Баримт 1.
1979 онд Самданнямын хоёр дахь хүү болон төрсөн.
Баримт 2.
Толгойтын 42 дугаар дунд сургуулийг төгссөн.
Баримт 3.
Тэрбээр 1997-2001 онд ШУТИС-ийн МИС-ийг машин үйлдвэр технологийн ангийг механик инженер мэргэжлээр дүүргэсэн.
Баримт 4.
Германд боловсрол эзэмшсэн гэдэг ч НИТХ-ын албан ёсны хуудас дахь намтарт нь энэ талаарх мэдээлэл нь байдаггүй. Гэсэн ч тэрбээр өөрийгөө гадаадад боловсрол эзэмшсэн хэмээн хэвлэлд ярилцлага өгдөг.
Баримт 5.
Оюутан ахуй цагаасаа цэнгээний газарт ажиллаж, улмаар хамгаалалтын алба байгуулсан.
Баримт 6.
Улстөрд нөлөө бүхий хүмүүсийн хамгаалалтыг хариуцаж эхэлсэн нь өнөөдрийн албан тушаалд хүргэсэн гэж ойр дотны хүмүүс нь ярьдаг.
Баримт 7.
Төрийн албанд ажиллах болсноор төрсөн дүү С.Бямбацогтдоо хамгаалалтын албаа шилжүүлж өгсөн.
Баримт 8.
Тэрбээр өмнө нь нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ хадам ээжийнхээ компанид "Улаанбаатар радио"-гийн байрыг хувьчлахад нөлөөлсөн гэх мэдээлэл бий.
Баримт 9.
С.Мөнхчулуун 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос нийслэлийн Намын хорооны гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, МАН-аас нэр дэвшиж НИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна.
Баримт 10.
2016 оноос 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан.
Баримт 11.
2018 оны арванхоёрдугаар сард нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлж, 2019 оны нэгдүгээр сард олонхын санал авсан.
Баримт 12.
С.Мөнхчулуун нь удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсны улмаас хүний биед гэмтэл учруулж явсан талаарх мэдээлэл хэвлэлээр гарсан.
Баримт 13.
Түүний төрсөн дүү Санданнямын Бямбацогт олон нийтийн газарт сэлэм эргүүлэн, хар тамхины хэрэгт нэр холбогдох үеэр мэдээлэл түгээсэн сэтгүүлчийг дарамталсан гэдэг.
Баримт 14.
Гэсэн хэдий ч тэрбээр "Бямбаа бид хоёр тусдаа амьдралтай. Дүү минь нас биед хүрсэн учраас би түүний хэрэгт холбогддоггүй" гэж ярьдаг. Түүний дарамтад өртсөн сэтгүүлч тухай үед өөрийн цахим хуудастаа энэ талаар нийтэлж байв.
Баримт 15.
Түүний жилийн орлого 61.2 сая төгрөг бөгөөд 400 сая төгрөгийн өртөг бүхий дөрвөн орон сууц, 15 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 101 сая төгрөгийн үнэтэй үнэт эдлэл, хурдан удмын хоёр адуутай.
Баримт 16.
Тэрбээр "Ви аа ай пи эс" ХХК-ийн 40 хувь, "Нарт шүтээн нутаг" болон "Хүсэн дэвжих" ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг.
Баримт 17.
Өөрийгөө "60 тэрбум"-ын багтай холбоогүй гэж ярьдаг ч түүнийг улстөрд хөтлөн оруулсан төлөөлөгч Д.Баярсайхан, нийслэлийн Засаг даргад өрсөлдөхөд нь дэмжсэн төлөөлөгч Ц.Сандуй нар нь тус бүлэгт харьяалагддаг.
Баримт 18.
Гэвч 2017 оны наймдугаар сард нэр бүхий төлөөлөгчид НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах санал гаргах үеэр "Ц.Сандуйг огцруулах хуулийн заалт байхгүй” хэмээн ярилцлага өгч байсан нь түүнийг тэдэнтэй холбоотой гэдгийг батална.
Баримт 19.
Түүнийг хэлсэндээ хүрдэггүй, жудаггүй гэж ярих хүн цөөнгүй. Тэрбээр 2018 оны наймдугаар сард хэвлэлийн бага хурал зарлан Ц.Сандуйг НИТХ-ын даргаас огцруулах шаардлагагүй хэмээн мэдэгдэл хийх үеэрээ “Хувь хүний амбиц намын бодлогоос дээгүүр байж болохгүй” гэж ярьсан байдаг. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өөрөө намын бодлогоо сөрж, нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн.
Баримт 20.
Сүүлийн үед түүнийг нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазартай үгсэн намын бодлогоо сөрж байна гэх мэдээлэл гарч буй.
Баримт 21.
Ингэхдээ сөрөг хүчин болох НИТХ дахь Ардчилсан намынхантай гар барилцан, нийслэлийн "МАНАН" бүлгийн үйл ажиллагааг олонд ил болгосон.
Баримт 22.
Энэ сарын 15-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг нийслэлийн Засаг даргад томилохоос татгалзсан..
Баримт 23.
Тэрбээр НИТХ-ын төлөөлөгч хэмээх албан тушаалаа ашиглан, сонгон шалгаруулалтад нөлөөлж нэгэн компанид өөрийн сонгогдсон тойргийнхоо авто замыг сайжруулах ажлыг олгуулсан гэдэг. Тухайн ажлын өртөг нь 900 орчим сая төгрөг гэсэн мэдээлэл бий.
Баримт 24.
Намын бодлогоо сөрж, "МАНАН" бүлэглэлийг дэмжиж, "60 тэрбум"-ын схемийг хэрэгжүүлэхээр санаархсан тул түүнийг Ц.Сандуйн хамт намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэх шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооноос гаргав.