Хамгийн богинохон хугацаанд ард түмний итгэлийг олж, парламентад хүртэл суудалтай болсон ХҮН намыг тойрсон дуулиан хэсэг үргэлжиллээ. Энэ намын төлөөллийн төв байгууллага болох төв хороо нь маргааш хуралдаж энэхүү асуудалд цэг тавих аж.
Нам дотроо маргаан үүсгэсэн Т.Доржханд нь С.Ганбаатарын тушаалаар генсекийнхээ албан тушаалаас чөлөөөлөгдсөнтэйгээ үл эвлэрч хэсэг нөхдийн хамт тэмцэл өрнүүлж буй бөгөөд намынхаа листийг үнэ хүргэн зарах гэсэн хэмээн журмын андууд нь буруутгаж байгаа юм.
Түүний энэхүү тэмцлийг намын 30 гаруй гишүүн дэмжиж байгаа бөгөөд энэ нь хожим байгуулагдсан ч олон мянган гишүүнтэй болсон намын хувьд тун чамлалттай тоо аж. Намын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явж буй бөгөөд аль болох хүлээцтэй хандан асуудлыг эв зүйгээр шийдэхээр хичээж буй талаар зохих албан тушаалтан тайлбар өгсөн хэдий ч Т.Доржхандыг огцруулсан нөхдийнх нь зүгээс ёс зүйгүй, дүрэм болон тангарагаа биелүүлээгүй гэхээс өөр тайлбар хийгээгүй.
Эх сурвалжын мэдээлснээр дээрхээс гадна өөр учир шалтгаан ч буй бололтой. Өмнө нь АНУ-д Олон улсын валютийн санд ажиллаж байсан хүний хувьд Т.Доржхандын зүгээс баримталж байсан хэт барууны бодлого, хандлага нь С.Ганбаатарын олон жил явуулж ирсэн тэмцэлд харшилж, үүнийг анзаарсан журмын нөхөд нь асуудлыг шийдвэрлэхээр хичээсэн боловч Т.Доржханд хүлээж аваагүй аж.
Хөгжиж буй орнуудад бодлогоо хүчээр тулгадаг, байгалийн баялгийг нь хямд үнээр аван өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ ямарваа нэг хязгаарлалтгүй шахдаг гэж олон жил шүүмжлүүлсээр ирсэн ОУВС-ийн ажилтан байсны хувьд Т.Доржханд нь аливаа асуудлыг мөнгөөр шийдэх эрмэлзлэлтэй байсан нь тус намын залуусын шүүмжлэлтэй олон удаа тулгарчээ. УИХ-ын гишүүн Г.Уянга нэгэнтээ "ХҮН-д гадны бодлого байж магадгүй" гэж хэлсний учир ч Т.Доржхандтай холбоотой юм байна.
Ингэхлээр С.Ганбаатарын Оюу толгой, Тавантолгойг ард түмэнд өгөх тэмцлийн үйл ажиллагаа саадгүй явах бололтой. Харин ХҮН-ын шинэ генсек маргааш тодрох нь ээ.
Д.Болд
Сэтгэгдэл (24)