Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчид гарааны зурхай дээрээс эрчтэйхэн хөдөллөө. Энэ удаагийн сонгуульд УИХ суудалтай АН, МАН, МАХН зэрэг гурван намын нэр дэвшигчид өрсөлдөж буй. Сонгуулийн уур амьсгал ид эхэлж энэ өдрүүдэд сонгогчид сонголтоо хийхээр нэр дэвшигчдийн дэвшүүлж буй саналуудыг тунгааж байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь сайтар судалж, хэрвээ Ерөнхийлөгчөөр сонговол юу хийх вэ гэх ажлын дараалалтай танилцаж байна. Аливаа улс төрийн намын болоод нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэдэг ирээдүйд хийх ажлын чиг болж өгдөг. Тиймээс 24tsag.mn сайт Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
МАХН-аас нэр дэвшигч С.ГАНБААТАР
Нэг. ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫГ БУЙ БОЛГОЖ, АЖИЛГҮЙДЭЛ БА УЯДУУРЛЫГ АРИЛГАНА
Өнөөдөр хариуцлагагүй төр , Ард түмнээ боддоггүй төр засаглаж байна. Эрх мэдэл, мөнгө хоёр холилдож төрийн үйл ажиллагааны гажуудлыг бий болгож байна.
Монголд ажилгүйдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Хөдөлмөрийн чадвартай хүн амын 20 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Ажил хайсан Монголын залуус эх орноосоо дайжин гарч, саар санаатангууд эх нутгаар минь хөлхөж байна. Энэ нь аюулын харанга дэлдэж үндэсний аюулгүй байдалд заналхийж байна. Ядуурал Монголын нийгмийг бүхэлд нь бүрхээд байна.
Монголд хариуцлагатай төр засгийг бий болгохгүйгээр ажилгүйдлийг арилгаж, ядуурлыг бууруулж чадахгүй. Үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ.
Хоёр. ОЛИГАРХИУД БА ОФФШОРЧДЫГ ХАЗААРЛАЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООНО
Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд язартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна.
Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой. Олигархиуд болоод оффшорчдыг халхавчлан хамгаалж, өөгшүүлэн давруулж буй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төр засгийн хүнд суртлын гинжийг тас цохих хэрэгтэй байна.
Өнөөдөр Монголд шударга ёс ус, агаар мэт үгүйлэгдэж байна.Шударга ёсыг тогтоосноор хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна.
Гурав. АРД ТҮМНИЙ АМИН ЭРХ АШГИЙГ ДЭЭДЭЛЖ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ЭВ НЭГДЛИЙГ ЭРХЭМЛЭНЭ
Монголын ард түмэн бол миний дээд шүтээн. Өнөөдөр улс төрийн намууд худал хэлж, хоосон амалж, ард түмнээрээ эрээ цээргүй тоглож, тархи толгойг нь дэндүү ихээр угааж байна. Монголын ард түмний амин эрх ашиг, Монгол Улсын үндэсний эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэж, эрх чөлөөг баталгаажуулна.
Дөрөв. МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ БАХАРХАЖ, МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ
Монгол газар шороон дээр Монгол хүн болж төрсөн нь та бидний бахархал. Хөх Монголын хөх толбот монголчууд бид эзэн Чингис хааны үр сад, үргэлжлэл нь мөн. Туурга тусгаар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх нь Монгол хүмүүн болж төрсний их хувь заяа. Монголынхоо төлөө зүтгэнэ. Хамтдаа зүтгэе.
Тав. МОНГОЛЧУУД БОСОО ЗАЯАТАЙ, БОСОО БИЧИГТЭЙ, БОСОО ТӨРСӨН ТЭНГЭРЛЭГ АРД ТҮМЭН
Монгол хүний үнэлэмжийг даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт огт эргэлздэггүй. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн. Би ард түмнээ ажилтай, ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгож, ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. Өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн өвгөдийн ач, буяныг санан хариулж тэдний амар тайван амьдрах нөхцөлийг хангах ёстой.
Зургаа. МОНГОЛ ХҮН МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ЭЗЭН НЬ БАЙНА
Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байна. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.
Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой.Та бид энэ улс орны эзэд. Монголчууд та бид толгой дээгүүр эрхэмсэг аж төрөх хувь тавилантай тэнгэр заяат ард түмэн мөн.
Долоо. АМ БА АЖИЛ, ҮГ БА ҮЙЛ ХЭРГИЙН НЭГДЛИЙГ ХАНГАНА
Эзэн хүнд эрхэмлэх нандин зүйлс гэж байх учиртай. Энэ бол ам ажлын болоод үг ба үйл хэргийн нэгдэл юм. Хэлсэн бол хийдэг байцгаая. Хуурдаг байж таарахгүй. Худал хэлж бүр ч болохгүй. Монголын “За бол андгай буйзаа” хэмээн өвөг дээдэс минь сургамжлан гэрээсэлж үлдээсэн билээ.
Бидэнд Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө, ард түмнээрээ хэлэлцүүлэн баталж хэрэгжүүлэх, ирээдүйн Их Монголыг бүтээх Үндсэн хуулийн цогц төсөл бий.
Найм. ЭХ ОРНЫХОО ӨМНӨХ ТУЛГАМДСАН ЗОРИЛТУУДЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
Та бидний өмнөх тулгамдсан зорилт бол өчигдрөөсөө сургамж авч, өнөөдрөө зөв тунгааж, маргаашийн ирээдүйгээ үндэслэлтэй өөдрөгөөр төлөвлөн бүтээх явдал мөн.
Хариуцлагагүйн зуднаас үтэр түргэн салцгаая. Сахилга, хариуцлага, зохион байгуулалтыг нэвтрүүлцгээе!
Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, хот суурин газрыг үндэсний үйлдвэрлэлийн цогцолборууд болгон хөгжүүлцгээе!
Ажилгүйдлийг арилгаж, ард түмнээрээ нэгэн санаагаар зүтгэж, төрийг түмэнд үйлчилдэг болгоё!
Монголын нийгэм дэх чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээг нэмэгдүүлж,үндэстэн ястны хөгжин цэцэглэх баттай суурь мөн гэдэгт итгэн тэмүүлцгээе!
Эв нэгдлийг эрхэмлэн батжуулцгаая!
Ес. МЯНГАНЫ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ
Та бидний, бүх монголчуудын хөгжлийн их аян юм. Эх орны минь жаргалын замын эхлэлийг тавих Их аян юм. Энэ их аяныг, Монголын хөгжлийн “Мянганы их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлцгээе. Монголчууд улс эх орныхоо жинхэнэ эзэд нь болно. Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж өсч нэмэгдэнэ. Монгол Улс түргэн хурдацтай хөгжинө, тусгаар тогтнол нь бэхжин батжина.
Монголоороо бахархаж Монгол Улсаа хамтдаа хөгжүүлцгээе.
Энэ бол миний чин сэтгэлийн есөн хүсэл, хийж хэрэгжүүлэх ёстой есөн гол зорилт мөн! |
МАН-аас нэр дэвшигч М.ЭНХБОЛД
ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ, МОНГОЛ БАХАРХАЛ
Монгол гэрийн олон бүрдэл хэсгийн оргил нь тооно билээ.
Нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг баталгаажуулах, эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгоно.
Үндэсний бахархал, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгосон иргэн төлөвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
Хууль дээдлэх зарчим, шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт нь үндэсний эв нэгдлийг хангах бат бэх суурь гэж үзнэ.
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тэнцвэртэй, харилцан ойлголцсон улс төрийн зөвшилцөлийг хуулийн хүрээнд хангана. Иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.
Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина.
Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай болгоно. Улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог шинэчилнэ.
Үндэсний уламжлалт арга барилд тулгуурлан хүүхдийг монгол хүн болгон төлөвшүүлэх дүрэм боловсруулж, мөрдлөг болгох зарлиг гаргана.
Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэшсэн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.
ХАРИУЦЛАГАТАЙ, ШУДАРГА, ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ
Монгол гэрийн хана туурга хамаг бүхнийг хамгаалан нөмөрлөх үүрэгтэй.
Засаглалын төгөлдөршил, төрийн хариуцлага, хяналт тэнцлийг боловсронгуй болгох, тогтвортой байдлыг хангах шаардлагад үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээсээ асууж шийдвэрлүүлнэ.
Төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Төрийн албан хаагчдыг зөв хандлагатай, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, бүтээмжтэй болгох, ажлын арга барилын шинэ соёлыг бүх түвшинд хэвшүүлнэ. Ажиллах орчин, нийгмийн баталгааг нь сайжруулах бодлогыг тууштай дэмжинэ.
Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Авлига бол манай нийгмийн хорт хавдар. Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй хэмээн хатуу тэмцэнэ.
Төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоо, байршуулах, сэлгэн ажиллуулах, дэвшүүлэх үйл явцад нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жигд хангах захиргааны шударга зарчмыг харгалзана.
Иргэдэд ялгавартай хандаж, хүний эрх зөрчсөн, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бүх шатны шүүгч, прокурор болон бусад холбогдох албан тушаалтанд оногдуулах хариуцлагыг чангатгах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана. Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно.
Шүүгчдийг сонгон шалгаруулахад нөлөөллөөс ангид, мэргэшил, ёс зүй, зан суртахууны төлөвшлийг шалгуур болгох, шүүгч бүр дээр үнэлгээ өгөх, үүрэг хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тогтоох замаар хууль дээдэлсэн, шударга, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
Бүс нутаг, олон улсын цагдаа хүчний байгууллагуудтай илүү нягт, идэвх уялдаатай хамтран ажиллаж улсад их хэмжээний хохирол учруулаад гадаадад оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилж, эргүүлэн эх оронд нь авчрах ажиллагааг дэмжиж ажиллана.
Ажил үйлс, авьяас чадвараа шударгаар, ил тод үнэлүүлэн шагнуулах боломжийг иргэн бүрт олгож, шагналын нэр хүндийг өсгөнө.
ЭРҮҮЛ, БОЛОВСРОЛТОЙ, ЭРХ ТЭГШ, ЧИНЭЭЛЭГ МОНГОЛ ХҮН
Унь мод урт богино байдаггүй. Унь бүрийн толгой тэнгэрт тэмүүлж, тооно тойрон уулздаг.
Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амаа өсгөх, гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг чухалчилна.
Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг боловсронгуй болгон, менежментийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх бодлого санаачлан Засгийн газарт чиглэл болгоно. Эрүүл мэндийн салбарын техник, технологи, орчныг сайжруулах, эмч ажиллагсдын ур чадвар, зөв хандлага, хариуцлага, үр дүнг чухалчлах бодлогыг дэмжиж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийг шаардаж ажиллана.
Ерөнхий боловсролыг тогтвортой төрийн бодлогоор дэмжих, нэн ялангуяа байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргах, монгол хүний дэлхийд өрсөлдөх суурийг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг дэмжинэ. |
АН-аас нэр дэвшигч Х.БАТТУЛГА
ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ
Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна.
НЭГ. Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна
1.1.4. Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалж, Монгол бахархал шингэсэн нүүдлийн соёл иргэншлийг хүн төрөлхтний үнэт зүйл болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах
1.2. Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн бүтээнэ.
Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төрт ёсны оршин тогтнолыг чандлан хамгаалж, талцал, хуваагдлын эсрэг эвлэрэн нягтарсан, хүчирхэгжин мандсан, эв нэгдэлтэй Монголын төлөө манлайлан ажиллана.
ХОЁР. Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна.
2.1. Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдэлнэ.
Монгол Улсад хүний язгуур эрхийг дээдэлж, хэнийг ч үл ялгаварлан иргэнээ хамгаалсан хуулийн засаглал бүхий, хариуцлагатай, нээлттэй, ил тод, тунгалаг төрийн үйлчилгээг төлөвшүүлэх зарчим баримтална. Хүний эрх, эрх чөлөө, баялаг бүтээгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, төрийн тогтвортой бодлогоор урамшуулан дэмжихийг эрмэлзэж ажиллана. Үүнд:
2.1.2. Ил тод, шударга сонгон шалгаруулалтаар төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлж ажиллахыг бүхий л талаар дэмжинэ. Улс төрийн сонгуулийн үр дүнгээр төрийн албан хаагчдыг хоморголон халах үйлдлийг шийдвэртэй таслан зогсоох эрх зүйн орчин бүрдүүлэн бэхжүүлэх улс төрийн манлайлал гаргаж ажиллах;
2.1.3. Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийн төлөө бодлого, санаачилга гарган ажиллах;
2.2.1. Монгол хүний оюуны үнэ цэнэ шингэсэн туурвил, бүтээлийг бодитой үнэлэх, түүний үнэлэмжийг нэмэгдүүлсэн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих;
2.2.2. Монгол түмний уламжлалт ёс заншил, язгуур өв, нүүдлийн соёл иргэншил, үндэсний болон сонгодог урлагийг төрийн ивээлд байлгах, тэдгээрийг сурталчилсан монгол контентыг дэмжин хөгжүүлэх, олон улсын зах зээлд гаргах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
2.2.3. Хүүхэд, залуусыг ёс зүйтэй, эх оронч үндэсний үзэлтэй, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын төвд тавих, шинэ зууны хурдтай хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэх, интернэтийн дэд бүтцийг олон улсын жишигт хүргэж, эх орныхоо аль ч өнцгөөс дэлхийтэй холбогдон суралцах буюу ажиллах боломжийг нь нээн өгөхийн төлөө идэвх санаачилга гарган үүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих;
2.2.4. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх бүх санаачилгыг дэмжих;
2.2.5. Цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхэд бүрд төрөөс боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;
2.2.6. Мэргэжлийн боловсрол эзэмшигч залуучуудыг дэмжсэн төрийн бодлогыг улам боловсронгуй болгох, санал санаачилга гаргах;
2.3. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, спортыг дэмжинэ.
Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллана. Үүнд:
2.3.1. Анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжиж, монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломж бололцоо бүрдүүлэхийг дэмжих;
2.3.2. Иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсын жишигт нийцсэн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төвүүдийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжих;
2.3.3. Урьдчилан сэргийлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд даатгалаараа чийрэгжүүлэх төвүүдэд хичээллэх боломж бүрдүүлсэн эрх зүйн орчин бий болгохын төлөө ажиллах;
2.3.4. Аливаа төрлийн өвчлөлийг бууруулах, өвчлөлийн тэргүүн эгнээнд буй хавдар, зүрх судасны өвчнийг эрт оношлох, халдварт болон халдварт бус өвчний эрсдлийг бууруулах, эрүүл амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжих;
2.3.5. Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах;
|
Сэтгэгдэл (52)