Баримт 1.
МАН-ын Засгийн газар 2016 онд байгуулагдах үеийн гурван дэд сайд өдгөө солигдоод байгаа. Тодруулбал, БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгонбаяр Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон бол Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл албан ажлаа хүлээлгэн өгөөд байгаа юм. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан Х.Бадамсүрэн их удалгүй “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилогдож байв.
Баримт 2.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2011 онд нийслэлийн МХГ-ын даргын албыг хашиж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Одхүүтэй хамтран улсын орлого болгохоор хураасан их хэмжээний самрыг хятадын иргэнд кг тутмыг нь 2500 төгрөгөөр борлуулж, завшсан байдаг. Үүний улмаас АТГ-т шалгуулж байлаа.
Баримт 3.
2012 онд “Тэнгис” кино театрын дэргэдэх, одоо ч барьж дуусаагүй барилга дээрээс төмөр унаж, оюутан залуу амиа алдсан. Мөн тус оны есдүгээр сард есөн настай охин өргөгч цамхгийн суманд даруулж нас барсан байдаг. Тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг шалгаагүй хэмээн Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлж байсан юм.
Баримт 4.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг “Мөнхийн үсэг”, “Аз хур” зэрэг компанийн эзэмшигч гэдгээр нь олон нийт мэднэ. Мөн түүнийг албан тушаалаараа түрий барьж ЕБС-ийн сурах бичгээс эхлээд төрийн томоохон хэвлэх ажлуудыг компани руугаа өгдөг тухай яриа гардаг.
Баримт 5.
Дэд сайд Б.Батцэцэг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 2015 онд Сангийн сайдаар ажиллаж байх үед нь зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Түүнчлэн түүний компани бүх шатны сонгуулийн санал өгөх хуудас хэвлэх онцгой эрх, Архи, тамхины онцгой албан татварын лац хэвлэх онцгой эрхийг тус тус эзэмшдэг.
Баримт 6.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн эзэмшилд байдаг “Мон дулаан”, “Нүүдэлчин”, “Хишиг Арвин индустриал” компаниудтай холбоотой олон таагүй мэдээлэл байдаг. Хэдийгээр тэрбээр төрийн албанд ороод эдгээрийн үйл ажиллагаанд оролцоогүй байж болох ч ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэх аргагүй билээ.
Баримт 7.
Өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын 18-нд Дүнжингарав морин уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд шөнө дүлээр болж есөн хүүхэд унаж гурав нь эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Уг уралдааны зохион байгуулалт дээр Засгийн газраас төлөөлж Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн ажиллаж байв. Тэрбээр Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байлаа.
Баримт 8.
2017 оны долоогоос есдүгээр сард Улаанбаатарын захын дүүргүүдэд шүлхий дэгдэж 3000 гаруй өрх хөл хорионд орж байв. Тухайн үед хот орчмын малд тарьсан вакцин нь шүлхийгээс сэргийлэх чадамж сул бараг л ус байсныг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон. Тус вакциныг 2016 онд Засгийн газрын тогтоолын дагуу 5.7 тэрбум төгрөгөөр “Глобал бизнес линк” хэмээх компаниас ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле авсан байдаг юм.
Баримт 9.
Анх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакирыг 2016 оны наймдугаар сард МАН-ын удирдах зөвлөлөөс дэмжсэн байдаг. Гэвч тэрбээр АТГ-ын босгонд бүдэрсэн билээ. Түүний талаарх мэдээллийг АТГ-т гаргаж өгсөн хүн нь дэд сайд Ж.Саулегийн нөхөр МУИС-ийн багш М.Зулькафил гэдэг яриа гарч байлаа.
Баримт 10.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав албан тушаалын “бялуу”-наас хоцордоггүй сүйхээтэй эр. УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН илт давуу ялалт байгуулахад “бялуу” хүртэж Хан-Уул дүүргийн Засаг дарга болж байв. Мөн 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо шударгаар ялаагүй гэх хэл аманд орж байсан нэгэн. Харин 2016 онд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулахад хоосон үлдчихэв үү гэтэл 2017 онд дэд сайдын тушаалаар шагнуулаад л авч байгаа юм.
Баримт 11.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн нэгдүгээр сард “Дэд сайд Д.Загджав Оюутолгойг зогсоох талаар мэдэгдсэн нь Засгийн газрын байр суурь биш” хэмээж байв. Багаар ажиллах чадвар, төрийн хүний нуруугүй хувийн тоглолттой, албан тушаалд дуртай гэх хэл ам түүнийг дагалддаг.
Баримт 12.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хүн гэдэг. Тэрбээр Д.Тэрбишдагвыг Шадар сайдаар ажиллах хугацаанд ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байлаа. Хожим дэд сайд болгосон хүн нь ч Д.Тэрбишдагва гэдэг юм билээ.
Баримт 13.
Дэд сайд Т.Дуламдоржийг 2015 онд Төрийн өмчийн хорооноос Монгол шуудангийн захирлаар томилж байлаа. Гэвч тухайн үед Монгол шуудангийн ажилчид тус томилгоог шударга бус хэмээн эсэргүүцэж түүнийг ажлаа авахаар очиход байгууллагадаа нэвтрүүлээгүй билээ.
Баримт 14.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга МАН-ын Хэвлэл мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа, пи-ар хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Албан тушаалаас хоцордоггүй сэргэлэн эр гэгддэг.
Баримт 15.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тодорхой хувийг эзэмшдэг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга сургуулийнхаа газар дээр буюу Төрийн ордны зүүн талд зочид буудал, их сургуулийн хачирхалтай цогцолбор барьсан юм. Үүнээсээ ч чамгүй ашиг олсон тухай яриа чих дэлсэх нь бий.
Баримт 16.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгийг МАН-ын шинэ кадруудын нэг гэдэг. Мөн улс төрд сонсогдоогүй нэр, үзээгүй зүс ч гэж шүүмжлэн “ХНХ-ын салбар түүнд томдоно” гэж үздэгээ намынх нь зарим гишүүд нуудаггүй.
Баримт 17.
Хэдийгээр тэрбээр төрийн алба хашсан туршлагаар бага ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байна. Гэвч хууль боловсруулах, батлуулах үйл явцад ямар оролцоотой байдаг нь бүрхэг. Төрийн ордонд салбарынхаа асуудлыг хамгаалахаар тэр болгон ирдэггүй хүн. Хоёр жил гаруй хугацаанд нийгэмд бүү хэл салбарынхандаа ч танигдаж амжаагүй дэд сайдын нэг.
Баримт 18.
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тун ч үг цөөтэй бололтой. Гэхдээ 2016 онд нэг удаа Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нарыг БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролыг шонхор хилээр гаргасан гэж гүтгэсэн тул шүүхэд өгнө гэж мэдээлэл хийж байсан юм даа. Мөн тэрбээр 2016 онд шонхор шувуу жилд долоо найман мянгаараа хорогдож байгааг цахилгааны шонтой холбоотой талаар ярьж байлаа. Гэвч өдийг хүртэл цахилгааны шонгоос шонхор шувуугаа хамгаалахаар ямар ажил хийж байгаа талаар харин яриагүй байгаа байх шүү.
Баримт 19.
Тэрбээр, У.Хүрэлсүхийн ойрын хүн. “Зүүний хүчний холбоо”-ны зохицуулагч байхдаа УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирт “гар хүрч” асуудал дагуулж байсан.
Баримт 20.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр жирийн сэтгүүлчээс улстөрд орсон цөөн хүмүүсийн нэг. Хотын дарга асан Ц.Батбаяр түүнд “Ургах наран” хорооллын маркетингийг хариуцуулснаар олонд танигдсан юм. Харамсалтай нь “Ургах наран” хорооллын төлөвлөгөөг хийхдээ бохирын асуудлыг хэрхэн шийдэхийг огт тооцоолоогүй нь цагтаа хэл ам дагуулж байв.
Баримт 21.
Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хувьд улс төрийн туршлага тааруухан гэгддэг. Дэлхийн банкны төслүүдэд зөвлөх, төслийн удирдагч, “Оюутолгой” ХК-ийн инженер болон бизнес стратегийн хэлтэст ажиллаж байсан намтартай. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн Европын холбоо руу бичсэн захидлаас болж Монгол Улс хар жагсаалтад орох шахсан гэсэн хар намтар түүнд бий.
Баримт 22.
Нэгэнтээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Маш ноцтой Эрүүгийн хууль хэрэгжих гээд байна. Эх орноосоо урвах заалтыг байхгүй болгосон. Үүнийг хэлж, ярьж явсны төлөө Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр намайг зодох гэж завдаж байсан” хэмээн мэдээлэл хийж байв. Үүнээс үзвэл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд чамгүй шазруун эр бололтой.
Баримт 23.
Өнгөрсөн сард хүчтэй аадар орсны улмаас Дорноговь аймагт вагон осолдож замаас гарсан юм. Энэ шалгаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд болон дэд сайд нар ажлаа өгч байлаа. Гэвч МАН-ын удирдах зөвлөлөөс дэд сайдаар УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарыг томилсон билээ. Үүний дараа олон нийтийн зүгээс “Яг жинхэнэ хариуцлага үүрэх ёстой этгээд нь сайд болчихлоо” гэх шүүмжлэл гарч байв.
Баримт 24.
Хэдийгээр Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Л.Халтар хэмээх салбарынх нь хүн очиж байгаа боловч бас ч цэвэр нэртэй нэгэн биш. Түүний талаар УБТЗ-ийг банкны барьцаанд тавьсан, өртөөнүүдэд ажилчдын байрны бизнес нь байдаг гэхчлэн янз бүрийн зүйл сонсогддог. Хамгийн ноцтой нь тэрбээр өмнө нь Ерөнхий хороогоо шүүхэд өгч байсанд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50 хувийг эзэмшдэг ОХУ таагүй ханддаг юм.