Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнууд 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэн орж, өндөр албан тушаалтнууд нь тус конвенцод гарын үсгээ зурснаар арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн албан ёсоор тунхаглажээ. Манай улс тухайн 2005 оны аравдугаар сарын 27-нд конвенцыг соёрхон баталснаар авлигын эсрэг олон улсын үйл ажиллагаанд нэгдсэн юм.
Энэ өдрийг тохиолдуулан иргэд, олон нийтийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, үйл ажиллагааны мэдээллээ илүү нээлттэй, ил тод, шуурхай, хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Авлигатай тэмцэх газар цахим хуудсаа шинэчилжээ.
Та бүхэн шинэчлэгдсэн цахим хуудаснаас Авлигатай тэмцэх газрын өдөр тутмын үйл ажиллагааны мэдээ, мэдээллүүдийг хүлээн авахаас гадна авлигатай тэмцэх чиглэлээрх статистик мэдээллүүдтэй жил, улирал, сар, долоо хоногоор танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомж таниулах сургалтын захиалгаа цахимаар өгөх боломжтой. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн бүх төрлийн хэвлэмэл материал болон соён гэгээрүүлэх контентыг шууд татан авахын зэрэгцээ “Дан” системээр нэвтэрч авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл өгөх боломжтой.