24tsag.mn Хонгор нутгийн “Хоточ ноход”-ын талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Энэ мэдээллийг бэлтгэхийн учир өнөөдрийн нийгэмд дуулиан тариад буй асуудлын эргэн тойрон дахь холбогдогч эзэд нь бүгд Баянхонгорынхон байгаа юм. Тухайлбал, “Төмөр зам”-асуудлаар нийгэмд дуулиан тариад буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, МҮҮН-ийг мөшгиж буй цэнхэр үст Э.Цэрэндолгор гэх мэт дуулианы эзэд Баянхонгорынх.
Үүнээс өмнөх үед бол хэрүүлч, заргач, шударга, хурц үгтэйгээрээ алдартай Д.Сосорбарам гуай Баянхонгорынхоны бахархал болж байлаа. За тэгээд "Хэлье" гэсэн үгээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг Т.Галсан, чимээгүй сууж байгаад хурц, хатуу үгээрээ ангийнханыгаа намначихдаг УИХ-ын гишүүн Д.Ганбат, намынхаа даргыг баярын хурлын үеэр олны элэг доог болгож, дүрмийн бус гэдгийг нь илчилж чадсан АН-ын залуу гишүүн Д.Мөнх-Эрдэнэ гэх мэт дуулианы эзэд бүгд Хонгор нутгийнх байгаа нь сонирхолтой.
Тэднийг Хонгор нутгийнхан “хоточ банхар” хэмээн нэрлэдэг бөгөөд үргэлж хүндэлж, дэмжиж иржээ.
ШУЛУУН, ШУДАРГААРАА ЗАРТАЙ Д.СОСОРБАРАМ ГАВЪЯАТ
МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам бол жүжигчин, дуучин, шүлэгч, улстөрч, уран илтгэгч гэх мэт цадиггүй авьяас бүхнийг энэ биедээ авсан хүн. Гэхдээ бид түүний улс төрчийн дүрийг энд тодотгоё. Тэрбээр Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхны 13-ын нэг. Тиймээс ч Ардчилалын үйл хэрэгт гар бие оролцдогоос гадна нам дотроо идэвхтэй дуугардаг нэгэн юм. Бас Баабар, Р.Амаржаргал нар шиг намаа ширүүхэн шүүмжилж чаддагаараа зартай нэгэн. Тэрбээр Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойгоор АН-ыг хулгайч нарын нам болсон хэмээн зарлаж, “Бид 24 жил алдаж, онож, хольж, хутгаж явсан. Одоо Ардчилсан намын дотор баахан ашиг хайсан, сул аргаар амьдрах гэсэн, зусар бялдуучлал, хээл хахуульд орооцолдчихсон, газрын наймаачид, гэмт хэргээс өөрийгөө аврах гэсэн, авруулах гэсэн хүмүүс шигчдихсэн байна. АН хулгайч нарын нам болсонд сэтгэл минь зовж, их ч шаналж явна. Яаж намаа цэвэрлэж авах вэ. Нэр хүнд нь унасан, бохир нөхдүүдийг бүгдийг хөөж явуулж байж сая санаа минь амарна” гэж хэлж байв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг экстремист үг хэлж, жүжиг тавьдаг хэмээн шүүмжилж явсан удаатай. Энэ мэт олны дунд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил, цагаан шүүмжилж, алдаа оноог нь хэлж чаддагаараа алдартай нэгэн юм. Зусарч, бялдууч бус шулуун, шударга, хурц, дайчин зан чанараараа тэрбээр монголчуудын эртний танил билээ. Яг л “Илүү сартай зун” киноны Галаа шиг.
БИЛЭГ ТАНХАЙ ЯРУУ НАЙРАГЧ Т.ГАЛСАН
Улс төр, нийгмийн үйл амьдралыг хатуу шүүмжилдэг түүнийгээ уран бүтээлдээ хүртэл тусгадаг хүн бол билэг танхай яруу найрагч Т.Галсан юм. Журмынх нь нөхөд "Т.Галсан гуайн амнаас худал, хуурмаг, бялдуучилсан, долигносон үг унахыг сонсож байгаагүй" хэмээн хэлж байсан удаатай. Тэрбээр мөн хонгор нутгийн хүндтэй хүмүүсийн нэг. Түүний намтарыг бичихэд үг илүүдэм билээ.
МҮҮН-ТЭЙ ҮЗЭЛЦСЭН Э.ЦЭРЭНДОЛГОР
Бас л шулуун дайрчихдаг зантай энэ эмэгтэй олны анхаарлын төвд ороод удаж байна. Сүүлийн үед МҮҮН-ий шашины урсгалыг хурцаар шүүмжилж байгаа тэрбээр аялал жуулчлалын “Цэрэн турс” ХХК-ийг 20 жилийн өмнө үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. МҮҮН гэх шашины урсгалаар улс төрчдийг сандаргаад авсан тэрбээр цаашид ч уг асуудлыг хөндөж, монголын нийгмээс арилтал нь үзэлцэнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Зөв, буруугийн аль нь ч байсан тэр хурц шүүмжлэгч мөнөөсөө мөн билээ.
ОДООГИЙН ХОЁР БУЮУ УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА, Д.ГАНБАТ
2012 оны УИХ-ын сонгуулиар намдаа хоёр суудал авчирч чадсан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар хонгор нутгийн улс төрчид. УИХ-ын гишүүн Х.Баттулга МоАХ-г тэргүүлдэг бол Д.Ганбат гишүүн “цэрэг” нь юм. Харин УИХ-д бол Д.Ганбат гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга.
“Техник импорт” компанийн захирлаас УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болтлоо суга дэвшсэн тэрээр Эрүүгийн хууль, Өршөөлийн хуулиуд батлагдахад голлох үүрэг хүлээж ажилласан байдаг. Хамгийн сүүлд Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилан УИХ-аар батлуулсан. Үндсэн хуулийн цэцээс гарсан 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн найман хувийн зээлээ зогсоосон байсан нь дээрх хууль батлагдсанаар тайлагдаж барилгын компаниуд барьсан байраа борлуулах, иргэд орон сууцтай болох боломж дахин бүрдсэн юм. Харин Сонгуулийн хууль шинэчлэгдэн батлагдахаас урьтаж тойргийнхондоо 40-ийн бидон үнэгүй тараасан нь багагүй шуугиан дагуулсан билээ. Гэхдээ 40 бидон малчдад ихээхэн хэрэгтэй эд мөн л юм. Тэрбээр чимээгүйхэн сууж байгаад ангийханыгаа хатуухан, үнэн үгээр шүүмжилчихдэгээрээ алдартай. Ямар сайндаа байнга охид, хүүхнүүдийн зургийг дарж явдаг М.Зоригт сайдын яамыг порно студи хэмээн хэлж байхав.
ЗӨВД ЗӨӨЛӨН БУРУУД ХАТУУ Г.ЗАГДАА
Эрх баригчдыг ичээгээд байгаа хүн бол Г.Загдаа. Тэрбээр “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг тэргүүлдэг бөгөөд эл төвд алдаж оносноосоо болж “аавын хаалга” татсан, хүмүүжээд суллагдсан, харж хандах хүнгүй, архинд орж амьдралгүй болсон гээд нийгмийн бүхий л эмзэг давхаргад байсан хүмүүс суралцаж, үйлдвэрлэл эрхлэн, амьдралын төлөө зүтгэж, нийгэмшиж байна.
Алдаж онодог нь хүний амьдрал хойно хоёр нийгмийн золиос болж архинд орж, амьдралаа алдсан хүмүүс манай улсад нэлээд байдаг ч нийгмээс тусгаарлагдсан тэдгээр иргэдэд төрөөс хүрэх тусламж үйлчилгээ тэр бүр байдаггүй. Байдаг хэд нь үнэхээр тэдний ирээдүйд хэрэг болж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй. Харин нэг олдсон амьдралаа бусдын төлөө зориулан, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Ш.Загдаа гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Тэрбээр бас л Хонгор нутгийн хүү. Зах зээлийн үед бага хэмжээний бизнес эрхэлдэг байсан нийгмийн эмзэг бүлийн хүмүүс олноор төрөх болсон 2000 оноос тэднийг хүмүүжүүлдэг, хүнлэгээр хүлээн авч засдаг гэр бүлийг бүтээхсэн хэмээн бодсоор явжээ. Ингээд зургаан жилийн дараа 2006 онд энэхүү хүслээ биелүүлж байгууллагынхаа үйл ажиллагааг эхлүүлсэн гэдэг.
БОСОО С.ГАНБААТАР
ХҮН хэмээх гуравдагч хүчнийг толгойлж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн л Хонгор нутгийн хүүхэд. Сүүлийн үед МҮҮН-чин хэмээн цоллуулж, ХҮН-ын дарга мөн, биш хэмээх дуулианы эзнээр тодроод буй. Анх фенг шүй-гээр танигдаж, улмаар эрх баригчдын хууль бус үйлдлийн эсрэг тэмцлээр улс төрийн гараагаа эхэлсэн түүхтэй. Жагсаал цуглаах хийсэн үедээ үнэхээр "Улаан дарцаг" болж чадаж байсан учраас олны анхаарлын төвд онилогдсон хэрэг. Түүний байгуулсан хамгийн том гавъяа нь "Үндэсний соёмбо" хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважавтай хамтран барилгын бизнес эрхлэгчдийн булхайг дэлгэсэн нь. Тодруулбал илүү кв метрээр иргэдийг завшиж байсан булхайг илрүүлэн хохирогчдын хохирлыг барагдуулсан юм. Тэр бол заргалдах, хэрэлдэхдээ гарамгай. Түүний заргач, хэрүүлч гэдэгтэй маргах хүн үгүй биз. Товчхон дүгнэн хэлбэл улс төрийн сонирхолтой фигур яах аргагүй мөн юм.
ЗАРТАЙ ЗАРГАЧ ЖЕНКО
УИХ-ын гишүүн Х.Баттулга тус тойрогт 2004 оны УИХ-ын сонгуулиас эхлэн гурван шатны сонгуульд ялалт байгуулсан. Анх “Эх орон ардчилал” эвслээс нэр дэвшин өрсөлдөж байсан бөгөөд 2008 оны сонгуульд тэрээр Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Б.Батбаяр, МАН-аас өрсөлдсөн Г.Занданшатар нарын хамтаар УИХ-д сонгогджээ. С.Баярын тэргүүлж байсан хамтарсан Засгийн газарт Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд, Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар тус тус томилогдон ажилласан. Давхар дээлээ тайлах Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжин 2013 онд сайдынхаа суудлаас татгалзсан. Сайдаар ажиллах он жилүүдэд нь ипотекийн зээлийн суурь тавигдаж, эхний ээлжинд 4000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжсэн бол “Шинэ сум” хөтөлбөр анхлан Баянхонгор аймагт хэрэгжихэд гол нөлөө үзүүлсэн хүн юм. Тэр бол хэзээнээсээ мужик, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг нэгэн юм.
АН-ЫН ОРЧИН ЦАГИЙН ШҮҮМЖЛЭГЧ
Сүүлийн жилүүдэд АН дотор зүрх, зоригтой хурц шүүмжлэгч төрсөн нь тус намын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэмээх залуу юм. Зүрх, зоригтой хэмээн тодотгохын учир нь тэрбээр намынхаа дүрмийн бус дарга болон Ерөнхий нарийн бичгийг “Дүрмийн бус” хэмээн хайр, найргүй шүүмжилж, намынхаа баярын хурал дээр эсэргүүцлийн лоозон барьж бужигнуулсан нэгэн. Намын залуу гишүүдийн тухайд намынхаа бодлогыг л тоть шиг давтах, эсвэл аялдан дагалдагч маягаар хэн нэгний халаасны хүнээр тодорч гарч ирдэг жишиг бий гэхэд хилсдэхгүй. Энэ жишгийг тойрон шударга үнэний төлөө хэмээн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэн гарч ирсэн тэрбээр яах аргагүй Хонгор нутгийн “Хоточ банхар”-ын нэгээр нэрлэгдэж байна. Түүнийг намын даргыгаа шүүмжилсэн хэмээн туслах бүсгүйг нь АТГ-аас саатуулж байсан удаатай. Үүнээс үзвэл түүний шүүмжлэл байгаа олж, эзэндээ хүрч чадсан л байгаа юм.
Баянхонгорчуудад ийм нэг ижил, зан төрх байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (60)