АНУ-ын Нью-Йорк хотын Куинс дүүрэг дэх мөрийтэй тоглоомын төвд 400 хүн оролцсон том зодоон боллоо хэмээн “Dailymail” мэдээлжээ.
Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр хоёр нөхрийн маргаанаас эхэлсэн зодоон олон хүнийг хамарч талцахад хүргэжээ. Оролцогчид гартаа таарснаар зэвсэглэн нударга зөрүүлж бие биенээ шилэн аяга, лонх, сандлаар шидэлсэн байна.
Хууль сахиулагчид зодоон эхлүүлсэн болон талцаж нүдэлдсэн хүмүүсийг нэрлээгүй ч уг хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн баривчилсан байна. Тэднийг гэм буруутайг нотлох бичлэг ч казиногийн камерт бичигдэн үлдсэн байсан аж.
Хэрэг явдал болсон “Resorts world” казиногийн захирал “Бид болсон явдлыг ая зүйгээр зохицуулж, дахин давтуулахгүй байх бүх талын арга хэмжээ авна” хэмээн мэдэгджээ.
Г.Үжин