Чили улсад 11 дүгээр сарын 19-нд болох парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ухуулга сурталчилгаа хийж байсан сенатын гишүүн Фульвио Росси руу хутгатай этгээд халдсан тухай телевизийн “24 Oras” суваг мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
Одоогоор тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. “Сенатын гишүүний биеийн байдал хэвийн бөгөөд түүний амь нас аюулгүй байдалд байна” гэж Икике хотын эмнэлгийн дарга мэдэгдсэн байна.
Чилийн засгийн газраас "сенатын гишүүнийг хөнөөхийг завдсан" хэргийг мөрдөн шалгах үүрэг өгсөн тухай тус улсын дотоод хэрэг, нийгмийг аюулаас хамгаалах яам мэдээлжээ.
Өөр рүү нь халдсан хүн "гадаад аялгатайгаар" ярьж байсан хэмээн эцэг нь хэлсэн гэж халдлагад өртсөн сенатын гишүүний хүү Франко Росси хэлсэн аж. "Цагаачлалын хууль тогтоомжийг чангатгах тухай санал дэвшүүлж байсан болохоор намайг заналхийлдаг байсан" гэж Фульвио Росси өнгөрсөн 10 дугаар сард мэдэгдэж байжээ.
Э. Аянзаяа