Баримт 1.
Тэрбээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. “Марчин” овгийн удмын бүсгүй билээ.
Баримт 2.
Түүний аав З.Бадамгарав, ээж Д.Долгор нар Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн хүмүүс. Аав нь айлын ганц хүү. Насаараа аж ахуйн ажил хийж сампин цохиж, тоо бодож амьдарсан нэгэн. Өнөөдөр, маргааш юу хийх бүтээхээ сампингийн эрхэнд найдаж амьдарсан хүн гэж ч болохоор алдаа гаргаж яваагүй нэгэн. Нутгийнхан Тоочин Бадамгарав гэдэг байжээ. Харин ээж нь айлаас хоёулаа аж.
Баримт 3.
Тэрбээр 1989 онд Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд болсон Монголын уулчдын цугларалт, авиралтад оролцож оргилд гарснаар уулын спортод анх хөл тавьж байсан.
Баримт 4.
2006 оны Эверестийн оргилд гарах багийг анх зохион байгуулан удирдсанаар өндөр уулын авиралт удирдах, хөтөч хийх гараагаа эхэлж байсан.
Баримт 5.
Тэрбээр “Seven summiteer” буюу Дэлхийн долоон ноён оргилд гарахын төлөө 15 жил зүтгэсэн.
Баримт 6.
Тэр айлын 11 хүүхдийн долоо дахь нь юм. Дөрвөн ах, хоёр эгчтэй, нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй. Эр хүн шиг эрэлхэг, зориг тэвчээртэй занг эмэг эхээсээ олж авсан гэж ярьдаг. Түүний аав Бадамгарав гуай 11 хүүхдийнхээ хоёрыг нь өөрийн ээжийн гар дээр өсгөсөн. Түүний нэг нь Гангаамаа аж. Эмэг эх Нанзад нь залуудаа ихээхэн зовлон үзсэн болоод ч тэрүү чанга хатуу гэхдээ их ухаалаг хүн байсан гэдэг.
Баримт 7.
Тэрбээр анх Их-Уул сумын сургуульд элсэн орсон ч гуравдугаар ангиасаа Тосонцэнгэл суманд шилжин суралцаж тэндээ 10 дугаар анги дүүргэсэн байна. Тэгээд ЗХУ-д нийгмийн ухааны чиглэлээр суралцахаар конкурст орсон ч яг урдуураа улаан шугам татуулжээ. Дараа жил нь конкурст даагаа нэхэх боломж байсан ч хоёр салаа зам Гангаамаагийн өмнө байв. Нэг нь конкурст орох, нөгөө нь уулын спортыг сонгож Хархираагийн оргилд авирах. Тэгээд л Гангаамаа уулчин болох замыг сонгожээ. Аравдугаар ангид байхдаа уулчдын дунд багтан явж нутгийнхаа шүтээн уул Отгонтэнгэрт авчирсан нь энд нөлөөлжээ.
Баримт 8.
Тэрбээр уулын спорттой 29 жилийн турш амьдралаа холбож яваа нэгэн.
Баримт 9.
Тэрбээр Анагаах ухааны дунд сургуульд суралцаж микробиологич мэргэжил эзэмшсэн бөгөөд Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газар есөн жил ажилласан байна. Түүнчлэн 2017 оны хавар МУБИС-ийг дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ.
Баримт 10.
Тэрбээр “Уулчин миний мэргэжил,ажил амьдрал минь” гэж бусдад хэлэх дуртай.
Баримт 11.
Тэрбээр 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/, 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/, 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/, 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/, 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/, 2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/, 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/4897м/, 2018 он долдугаар сарын 23 нд Чогори /К2-8611 м/-т тус тус гарсан юм. Тэрбээр Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн. Харин Дэлхийн хамгийн өндөр Эверест /8848 м/ оргилд гарсан хоёр дахь Монгол хүн буюу анхны эмэгтэй хүн болсон.
Баримт 12.
Тэрбээр өөрийн хувийн амьдралаа ихэд нууцалдаг нэгэн.
Баримт 13.
Түүний нэрийг төрөх эмнэлэгт байхад нь өгсөн бөгөөд Ганга буюу Энэтхэгийн мөрөн, Маа буюу эх гэсэн үгнүүдийн нийлбэрээс бүтдэг. Монголоор “Ганга эх” гэсэн утгатай нэр ажээ.
Баримт 14.
Монгол Улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэн ууланд 1998 онд анхны авиралтыг хийсэн. Тэрбээр эх орныхоо ноён оргилд хамгийн олон гарсан хүн билээ. Тус оргил уруу 34 удаа авиралт хийснээс долоо нь амжилтгүй болсон. Харин Очирваань хайрхан уруу таван удаа гарчээ.
Баримт 15.
Гангаамаа долоон тивийн ноён оргилд гарах зорилгодоо хүрснийхээ дараа энэ онд Пакистаны К2 ууланд авирсан. Өмнө нь К2-т 2012 онд авирч яваад буцсан гэдэг. Ингэснээр К2-т гарсан анхны монгол хүн болсон билээ.
Баримт 16.
Түүний зурагтай марк энэ оны гуравдугаар сард хэвлэгдсэн. Маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг ажиллаж, БТСГ-аас мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран бүтээжээ. “Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа” сэдэвт марк нь нэг блок бөгөөд гүйлгээнд гарсан анхны өдөр 2018 оны гуравдугаар 19, хэвлэгдсэн тоо 15 мянган ширхэг юм. Харин анхны өдрийн дугтуй нь 600 ширхэг, анхны үнэ зургаан мянган төгрөг, маркийн хэмжээ 58х35 мм, хэлхээний хэмжээ 120х88 мм бөгөөд офсет хэвлэлийн дөрвөн өнгөөр хэвлэжээ.
Баримт 17.
К2 уулын оргилд Гангаамаатай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт аж. К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан байдаг.
Баримт 18.
Тэрбээр 29 жил уулын спортод зүтгэхдээ нэг ч удаа цуцаж шантарч байгаагүй. Учир нь тэр сэтгэл зүйгээ маш сайн бэлддэг.
Баримт 19.
Түүний сүсэглэдэг зүйл бол ямар ч шашнаас илүү уул хайрхад юм.
Баримт 20.
Тэрээр цэцэг, навчин дунд байхыг ихэд хүсдэг. Даанч тэр ихэнхдээ цастай ууланд авиралт хийдэг. Төдийлөн түүний хүсэл биелдэггүй.
Баримт 21.
Гангаамаа зундаа жуулчдад ууланд авирах хөтөч хийдэг. Энэ нь түүний бэлтгэл болдог байна.
Баримт 22.
Нэгэн удаа түүнтэй хамт явж байсан уулчин нь мөстэй аяга өгч халааж өгөхийг гуйжээ. Харин түүний ачааг үүрч явдаг туслах дургүйцсэн байна. Учир нь уулчид авч явах хоол, хүнс, газныхаа хүрэлцээ, жин зэргийг маш нарийн тооцдог. Гэвч тэр уулчинг өрөвдөн, туслахаа эзгүй хойгуур усыг нь халааж өгсөн. Гэвч туслахдаа баригдсан тул өөрөө уусан гэдэг. Энэ нь уулчны амьдралын нэгэн хатуу шалгуур юм.
Баримт 23.
Тэрбээр авирах гэж зорьж очсон уул болгоноо аргадаж залбирдаг. Энэ нь уулс усаа аргадаж, хилэгнүүлэхгүй байх эрмэлзэл, монголчуудын уламжлал билээ.
Баримт 24.
Тэрбээр эмэгтэй уулчдын багтайгаа 2006 онд Эверестэд авирсан боловч оргилд хүрэхэд 168 метр дутуу байхад буусан байдаг. Баг удирдан, олон хүний аюулгүй байдал, амь насыг хариуцаж явах түүний хувьд хүнд байсан учир 2011 онд бэлтгэлээ ханган, ганцаараа авирч оргилд нь гарсан билээ.