ЭШЛЭЛ 1
Би одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Монголын нийгэмд шударга бусын хонгил бий болсон тухай анх зарлаж байв. Тодруулбал тэр үед Өнөөдөр Монголын төр, нийгэмд шударга ёсны хямрал нүүрлэчихээд байна. Монголын төр хүчгүйдэж, сульдаж байгаа мэтээр харагдуулсны цаад талд хуйвалдааны төр хүчирхэгжиж байгаагийн нэг хэлбэр. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй, шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо ашиглаж, Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж, Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж, баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж хуулийн нэрээр шоронгоор далайлгаж айлган мөнгийг, лицензийг нь ил тод дээрэмдэж байна.Ийм хуйвалдааны төр бүлэглэл үүсгэсэн. Хууль хяналтын байгууллага бохир зорилгодоо ашигладаг болсон. Цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай зохиомол хэрэг үүсгэж ялтан, хэрэгтэн болгож тэр хонгилоороо оруулж чадаж байна. “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг” гэж ардын зүйр үг бий. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг хүнийг нь нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгилоос чихэгдэж, хэлмэгдэхээс айдаг болсон. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол шударга байцгаая гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж.
ЭШЛЭЛ 2.
Шударга бусын хонгилыг Ц.Элбэгдорж яаж үүсгэсэн, хонгилыг байгуулаад юу хийсэн, одоо хонгилыг яаж нурааж байгаа, МАНАН байхгүй бол “МАНАН”-гүй маргааш ямар байх тухай товчхон хэлье. Нэгдүгээрт, Шударга бусын хонгилыг Ц.Элбэгдорж яаж үүсгэсэн тухай товчхон хэлье. Ц.Элбэгдорж гэдэг хүн 2009 онд Ерөнхийлөгч болохдоо шударга бусын хонгилыг байгуулсан. Ерөнхийлөгч болохдоо хамгийн түрүүнд Ерөнхий шүүгчийг сольсон. Солихдоо хуулийн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн мэт харагдуулсан. Үнэндээ бол Ерөнхий шүүгчийг дарамталж өргөдлийг нь өгүүлсэн. Оронд нь өөрийн гарын хүнийг тавьсан. Тодруулбал, Батдэлгэр гэдэг хүнийг У.Зориг гэдэг хүнээр сольсон. Мөн Улсын Ерөнхий прокурорыг сольсон. Бас л өргөдлийг нь өөрөөр нь өгүүлсэн. Шахаж байгаад өргөдлийг нь өгүүлж ажлаас нь чөлөөлдөг моод дэлгэрсэн. Тухайн үед Улсын Ерөнхий прокуророор Алтанхуяг гэж хүн байсныг Д.Дорилогжаваар сольсон.АТГ-ын дарга, орлогч даргын албан тушаал хашдаг хүмүүсийг “Өргөдлөө өг” гэж дарамталсан байдаг. Тэд үгүй гэсэн. Тиймээс хуулийн хүрээнд солих гаргалгаа нь нэгдүгээрт, өргөдлөө өгөх, хоёрдугаарт, шүүхээр ороод хэрэгтэн болвол эсвэл нас барьсан бол албан тушаалаасаа буудаг. АТГ-ын дарга, орлогч дарга нарыг өргөдлөө өгөхгүй болохоор нь өөрийн томилсон прокуророор хэрэг үүсгэж хоёуланг нь шоронд хийсэн. Ингээд дараагийн хүнээр Ганболд, Б.Хурц хоёрыг тавьсан.
ЭШЛЭЛ 3.
Хүн харахад Ц.Элбэгдорж хуулийн дагуу солиод байгаа юм шиг хирнээ үнэн хэрэгтээ хамгийн дээд зэргийн харгис аргаар хуульд бичсэн зүйлийг “хүчиндэж” хэрэглэсэн.
ЭШЛЭЛ 4.
Хуулийн байгууллагын удирдлагуудыг сольсныхоо дараа эд хамтарч гурван зүйлийг хийсэн. Нэгдүгээрт, баялаг, лиценз. Монголын баялгийг яаж цөөхүүлээ авах вэ гэдэг байлдааныг хийсэн. Үүнийг буруутгасан хүнийг хонгилоор оруулж нам болгодог. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагад шударга бусын хонгил үүсгэсэн. Гуравдугаарт, намууд дээр онц анхаарал хандуулж намын дарга нарыг өөрийн хүнээр тавьсан.
ЭШЛЭЛ 5.
Ч.Сайханбилэг 2014 онд Ерөнхий сайд болоод тав хоногийн дараа Цагдаа, Тагнуулын даргыг сольсон. Мөн шоронгийн даргыг хүртэл сольсон. Засгийн газар байгуулагдаад тав хонож байхад шоронгийн даргыг хүртэл солих нь тийм их ач холбогдолтой байсан юм байхдаа гэж гайхсан чинь эрүүдэн шүүх ажиллагааг сольсон юм байна гэж сая л ойлголоо.
ЭШЛЭЛ 6.
Ингээд үндсэндээ 2015 оноос эхлэн хүнийг яргалах, тамлах зүйлийг хийсэн байна.
ЭШЛЭЛ 7.
Тэд юмыг маш сайн төлөвлөж, зохион байгуулалтай хийсэн. Яах гэж шинэчлэлийн Засгийн газрын огцруулсан гэхээр хийх гэсэн бүх зүйлд нь саад болсон учраас огцруулсан юм.
ЭШЛЭЛ 8.
Намуудыг булааж авсан. Ө.Энхтүвшин байсныг М.Энхболд булааж авсан. Харин Ардчилсан нам дээр өөрийн С.Эрдэнэ гэдэг хүнийг хамжиж байгаад гаргачихсан.
ЭШЛЭЛ 9.
Тэд хүний ёсонд байж боломгүй зүйлийг хийхээс гадна хахаж үхтлээ хулгай, дээрэм хийсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл, олон хүний амьдралаар тоглож, хүнийг эрүүдэн шүүж, намын утга учрыг алдагдуулсан.
ЭШЛЭЛ 10.
Ц.Элбэгдорж боож үхлээ л дээ. Байн байн гадаадаас ирээд л юм ярина. Одоо дуугай болж, шийтгэлээ хүлээх ёстой.
ЭШЛЭЛ 11.
Найман жил Ерөнхийлөгч, хоёр жил Ерөнхий сайдаар ажилласан. Хангалттай шүү дээ. Харин ч Монголын ард түмэнд баярлалаа гэж хэлэх ёстой.
ЭШЛЭЛ 12.
Ц.Элбэгдорж 2017 онд албан үүргээсээ чөлөөлөгдөж явсан байхад хүртэл түүний тавьсан хүмүүс нөгөө л хулгай дээрэм, эрүүдэн шүүлт, намуудыг нам биш болгодог ажлыг хамгаалж хаацайлсаар байна.
ЭШЛЭЛ 13.
Тэгэхээр тэднийг бүгдийг нь солихгүй бол болохгүй. Үүнийг ҮАБЗ-ын зөвлөмж гаргаж шийдсэн. ҮАБЗ-өөр шийддэг зүйл хуульд байгаа юу гэвэл байгаа.
ЭШЛЭЛ 14.
Авлигатай тэмцэх хууль гэж бий. АТГ-ыг өөрчлөн байгуулах буюу татан буулгах асуудлыг ҮАБЗ-ийг үндэслэж, УИХ шийднэ.
ЭШЛЭЛ 15.
Гэтэл хуульчид яаж байгаа юм бэ. Бүгд гэнэтхэн сэрээд л Үндсэн хууль зөрчлөө гэхийн. Үндсэн хуулийн хамгаалагч нар яасан их болов. Энэ олон жил хүмүүс хэлмэгдэж, улс эх орон чинь дуусч байхад хэн гэдэг хуульч босч ирээд юм хэлсэн юм бэ.
ЭШЛЭЛ 16.
Хуульчдад хийх ажил байгаа. МАНАН-гүй маргааш ажлаа хий.
ЭШЛЭЛ 17.
ҮАБЗ зөвлөмж санал гаргаж, УИХ хэлэлцээд тэр хүнийг тавьж болно. Томилохгүй ч байж болно. Гэхдээ ҮАБЗ зөвлөмж өгөөд байхад яаж ийгээд хүмүүсийг тавих л байх. Үүнээс л хүмүүс болгоомжилж байна. Эцсийн шийдвэрийг УИХ шийднэ. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн асуудал олж харахгүй байна.
ЭШЛЭЛ 18.
Зарим нь шүүх засаглал гэдэг чинь хараат бус байдаг юмыг эд нар ёстой “алж” байна даа. ҮАБЗ-өөс хараат болгож байна гэж байна. Гэтэл Ерөнхий шүүгч, прокуророосоо эхлээд ямар юмных нь хараат бус байх вэ. Бүгд бууны нохой. Бодохгүйгээр уландаа гишгэж байгаад хийдэг арми байсан юм.
ЭШЛЭЛ 19.
Шударга бусын хонгил нурчихлаа гэж баярлах хэрэггүй. Ямар ч байсан нурааж эхэлж байгаа нь зөв байна.
ЭШЛЭЛ 20.
Хүмүүс хэлдэг юм. Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш юу ч хийсэнгүй гэж. Шударга бус зүйлийг нураах чинь болоо биз дээ.
ЭШЛЭЛ 21.
Өнөөдөр хонгил, шударга бус явдлын тухай ярьж байгаа хүн бүр хонгил нураалцаж байгаа шүү. Тиймээс үүнээс илүү их яриарай. Яаж хүнийг тамладаг, хонгилоороо явуулдаг, 339 хоног хүнийг мөрдөн байцаах газар хэвтүүлдэг талаар яриарай. Өөр яригдаагүй маш олон хэрэг бий.
ЭШЛЭЛ 22.
Миний бодож байгаагаар шоронд хүнийг яаж дэглэсэн талаар үзүүлэх ёстой. Яагаад хэдхэн хүн үзчихээд бусад нь үзэж болдоггүй юм бэ. Гоё юм үзсэн юм шиг баярлах гэсэн юм биш. Харин энэ улс орныг ямар түвшинд аваачсан гэдгийг Монголын иргэн бүр мэдэж, сэтгэл зүрх нь шимшрэх ёстой.
ЭШЛЭЛ 23.
ҮАБЗ-өөс санал болгосон хүмүүсийг томилох нь өнөөдөртөө зөв.
ЭШЛЭЛ 24.
Харин хуульчид ажлаа хийгээч. Яагаад Ц.Зориг гэдэг хүн бүх эрх мэдлийг авчихсан юм бэ. Тогтолцоогоо өөрчилье л дөө. Бид МАНАН-гүй нийгэмд амьдармаар байна.