Баримт 1.
Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эдийн засагч, автоматикийн инженер мэргэжилтэй.
Баримт 2.
1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Украины Харьковын Политехникийн дээд сургууль, 1994 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр,1998 онд Япон улсын Сайтомогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи хэлтэй гэдэг.
Баримт 3.
Тэрбээр 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлсэн байна. 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2008 оноос УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж байна.
Баримт 4.
Ц.Даваасүрэн нь 2000 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан.
Баримт 5.
Гурван удаа сонгогдохдоо нэг удаа нам сольж, нэг удаа бие дааж нэр дэвшиж байсан. УИХ-ын 2008 оны сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөлд МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон. МАН-ын Бага хурлаас хөөгдсөн тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж хоёр дахь удаагаа сонгогдож байлаа. Харин 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын гишүүнчлэлээ сэргээж улмаар 38 дугаар тойргийн мандатыг авч Хөвсгөл аймагт 63.71 хувь буюу 14291 хүний санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Түүнтэй тухайн тойрогт УИХ-ын гишүүн байсан Ц.Оюунгэрэл өрсөлдсөн юм.
Баримт 6.
Тэрбээр морь, шатрын хоббитой бөгөөд аймгийн алдарт уяач цолтой. Мөн Хөвсгөл аймгийн Багш нарын холбоо, Уяачдын холбоо, Ажил олгогч эздийн холбоо, Оюутан, залуучуудын холбооны тэргүүн зэрэг сонгуульт ажилтай.
Баримт 7.
2012 оны тавдугаар сарын 1-ны өдөр зохиогдсон МАН-ын IV Бага хурлаас түүнийг МАН-ын Бага хурлын гишүүнээс чөлөөлж байсан юм. Энэ шийдвэрийг тэрбээр намын дүрэм зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан удаатай. Тодруулбал, Ц.Даваасүрэн энэ тухайгаа “Намын дүрэмд зааснаар тухайн намаас УИХ-д сонгогдсон гишүүн тухайн намын Бага хурлын гишүүн байдаг. Удирдлагууд яаж хандаж байгаагаас бус, намын нөхдөөсөө асууж байж энэ асуудлыг шийднэ гэсэн байтал бүлгээс гарсан гэдгийг намаасаа гарлаа гэж ойлгодог юм уу. Эсвэл намайг өөр намд орсон гэдэг ойлголттой байсан уу, Бага хурлын гишүүнээс хассан явдал нь ёс зүйн хувьд буруу алхам. УИХ-ын гишүүнийг улс төрийн нам шийтгэх ёсгүй. УИХ-ын гишүүн тойргийн иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг төлөөлөөд явж байгаа. Намайг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн нь олон мянган сонгогчид руу бас тааламжгүй алхмыг намаас хийж байна гэж ойлгож болно” хэмээн ярьж байлаа.
Баримт 8.
МАН түүнийг намаасаа хөөж байсан удаатай. Тодруулбал, УИХ дахь МАН бүлгээсээ гарахаа зарласны дараа буюу 2012 оны тавдугаар сард МАН Бага хурлаасаа хасч, намаасаа хөөжээ. Харин 2016 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр намдаа дахин элссэн юм.
Баримт 9.
Ц.Даваасүрэн 2014 оны дөрөвдүгээр сарын 13-нд МАХН-д элссэн байдаг. Тухайн өдөр нь МАХН тэргүүн Н.Энхбаярыг баривчилж Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих анги руу ачсан өдөр байлаа.
Баримт 10.
Түүнийг “10 хувийн Ц.Даваасүрэн” хэмээн хочилдог. Түүнийг 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн даргаар ажиллаж байхдаа тендер будлиантуулж, цаад талаасаа 10 хувь авдаг байсан гэх учир ийн хочлох болжээ.
Баримт 11.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бүх гишүүдийн оролцоогүйгээр хууль бусаар хурал зохион байгуулж өөрийгөө Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон хэмээн мэдээлэл түгээж байгааг эсэргүүцэн Монголын Тэшүүрийн холбооноос мэдээлэл хийж байсан удаатай. (2016 тавдугаар сарын 6-нд)
Баримт 12.
Тэрбээр 2010-2014 онуудад Монголын тэшүүрийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд нэг ч амлалтаа биелүүлээгүй хэмээн тус холбооны гишүүд нь мэдэгдэж байсан.
Баримт 13.
Ц.Даваасүрэн 2017 онд сайдын тушаалаа авч байхдаа орлогоо 240 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 75.5 сая, автомашин SUZUKI-1 нийт үнэлгээ 26 сая, үл хөдлөх хөрөнгөд хоёр орон сууц, үнэлгээ 371 сая, үнэт эдлэл 10 сая, хадгаламж дахь дансны үлдэгдэл 10.2 сая гэж мэдүүлсэн билээ.
Баримт 14.
Түүнчлэн “Ди Эл Өү” ХХК, ”Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг, “Цолмон хээр” дэлгүүр ХХК, “Өег мебель” ХХК, “Нэмүт” ХХК гэхчлэн компаниудад хувь эзэмшдэг. “Цолмон хээр” дэлгүүр нь морь, малд зориулсан эм, тариа, бэлдмэл борлуулдаг. Нэгэнтээ тэрхүү дэлгүүрийнх нь Англи, Америкаас авчирдаг зарим нэр төрлийн эм, эмийн төрлийн бvтээгдэхүүн нь Монгол Улсад бүртгэгдээгүй байсан хэмээн шуугиан тарьж байсан билээ.
Баримт 15.
УИХ-д гурвантаа сонгогдох хугацаандаа 14 хуулийн төсөл санаачлан өргөн барьсан бөгөөд хоёр нь буцаагдсан.
Баримт 16.
Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Эрчим хүчний сайдын ажлаа авахдаа “28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна” гэж тодотгосон байдаг.
Баримт 17.
Ц.Даваасүрэн Зам тээврийн хөгжлийн сайдад Хөвсгөл аймаг руу өвлийн нислэгтэй болох талаар хүсэлт тавьсны дагуу Улаанбаатар-Мөрөнгийн чиглэл рүү долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх болсон.
Баримт 18.
Тэрбээр 2008 онд С.Баярцогтыг “Чи энэ Оюутолгойн гэрээнээс болж гадныханд найр тавьж гүйснээсээ болж гэр бүлдээ гай чирч, энэ эх оронд гишгэх газаргүй болно оо” хэмээн хатуу мэдэгдэж байжээ. Ер нь түүний улс төр дэх таних тэмдэг нь тендерийн “арван хувь” авдаг гэсэн хоч болон Оюутолгойн гацаагч гэсэн нэр нь юм.
Баримт 19.
Тэрбээр их эмзэг. Ийн өгүүлэхийн учир “Тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлээр “Дандаа санасан бодсоноор нь шийдэхгүй бол шантааж хийгээд эхэлдэг. Тэр хүнийг ингэж давраахгүй” гэж хэлсэнд нь эмзэглэсэн Ц.Даваасүрэн гишүүн тун удалгүй УИХ дахь Ардын намын бүлгийн хуралд сүүлийн хоёр сар суугаагүйн дээр өөрийн хүсэлтээр бүлгээсээ гарсан атлаа “Намаасаа гарахгүй” хэмээн мэдэгдсэн нь маргашгүй үнэн” гэж хэвлэлд бичсэн нь бий.
Баримт 20.
Эрчим хүчний удирдлагууд 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээллийг АТГ-аас өгч байсан. Харин тэрбээр “Энэ тендер хэрвээ надтай, миний ах дүүтэй холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн” гэж ярьжээ.
Баримт 21.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр тушаал гаргаж, Эрчим хүчний хөгжлийн төвийн хэлтэс болох “Сургалт- Үйлдвэрлэлийн төв”-ийг бие даасан хуулийн этгээд болгох шийдвэр гаргажээ. Эрчим хүчний хөгжлийн төв бол Төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Уг нь шинээр хуулийн этгээд үүсгэх асуудал Засгийн газрын хуралдаанаар шийдэгддэг. Бие даасан хуулийн этгээд болгоод зогсохгүй ТӨХК-иудад 604 сая төгрөг гаргаж өгөхийг хүчээр тулган шаардсан талаар мэдээ.мн сайт нийтэлж байсан.
Баримт 22.
Өнгөрсөн долоо хоногт болсон 0 зогсолтын талаар тэрбээр “Мэдлэг муу нэг хүнээс болоод осол гарч гэхдээ надаас болоогүй” хэмээн ярьсан олны дургүйцлийг ихээр хүргээд байгаа юм. Олон нийт түүнийг хариуцлагаас бултах шалтгаа хайж байна хэмээн шүүмжилж байгаа юм.
Баримт 23.
Тэрбээр өөртэй нь холбоотой ямар нэгэн яриа хөөрөө, асуудал гараад ирэхээр шууд л Оюутолгойг муулдаг. “Сайдын УИХ-д сууснаас хойших жилүүдийн ярилцлагуудаас нь харахад “Рио тинто болохгүй байна”, “Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй”, “Оюутолгойтой эцсээ хүртэл тэмцэнэ” гэсэн агуулгатай мэдэгдлүүдээр дүүрэн.
Баримт 24.
Уншигчдадаа сонирхуулахад Ц.Даваасүрэн УИХ-д байгаа эрэгтэй гишүүд дундаас үйл мэтгэдэг ганц гишүүн гэж хэлж болох буй за. Тодруулбал, тэрбээр тав, зургадугаар ангиасаа эхлэн жинсэн материалаар өмд оёж сурч байсан гэдэг. Мөн анхныхаа хүүхдэдээ зориулж цамц, малгай оёж өгсөн хэмээн ярьж байсан юм.