Баримт 1.
Я.Содбаатар 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1-р 10 жилийн дунд сургууль, 1997 онд Улаанбаатар их сургуулийг физикч-инженер мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.
Баримт 2.
Тэрээр 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байна.Мөн 2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байсан.
Баримт 3.
2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Баримт 4.
2009 онд Алтан гадас одонгоор шагнуулсан. Англи, орос хэлтэй.
Баримт 5.
Тэрбээр 2015 онд Монголын төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүлж байсан.
Баримт 6.
Тэрбээр 2016 онд УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байхад “Өмнөд хөршийн иргэдтэй хэдэн монгол иргэн гэр бүл болов, хэдэн иргэн монгол улсын иргэнээр оров, Үндэсний аюулгүй байдлын тухай болон бусад хуулинд тогтоосон хэм хэмжээнээс энэ асуудал хэр түвшинд байна вэ. Тодорхой хөрөнгө оруулсан иргэнд хөх үнэмлэх олгоно гэсэн байна. Хөх үнэмлэх авсан хүн насаараа Монголд үлдчих юм биш биз. Үндэс угсаа нэг хүмүүст энэ үнэмлэхийг олгох хэрэгтэй юм биш үү” хэмээж байсан.
Баримт 7.
Зам тээвэр хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилохыг бүлгийнхэн нь 100 дэмжиж байгаа. Гэвч үүнийг олон нийт ямар ч салбарыг мэргэшсэн салбарын хүн нь удирдах ёстой гэдэг. Гэтэл мэргэжлийн бус хүнийг томилж байна гэж шүүмжилж буй.
Баримт 8.
Я.Содбаатар нь УИХ-д хоёр дахь удаагаа Өвөрхангай аймгаас сонгогдсон юм.
Баримт 9.
МАН сөрөг хүчин байх үед бүлгийн дарга С.Бямбацогтын хамт эрх баригчдыг хамгийн их шүүмжлэгчдийн нэг байсан.
Баримт 10.
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, түүний дараа МАН-ын бүлгийн даргад ч яригдаж байсан удаатай.
Баримт 11.
Түүнийг У.Хүрэлсүхийн хүн гэж ярих нь бий. Учир нь улс төрийн гараагаа хуучны Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо буюу одоогийн НАМЗХ-ны нарийн бичгийн даргаас эхэлсэн гэдэг. Тухайн үед НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж байсан. Түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед нь мөн МАН-ын нарийн бичгээр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас сонгогдож гишүүн болж байсан.
Баримт 12.
"Ардчилсан намынхан үнэн нүүр царайгаа харуулчихлаа. Үүнээс цаашаа юу хүлээх гээд байгаа юм. Одоо хариуцлагаа тооцоод явах хэрэгтэй" гэж 2014 онд МАН сөрөг хүчин байхад тэрбээр хэлж байсан.
Баримт 13.
Я.Содбаатар 2013 онд Монголын уул уурхайн салбарын түүхийн талаар “Монголын уул уурхайн түүх” гурван боть ном хэвлүүлжээ.
Баримт 14.
Оюу толгойтой холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг хорьсон. Тэрбээр үүний талаар Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээ хорьж шалгах нь би буруу гэж харж байгаа.Төрд тангараг өргөж, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хувь хүн талаасаа ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэх нь зөв. Төрийн өндөр алба хашиж байсан, бодлого гаргасных нь төлөө яллаж байгаа бол буруу. Аливаа төрийн зүтгэлтнийг бодлого гаргасных нь төлөө яллаж байгаа бол хэлмэгдүүлэлт болдог. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хоёр гурван хувилбараас тухайн цаг үедээ хамгийн боломжтой гэсэн ганц хувилбарыг сонгож шийдвэрээ гаргадаг” хэлж байсан.Мөн тэрбээр, дээрх асуудалтай холбоотойгоор Миний хувьд Ерөнхий сайд, Сангийн сайдын алба хашиж байсан хүмүүс улсаа худалдаад эсвэл оргон зайлж төрдөө хүндэтгэлгүй хандана гэж бодохгүй байна. Тэр хүмүүс цаг тухай бүрт нь очиж мэдүүлгээ өгөөд үнэн зөвөө тогтоолгоод явах ёс суртахуунтай, ёс зүйтэй хүмүүс гэж харж байгаа. Тиймээс хоёр, гурван сараар нь хүмүүсийг хорьж, залхаан цээрлүүлж хэрэг хүлээлгэдэг зарчмаасаа холдох ёстой. Энэ зөвхөн Ч.Сайханбилэг, С.Баяр, С.Баярцогтын асуудал биш. Энэ нь бидний үргэлж ярьдаг ардчилал, хүний эрх болсон үнэт зүйлсийнхээ суурь зарчмыг эвдэж болохгүй. Жирийн иргэнээс эхлээд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн ч бай хэн ч байсан хүний эрх, ардчилал чөлөөт нийгмийн суурь зарчмыг хамгаалж, дуугарч байх ёстой” гэж хэлсэн удаатай.
Баримт 15.
Түүнийг 2016 онд Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшиж байхад тус аймгаас гаралтай Д.Лүндээжанцан түүнийг УИХ-д дэвшүүлэх үндэслэл нь “Эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгмийн бодлого болон төрийн байгуулалтын салбарт жигд мэргэшиж байгаа улстөрч” хэмээн магтаж байсан гэдэг.
Баримт 16.
Түүний гурван орон сууц, зуслан нь 925 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэдэг.
Баримт 17.
Мөн түүнийг 2016 оноос малжиж эхэлсэн гэдэг. Анх 10 адуу худалдан авч байсан бол 2017 онд 35 адуу, 50 хонь тоолуулсныгаа 17 сая төгрөгөөр үнэлсэн байдаг.
Баримт 18.
Я.Содбаатар Ти-Эс-Эм ХХК-ийн 100, Эрдэнэс МГЛ ХК-ийн 4, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 4288, Тэнүүн капитал групп болон Бусад компанийн 400, Конкрет адмикс ХХК-ийн 100, Эпато анарваан ХХК-ийн хувьцаа эзэмшдэг.
Баримт 19.
Тэрбээр Ж.Эрдэнэбатын мэргэжлийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 33-ын бүлгийн гишүүн. Тэр тухайгаа “Амаргүй дарамттай тулгарч байж гарын үсэг зурсан. Концессын асуудлыг бүлэг дээр хоёр удаа ярьсан. Бүлэг дээр энэ концессыг боль гэж шийдвэр гарсан. Гэтэл одоо хамт шийдчихээд одоо буруутгалаа гэж яриад байна. Тийм юм болоогүй. УИХ дахь МАН-ын 65 гишүүн хагараагүй, хуваагдаагүй” хэмээн хэлж байсан.
Баримт 20.
Я.Содбаатар анх удаагаа буюу 2012 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа УИХ-ын гишүүн Р.Гочигдоржийг хууль бусаар нэр дэвшсэн гэж мэдээлэл хийж байсан. Гэвч Р.Гончигдорж үүнийг гүтгэлэг хэмээн үзэж Я.Содбаатарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасуулахаар СЕХ-нд гомдол гаргаж байсан.
Баримт 21.
Я.Содбаатар МХЕГ-ын дарга байхдаа 2009 оны зургадугаар сард Хөвсгөл аймагт зохиогдсон залуучуудын чуулга уулзалтад оролцохоор явж байгаад осолд орж эгмээ хугалан мэс засал хийлгэж байсан гэдэг.
Баримт 22.
Я.Содбаатар гишүүн гэнэ гэнэхэн их шударга царай гарган үг хэлдэг ч намынхаа бодлогоос хазайдаггүй үнэнч гишүүн. Тэрээр 2013 онд “төрийн албаны данхайсан бүтцийг цомхотгох, төрийн албаны үргүй зардлыг бууруулахад анхаарах ёстой. Нэг ёсны төр өөрөө жижгэрч, төр өөрөө бүсээ чангалах талд бодлогоо чиглүүлэх ёстой” гэж хэлж байсан.
Баримт 23.
Тэрбээр 2014 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нартай хамт жагсаал зохион байгуулж Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх баригчдыг “давхар дээл”-ээ тайлах, хуулийг баталсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлэх гэсэн шаардлага тавин монгол дээл өмсөөд нөмгөн зогсч байсан. Мөн уг шаардлагыг хэрэгжүүлж, эрх баригчид яаралтай “давхар дээл”-нээсээ салахгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл шаардлага тавьж, тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно гэж байсан удаатай. Тэрбээр одоо Зам тээвэр хөгжлийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн.
Баримт 24.
Улс төрийн гараагаа хуучны Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо буюу одоогийн НАМЗХ-ны нарийн бичгийн даргаас эхэлсэн гэдэг.