Баримт 1.
2017 оны байдлаар уул уурхайн салбар манай орны экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 гаруй хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг эзэлж байгаа.
Баримт 2.
Уул уурхайн салбар нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдож байна.
Баримт 3.
“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол гарч, уг тогтоолын хэрэгжилтийг хангах Засгийн газрын ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд улс төрийн гол намууд, улс төрийн институциуд Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал нэгдсэн.
Баримт 4.
Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гаржээ.
Баримт 5.
Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн засаглал, бүтэц, стандартуудыг өөрчлөх, сайжруулах, олон улсын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтрах ажлууд хийгдэж байгаа.
Баримт 6.
Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж, Тавантолгой ордын үнэ цэнийг өсгөх чиглэлээр ашиглана.
Баримт 7.
Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн тулгамдсан гол асуудал болох уул уурхайн дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж, улмаар нүүрсний зах зээлээ өргөжүүлэх, уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэх болно хэмээн үзэж буй аж.
Баримт 8.
Тавантолгойн ордоос олборлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах ажлууд хийгдэж эхэлсэн.
Баримт 9.
Оны эхний долоон сарын байдлаар 26,3 сая тн нүүрс олборлож, 20,5 сая тн нүүрс экспортолжээ.
Баримт 10.
Нүүрсний экспорт ийнхүү сайн үзүүлэлттэй байхад бизнесийн түншүүдийн маань харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Баримт 11.
Тавантолгойн ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны зорилтын нэгэн томоохон хэсэг.
Баримт 12.
УИХ-ын 73 дугаар тогтоолын хүрээнд төмөр зам, авто зам барих, усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэнэ.
Баримт 13.
Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, авто замын төслүүд хэрэгжиж, цахилгаан станц барих ажил эхэлнэ.
Баримт 14.
“Оюу Толгой” компани эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодоос хангах үүднээс цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлсэн.
Баримт 15.
Тавантолгойн ордоос гадна нүүрс экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад компаниуд бий. 2017 оны байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын 50% Шивээхүрэн-Сэхэ боомтоор хийгдсэн байдаг. Засгийн газар Монгол Улсын экспортын нүүрсний балансыг хадгалах зорилгоор Тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлэн Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын асуудалд анхаарал хандуулан шийдвэр гаргасан. Шивээхүрэнгийн төмөр зам баригдсанаар сул коксжих нүүрсний ордуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах боломж бүрдэнэ.
Баримт 16.
Мөн 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөх “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Улаанбаатар хотноо 2018 оны 06 дугаар сард гарын үсэг зурсан нь уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна.
Баримт 17.
БНХАУ-ын Бүс ба зам, Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн корридор байгуулах хөтөлбөр, саяхан Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг хөгжлийн стратегийн хүрээнд бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид нэгдэж, бүс нутгийн орнуудтай илүү нягт хамтран ажиллах боломж тун удахгүй бүрдэнэ.
Баримт 18.
Экспортын нүүрсний ордууд ихээр төвлөрсөн өмний говийн бүс нутгийг гадаргын усаар хангах том төсөл хэрэгжүүлэх боломжийг бид идэвхитэй судалж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр өмнийн бүс нутгийн хүн амын суурьшилт, бүс нутгийн экологийн тэнцвэр, хөгжилд том өөрчлөлт гарах болно.
Баримт 19.
Дэлхийн зах зээлд Монголын геологи, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг чадавхжуулахын тулд тус салбарын эрх зүйн орчинд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Тухайлбал, тус салбарын хууль, журам, заавар, стандарт хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг цэгцлэх, тусгай зөвшөөрөл олгох, хянах зэрэг ажиллагааг хөнгөвчлөх, төрийн байгууллага хоорондын уялдаа, холбоо, чиг үүргийг тодорхой болгох, орон нутгийн оролцоог сайжруулах шаардлагатай.
Баримт 20.
Байгаль орчны хяналт, уурхайн хаалтын механизмыг хэрэгжихүйц болгох, улмаар уул уурхайн салбараас урт хугацаанд, тогтвортой, үр ашиг хүртэх баялгийн засаглалыг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авах нь та бидний ойрын болон дунд хугацааны зорилт бөгөөд энэ талаар зохих арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс авч ажиллаж байгаа.
Баримт 21.
Эдгээр тодорхой зорилтуудын хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжид чанарын дэвшил гарах бөгөөд үр дүнд нь хөрөнгө оруулалт татах бодит, таатай орчин бүрдэнэ.
Баримт 22.
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх, боловсруулах үйлдвэр байгуулах хүрээнд нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжинэ.
Баримт 23.
Түүнчлэн нүүрсний уурхайгаас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах, нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоох, уламжлалт бус газрын тосны хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт ач холбогдол бүхий нүүрсний давхаргын метан хийн хайгуул, судалгааг Австрали Улсын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэх бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар тогтоод байгаа.
Баримт 24.
Нүүрсний салбар бол манай улсад орчин үеийн уул уурхайн салбарын үндсийг тавьсан төдийгүй нүүрс нь стратегийн чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн.