнэр шинжлэх ухааны ололтод суурилсан хаягдал овоолгоос металл ялгаж авдаг төсөл хэрэгжүүлж байгаа” гэхэд “Чи яагаад надад хэлдэггүй юм” гэж байна. “Би яагаад танд хэлэх ёстой гэж. Таны төсөл биш юм чинь” гэтэл “Сая би иргэдтэй уулзсан чинь Цагаан та хоёр тэнд юу хийж байгаа юм гэсэн утгатай юм асуулаа. Би мэдэхгүй гэж хэллээ” гэсэн юм. Тэгэхээр нь би “Би тэгвэл хэвлэлийн хурал зарлаад “Энэ төсөлд Элбэгдорж Ерөнхийлөгч хамаагүй” гээд мэдэгдчихье” гэсэн чинь нөгөөх чинь бүр уурлаад “Чи ямар тэнэг юм, тэгвэл улам хардана биз дээ” гээд өнгөрчээ.
Баримт 17.
Энэ талаар тэрбээр “Миний алдаа юу байсан бэ гэхээр тухай бүрд нь хариу өгөөгүйд байж. Намайг анх төрд ажилд орж байхад нутгийн ухаантай буурал хэлж байсан юм. “Хуцсан нохой болгон руу битгий чулуу шидэж бай. Тэгэх юм бол газар хороодоггүй юм. Чи үнэнч шударга явах юм бол тэртэй тэргүй үнэн мөн нь ялгарна” гэж. Урд өмнө нь миний амьдралд иймэрхүү явдал болж л байсан. Үнэн мөнөөр нь тогтоогдоод л явдаг. Тэгэхээр миний мөр цагаан юм. Би үүнийг хаана ч хэлнэ. Надад хулгай хийх, авлига өгөх ямар ч шаардлагагүй. Хэрэв энэ ажил маань буруу, болохгүй гэвэл төр шийдвэрээ гаргаг л дээ. Бид хүндэтгэнэ. Манай мөнгийг өгөөд ав, биднийг толгойн өвчнөөс салгаад өг. Би 2006 онд энэ төслийг эхлүүлж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болно гэж яаж зүүдлэх юм бэ” гэжээ.
Баримт 18.
“Эрдэнэт” үйлдвэр “Ачит Ихт” компани хооронд ямар ч маргаан байдаггүй аж. Харин хөндлөнгөөс хүмүүс орж ирээд байгааг П.Цагаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Би харин ч муулуулах биш магтуулах хамгийн сайн жишээ гэж бодож байгаа, энэ төслийг. Манай компани эрдэс баялгийг сорчилж ашиглахгүй гэдэг уриатай. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” гэхэд зургаан тэрбум тонны нөөцтэй. Түүний хоёр тэрбум тонн коксжих нүүрсэн дээр зодолдоод байгаа шүү дээ. Гэтэл гуравны хоёр болсон үлдэгдэл нүүрсний талаар хэн ч, юу ч ярихгүй байгаа. Гэтэл тэндээс 10 орчим төрлийн бүтээгдэхүүн, бизнес хийж болно. Цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулж болно, газ, газрын ховор элемент ялгаж авч болно. Бордоо, эм хүртэл хийж болно гээд яриад байвал мянган юм байгаа. Гэтэл төр өөрөө ашиглахгүй, хэвтүүлээд хийсгээд, хаяад дуусах эрсдэл байна. Бухал сахисан нохой шиг гэж орос үг байдаг. Өвсөө өөрөө иддэггүй, үхэрт идүүлдэггүй. Бухал нь илжрээд муудаад хаягддаг. Уг нь Монгол Улс маш баян улс. Эрдэс баялагтайгаа цамаан айл шиг, эсвэл чоно шиг харьцдаг. Хоттой хонин дунд ороод сүүлийг нь ухаж идээд хаячихдаг чоно шиг сорчилж аваад орхидог. Уул уурхай дээр тийм л байгаа. Үүнийг ярих биш хийж харуулъя гэж л би ийшээ орсон” хэмээн ярьсан байна.
Баримт 19.
Өөртэй холбоотой мэдээллийн талаар П.Цагаан “Өөр хүмүүст хариуцуулж байтал тэр хүмүүс хулгай хийгээд, оффшорт мөнгө гаргаад манай эсрэг бослого зохион байгуулаад хачин юм болсон юм шүү дээ. Тийм л учраас гэр бүлдээ хариуцуулахаас өөр арга байгаагүй. Би бондоос мөнгө аваагүй, Н.Алтанхуяг шиг хүүгүй зээл аваагүй. Дандаа арилжааны өндөр хүүтэй зээл авч эрсдэл хүлээж ирсэн. Магадгүй Эрдэнэтийн захирал байсан Ч.Ганзоригийн үнэн байх. Хэрэв төлж чадаагүй бол би өнөөдөр шоронд байх байсан. Тэгсэн бол хэн ч юм хэлэхгүй. Гэхдээ би мэдлэг шинжлэх ухаанд итгэсэн. Түүнээс гадна азтай хүн. Тухайн үед зэсийн үнэ өссөн. Хүнд муу юм хийж яваагүй болохоор аз түшсэн болов уу. Би Улаанбаатар хотоос үнэгүй газар аваагүй. Олон сайд хийж байсан ч нэг метр кв орон сууц аваагүй. Бид бүх юмыг өөрийнхөө хөдөлмөрөөр худалдаж авч байсан. Тиймээс би айдаггүй, тайван унтдаг юм. Шалгаж байгаа залуусыг ажиглахад өндөр боловсролтой, хэлмэгдүүлэлт хийх хүмүүс биш шиг санагдсан” хэмээн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Баримт 20.
“Ачит Ихт” компанийн зүгээс олон улсын олимпийн стандартад нийцсэн өвөл зуны аль ч улиралд гулгадаг мөсөн өргөөний бүтээн байгуулалтыг үндэсний компаниудтай хамтран эхлүүлээд байгаа юм. Үүнээс гадна тус компанийн галын систем нь Монголд цорын ганц гэгддэг. Бүх үйлдлийг нь онлайнаар хардаг, бас удирдлагын ERP нэгдсэн системтэй.
Баримт 21.
Тус компанийн зүгээс өөрийн ажилчид болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудад баталгаат ашигтай, давуу эрхийн хувьцаа өгч эхэлсэн нь Монголд анхны сайн жишээ болоод байгаа юм. Давуу эрхийн хувьцаа эзэмшдэг ажилчид нь бусдаас илүү өндөр ашиг авдаг гэдгийг компанийн удирдлагууд тодотгожээ.
Баримт 22.
Английн Лондон хотноо Лондонгийн Металлын Бирж (ЛМБ)-ийн жил бүр уламжлал болгон зохиогддог ээлжит чуулга уулзалтад Монголоос анх удаа тус биржийн гишүүнээр бүртгэгдсэн “Ачит Ихт” ХХК-ийн төлөөлөгчид оролцож, 2020 оны зэсийн зах зээлийн хандлага, хамтын ажиллагааны боломжуудын талаар биржийн удирдлагууд болон металл үйлдвэрлэгчидтэй санал солилцсон. Лондонгийн Металлын биржтэй хамтран ажилладаг 2000 гаруй зочин оролцсон уг хүндэтгэлийн арга хэмжээн дээр тус байгууллагын Гүйцэтгэх захирал Мэтью Чэмбэрлэйн 2019 оны онцлох үйл явдлуудыг тоймлон танилцуулах үеэрээ “Ачит Ихт” ХХК тус биржийн гишүүнээр элссэнийг онцлон тэмдэглэжээ.
Баримт 23.
“Ачит Ихт” компани гидрометаллургийн аргаар 99,999 хувийн зэс гаргадаг. Тиймээс Монголд усаар атомжуулсан, нунтгийн металлургийн анхны жижиг үйлдвэрийг байгуулах ажлыг эхлүүлжээ. Хөгжиж байгаа улс оронд ийм технологи хараахан нэвтрээгүй байгаа юм.
Баримт 24.
Компанийн үүсгэн байгуулагч П.Цагааны хэлснээр төр, засаг хориглоод саад хийчихгүй бол ирэх жилийн наадмаас өмнө үйлдвэрээ нээх гэнэ. Улмаар зэс, гууль хүрлийн нунтаг үйлдвэрлэх боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл, тэндээс гарсан бүтээгдэхүүнийг электроник, цахилгаан машин, хурдны галт тэрэг, зоос, гоёл гээд олон салбар, бизнест ашиглах боломж бүрдэх юм.